Гандан орчмыг жуулчдын дүүрэг болгоно

Хуучирсан мэдээ: 2016.02.15-нд нийтлэгдсэн

Гандан орчмыг жуулчдын дүүрэг болгоно

Улаанбаатар хот энэ жил ирэх жуулчдын тоог 10 хувиар буюу 40 мянгаар нэмэгдүүлнэ гэсэн зорилтыг тавин  аялал жуулчлалын салбарт 3.6 тэрбум төгрөгийг  зарцуулахаар төсөвлөжээ. Өнгөрсөн жил хот 3.4 тэрбум төгрөгийг жуулчдыг татах ажилд зориулж, эргээд аялал жуулчлалын салбараас 20 гаруй тэрбум төгрөгийн орлого олжээ. 2016 онд дээрх мөнгөн урсгалыг өсгөх зорилготойгоор Монголын үндэсний түүх соёлыг түгээн дэлгэрүүлэх, олон улсад сурталчлан таниулах 25 багц ажил хийхээр нийслэлийн Аялал жуулчлалын газар төлөвлөсөн тухайгаа өнөөдөр олон нийтэд мэдээллээ. Багц ажилд Үндэсний их баяр наадмын хүрээнд зохион байгуулах урлаг, соёлын арга хэмжээ, 2015 оноос зохион байгуулж эхэлсэн “Даншиг наадам-Хүрээ цам-2016", Сонгодог урлагийн үдэш, төв талбайд зохиогддог цуврал фестивалиуд багтжээ. Жуулчдын тоог нэмэхийн тулд Зочид буудал, дэн буудлын стандартыг шинэчлэх, төрийн байгууллагуудаас зохион байгуулдаг олон улсын хурал, зөвлөгөөнийг аялал жуулчлалын бус улиралд зохион байгуулах зэрэг зохицуулалт хийхээр төлөвлөсөн байна.

Өнгөрсөн онд Монгол Улсад 385 мянган жуулчин иржээ. Үүний 92 хувь нь Улаанбаатар хотоор дамжин, орон нутгийг зорьдог байна. Тиймээс аялал жуулчлалын салбараас орох мөнгөн урсгалыг нэмэх зорилгоор НЗДТГ-аас "Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд жуулчдын мэдээлэл шуурхай авах нөхцөлийг бүрдүүлэх, хот орчмын явган аяллын гол чиглэлийг олон улсын стандартын дагуу үлгэр жишээ тохижуулах, Улаанбаатар хотын онцлог, давуу талыг тусгасан, жуулчдын хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн, шинэ үйлчилгээг гаргах зэрэг багц ажлыг хийхээр болжээ. Энгийнээр тайлбарлавал Гандантэгчинлэн хийдийг тойрсон орчныг жуулчдад зориулан тохижуулж, соёл, аялал жуулчлалын дүүрэг болгон шинэчлэх төлөвлөгөөг хот гаргасан байх юм. Мөн үндэсний ёс заншил, уламжлалт зан үйлийг хадгалсан Хуримын ордон, түүхт хөшөө дурсгалыг жуулчдад очдог газар болгон нэрлэж, эдийн засгийн эргэлтэд оруулахаар тооцсон байна.  Энэ жилийн тухайд “Хүрэл тогоот” одон орон судлалын төвийг аялал жуулчлалын эргэлтэд оруулж, цэлмэг тэнгэр, од эрхсийг жуулчдад харуулж, цаашид байнга энэ газрыг жуулчид заавал зорьж очдог, сонирхдог газар болгох арга хэмжээнүүдийг нийслэлээс зохион байгуулахаар болжээ.

Монголд ирсэн нэг жуулчин хоногт дунджаар 190 ам.доллар зарцуулдаг гэсэн судалгааг Монгол банк гаргасан байх юм. Аялал жуулчлал сайтар хөгжсөн орнууд жуулчдаас нэмэлт такс авч, аялал жуулчлалын салбараа хөгжүүлдэг байна. Монгол Улс ч энэ жишгээр ажиллахаар өнгөрсөн онд Нийслэл хотын албан татвартай болж, уг татвараас олсон орлогоо жуулчдыг эх орондоо татах төсөл хөтөлбөр, үзэсгэлэнг санхүүжүүлэхээр хуульчилсан юм.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж