Хүний эрхийн үндэсний комисс/ХЭҮК/-ын реферэнт А.Энхбаатартай ярилцлаа.
-Хүүхдийн эрхийг хамгаалах асуудалд ХЭҮК ямар бодлого, чиг үүрэгтэй ажиллаж байна вэ. УИХ-аас хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар олон хууль, тогтоол батлагдсан байдаг ч хэрэгжилт хангалтгүй, анхан шатны нэгжүүд уялдаа холбоотой ажиллаж чадахгүйгээс хүч нь тарамдаж, эцэстээ хүүхэд хохирогч болж байх шиг?
-Хүүхдийн эрх гэр бүлийн орчинд хамгийн их зөрчигддөг. Шалтгаан нөхцөлийг тодруулах зорилгоор бид есдүгээр сарын 5-20-ны өдрүүдэд Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан зэрэг баруун аймагт ажиллаж, хяналт шалгалт хийлээ. Нэн ялангуяа хүүхдийн эрхийг хамгаалах хүрээнд хуулиар чиг үүрэг хүлээсэн байгууллага хоорондын хамтын ажиллагаа, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн аюулгүй байдлыг хангах түр хамгаалах байрны нөхцөл байдлыг шалгаж, зарим зөрчлүүдийг арилгуулах арга хэмжээ авлаа. Мөн гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хохирогчийг хамгаалах, сэтгэлзүйн зөвлөгөө өгөх чиг үүрэг бүхий сум, багийн хамтарсан багуудын ажил байдалтай танилцсан. Зорилго нь гэр бүлийн хүчирхийллийн шалтгаан нөхцөлд дүн шинжилгээ хийх юм.
ХЭҮК-оос хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлд холбогдох газруудад зөвлөмж, шаардлага хүргүүлж эхлээд байна. Түүнчлэн хүүхдийн төдийгүй хүний эрхийг хамгаалах чиглэлийн хууль, эрхзүйн хэрэгжилтэд хяналт тавьсан дүгнэлт, илтгэлээ жил бүр УИХ-д танилцуулдаг.
Өнгөрсөн хугацаанд нийт 19 удаагийн илтгэлээс 14 нь хүүхдийн эрхийн тухай асуудлыг хөндөж хууль тогтоох байгууллагад өргөн мэдүүлсэн. Тэр тусмаа хүүхдийн зөрчигдсөн эрхийг сэргээхтэй холбоотой асуудлуудыг илтгэлд тусгаж байсан.
УИХ-аас ХЭҮК-ын танилцуулсан илтгэлийг хэлэлцээд, шаардлагатай тохиолдолд хууль тогтоомжид өөрчлөлт оруулдаг.
-Хүүхдийг хүчирхийллээс хамгаалах чиг үүрэгтэй хамтарсан баг зорилтот бүлэгтээ хүрч ажиллаж чадахгүй байна гэх асуудал яригдах боллоо. Орон нутагт эрсдэлтэй бүлгийг гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлж, хохирогчийг хамгаалж чадаж байна уу?
-Дэлхий нийтийг нөмөрсөн цар тахлын үед улсын хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэргийн статистик мэдээллийг харахад гэр бүлийн орчинд хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн тоо өссөн. Энэ төрлийн гэмт хэрэг Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан аймагт өссөн дүнтэй байгаа юм. Нөхцөл байдлын үнэлгээ хийхэд хуулиар үүрэг хүлээсэн байгууллагууд буюу хамтарсан багийн үйл ажиллагаанд хэд хэдэн зөрчил илэрсэн. Хамтарсан баг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх төсвөө батлуулсан байх ёстой ч нэг ч төгрөгийн төсөв тусгагдаагүй. Мөн хохирогчийг хамгаалах үйлчилгээний зардлыг төсөвт тусгах ёстой ч батлаагүй байна. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зардалд нэг ч төгрөг тусгаагүй байна. Энэ бол хууль огт хэрэгжээгүй гэдгийг харуулж байна.
Нөгөө талаас, хүний эрхийг зөрчсөн зөрчил гэмт хэргийн тоо, хамтарсан багаас хохирогчийг хяналтад авсан тоон үзүүлэлт хоорондоо тэнгэр газар шиг зөрүүтэй байна. Тухайлбал, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зөрчлийн хэргээр нийт 58 хүнд хариуцлага тооцсон байхад тус сумын хэмжээнд хохирогчдыг хамгаалах үйлчилгээнд хамрагдсан найман л иргэн байсан.
Уг нь хамтарсан баг цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл ирэхтэй зэрэгцэн ажлаа хийдэг, цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн мэдээллээс давсан тоон үзүүлэлтээр хохирогчийг хамгаалах үйлчилгээ үзүүлэх ёстой. Хамтарсан баг гэр бүлийн хүчирхийллийн зөрчил, гэмт хэрэг эсэхээс үл хамаарч эрсдлийн үнэлгээ хийж, хохирогчид сэтгэл зүй, эрхзүйн зөвлөгөө өгч, эрүүл мэндийн тусламж, шаардлагатай тохиолдолд эрүүл мэндийн нэгдсэн эмнэлэг рүү холбон зуучлах үйлчилгээг үзүүлэх үүрэгтэй атал ийм ажил огт хийгдээгүй. Энэ бол төрийн байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагаа огт байдаггүйн хамгийн тод жишээ. Үүний цаана хохирогчийн эрх зөрчигдөж, хуульд заасан үйлчилгээг авч чадахгүй байна.
-Зөвхөн орон нутагт ч биш нийслэлд гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хохирогчийг хамгаалах ажил хангалтгүй байгаа юм биш үү. Үүний тод жишээ нь, саяхан нийслэлийн Баянзүрх дүүрэгт есөн настай хүүхэд харамсалтайгаар амь насаа алдлаа?
-Бид 21 аймаг есөн дүүргийн хэмжээнд хамтарсан багийн үйл ажиллагаа болон хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ажлыг арваннэгдүгээр сарын 5-н хүртэл хийнэ. Дараа нь, хяналт шалгалтын дүнгээ гаргана. Ер нь орон нутагт гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажил хэрэгждэггүй, хохирогчийг хамгаалж чадахгүй байгаа учраас цоожтой хаалганы цаана үйлдэгдэж буй гэмт хэрэг далд үйлдэгдсээр даамжирч, эцэст нь хүүхдийн, хүний эрүүл мэнд, амь нас хохирч байна. Төрийн байгууллагуудын уялдаа холбоогүй байдлаас үүдэн хохирогчдын тоо өсч байна.
-Эрсдэлт бүлэгт байгаа хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр ХЭҮК-оос төрийн байгууллагуудтай хэрхэн хамтарч ажилладаг вэ?
-Хүүхдийн эрх зөрчигдөх, гэр бүлийн хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулдаг тодорхой төрийн байгууллагын бүтэц бий. Улсын хэмжээнд бодлогын түвшинд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулдаг нэгж нь Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл. Хоёрдугаарт, хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүргийг засаг захиргааны нэгж бүрт төлөвлөдөг газар бол хамтарсан баг. Харин цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг үйлдэгдсэн тохиолдолд таслан зогсоож, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа явуулна. ХЭҮК бол хуульд заасан чиг үүргийн хэрэгжилттэй холбоотой асуудалд хуулиар хүлээсэн албан тушаалтан үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа асуудалд дүн шинжилгээ хийж, холбогдох этгээдүүдэд ажлаа засан сайжруулахыг зөвлөж, шаарддаг чиг үүрэгтэй. Энэ дагуу хуулийн хүрээнд бид хяналт шалгалтын ажлаа хийж байгаа юм.
-Хүүхдийн эрх зөрчигдсөн асуудлаар танай байгууллагад хэр их гомдол ирж байна?
-Хүүхдийн эрх зөрчигдсөн асуудлаар гомдол мэдээлэл маш бага ирдэг. Энэ оны есөн сарын байдлаар нийт 507 гомдол мэдээлэл бүртгэгдснээс 21 нь хүүхдийн эрх зөрчигдсөн асуудал байгаа юм. Яагаад ийм бага бүртгэгддэг вэ гэвэл хүүхдийн эрх зөрчигдсөн хэрэг нийгмийн хор аюулаас хамаарч Зөрчлийн болон гэмт хэргийн шинжтэй буюу Эрүүгийн хуулиар шийдвэрлэх түвшинд байдаг. Нэг ёсны ХЭҮК эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүхийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх эрхгүй гэсэн үг юм.
Хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой асуудал дийлэнхдээ харьяалал тогтоосон хүүхдийн эрхийг хамгаалах улсын байцаагч, цагдаагийн байгууллагад шилждэг. Харин манай комисст бүртгэгдсэн хүүхдийн эрх зөрчигдсөн гомдол мэдээллийн дийлэнх нь Зөрчлийн шинж чанартай. Иргэдээс ихэвчлэн хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр төрийн байгууллагууд ажлаа хийхгүй байна гэсэн гомдол ирүүлдэг.
Хамгийн сүүлд, бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх дуудлага мэдээлэлд холбогдох хуулийн байгууллага хүүхэд хамгаалах үйлчилгээ үзүүлэхгүй байна гэх гомдол мэдээлэл бүртгэгдсэн. Үүнийг бид шалгаж, тухайн хүүхдийн асуудал хариуцсан орон нутгийн байгууллагад шаардлага хүргүүлсэн. Хуулиар хүлээсэн албан тушаалтан үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа нь өөрөө хүний эрхийн зөрчил юм.
Төрийн байгууллагууд уялдаа холбоогүй ажиллаж байгаагийн тод жишээ нь, хамтарсан баг хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлдэггүй. Хүүхэд хамгааллын үйлчилгээг тухайн сум, дүүрэгт үзүүлэх ёстой атал ямар ч төсөвгүй, үйлчилгээ үзүүлээгүй. Орон нутагт нийгмийн ажилтныг мэргэжлийн бус хүн томилчихсон зэрэг зөрчил дутагдал нэлээд байна.
Энэ бол гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажил хийгддэггүй, хүүхдийн эрх зөрчигдсөн тохиолдолд хамгаалдаг үйлчилгээ байдаггүй нь хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг зөрчил өсөх үндсэн том шалтгаан болж байна.
Хувь хүний зүгээс харж байхад хэрэв амь насаа алдсан есөн настай хүүхдийг ангийн багш нь анзаарсан бол, нийгмийн ажилтанд мэдээлсэн бол, хамтарсан баг ажлаа хийсэн бол, Гэмтлийн эмнэлэгт хоёр ч удаа хандаж байхад эмч анзаарч цагдаагийн байгууллагад мэдээлсэн бол, цагдаагийн байгууллага гэмт хэргийг таслан зогсоосон бол хамгаалах боломж бүрэн байсан. Ерөөсөө л төрийн байгууллагуудын уялдаа холбоогүй байдал, албан хаагчдын хайнга зангаас болж есөн настай хүүхэд харамсалтайгаар амь насаа алдсан.
-Гэр бүлийн орчноос гадна боловсролын салбарт хүүхдийн эрх бас хамгийн их зөрчигддөг. Хүүхдийн амьдралын түвшин, хувцаслалт, гадаад төрх, сурлагаар нь багш нар ялгавартай ханддаг асуудал бий. Үүнийг ХЭҮК анхааралдаа авч, шаардлага хүргүүлж байсан уу?
-Боловсролын салбарт хүүхдийн эрх зөрчигдөж буй гомдол мэдээлэл ХЭҮК-т цөөнгүй бүртгэгддэг. Хичээлийн шинэ жил эхэлсний дараа хоёр ээлжээр хичээл явуулахад дунд сургуулийн хүүхдүүдэд подвольд хичээл зааж байна гэх гомдол ирсэн. Нөгөө талаас хүүхдийг ямар нэгэн байдлаар ялгаварлан гадуурхдаг асуудал бий. Сургалтын төлбөр төлөөгүй гэх шалтгаанаар хичээлд суух эрхийг хязгаарладаг гомдол цөөнгүй. Үүнийг хүүхдийн эрхийн зөрчил гэж үзээд холбогдох байгууллагууд хянан шийддэг. Хэрэв хүүхдийг ямар нэгэн байдлаар гадаад үзэмж, амьдралын түвшингээр нь ялгаварлаж байгаа бол хүүхдийн сурч боловсрох эрхийг тухайн багш хязгаарлаж байгаа үйлдэл юм. Энэ төрлийн гомдол мэдээллийг хуулиар хүлээсэн албан тушаалтан шалган шийдвэрлэх ёстой. Хэрэв ажлаа хийхгүй бол бид шаардлага хүргүүлдэг.
-ХЭҮК-оос нийслэлийн 29 дүгээр тусгай сургуулийн нөхцөл байдалтай танилцсан. Тус сургууль нь хэт хаалттай, багш нар хичээлээ дохионы хэлээр заадаггүй гэж эцэг, эхчүүд шүүмжилж байсан. Сургуулийн үйл ажиллагаатай танилцахад ямар зөрчил илрэв. Эцэг эхчүүдийн гомдол үндэслэлтэй байсан уу?
-Монгол Улсад 2016 оноос Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Мөн тус онд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай хууль шинээр батлагдсан. Энэ ч үүднээс нийслэлийн 29 дүгээр тусгай сургуулийн сурагчид Хүүхдийн эрхийн тухай хуулиар олгогдсон эрхээс гадна Хөгжлийн бэрхшээлтэй иргэний тухай хуулиар олгосон эрхээ эдлэх ёстой. Гэтэл тус сургуульд багш нар нь Боловсрол, шинжлэх ухааны яамнаас баталсан стандарт хөтөлбөрийн дагуу хүүхдүүдэд дохионы хэлээр хичээл заахгүй байгаа тухай гомдол эцэг, эхчүүдийн дунд яригдсан. Энэ тухай гомдол ХЭҮК-т бүртгэгдсэн.
Энэ онд хичээлийн шинэ жил эхлэхэд 29 дүгээр тусгай сургууль 18 багш шинээр ажилд авсан байгаа юм. Гэтэл шинээр ажилд орсон багш нар дохионы хэл мэдэхгүй байсан.
Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй иргэний тухай хуулиар эх хэл бол дохионы хэл гэдгийг хуульчилсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд эх хэл нь дохионы хэл. Гэвч дохионы хэл мэдэхгүй багш сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсролын стандарт хөтөлбөрт заасан хичээл заах нь зөрчил. Мөн эцэг, эхчүүд сургуулийн удирдлагатай холбоотой асуудлыг ярьсан.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ