Цагдаагийн байгууллагын дэргэд Хуурамч мэдээлэлтэй тэмцэх дагнах нэгж өнгөрөгч долоо хоногт байгуулагдсан. Ингэснээр цахим орчинд тараагдаж буй үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй хуурамч мэдээлэл тараах, бусдыг гүтгэх, доромжлох гэмт хэргийн шинжтэй мэдээллийг шалгах таслан зогсоох чиглэлд хяналт тавьж ажиллах юм.
Ингэснээр хүний үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарлах орон зайг хянадаг болох цаашлаад үндэсний аюулгүй байдалд нөлөөлсөн гэх шалтаг, шалтгаанаар хүний эрхэд халдах нь гэж иргэд шүүмжилж буй. Тиймээс энэ долоо хоногийн VS буландаа уг асуудлаар талуудын эсрэг, тэсрэг байр суурийг хүргэж байна.
Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ж.Амгалан:
Ерөнхийдөө цахим орчинд тараагдаж буй хуурамч мэдээлэлтэй тэмцэхэд ганц цагдаагийн байгууллага биш бүх байгууллагын оролцоо чухал.
Иргэд үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй ч хэт хэтэрвэл цаанаа улсад хор хохиролтой зүйл их явж байгаа. Жишээлбэл, 800 хятад иргэний асуудлыг цагдаа нар хяналтдаа аваад хууль журмаар нь тусгаарлах ажиллагааг зохион байгуулж байхад “Шөнийн цагаар зөөж байна” гэж цахим орчинд зориуд худал мэдээлэл тараах жишээтэй. Энэ нь нийгмээ цаашлаад иргэдийн сэтгэл зүйг хорлож байгаа юм. Энэ талаас нь хэвлэлийнхэн асуудалд хандаасай гэж хүсч байна. Үзэл бодлоо илэрхийлэх гэж байгаа бол эхлээд уншиж, судалж бодитой болгосныхоо дараа цахим орчиндоо бичих хэрэгтэй. Түүнээс биш хэн ч бодсон, санаснаа бичээд байвал нийт массдаа сөргөөр нөлөөлж, цаашлаад монголчууд ямар үнэлэмжтэй, сэтгэхүйтэй вэ гэдэг нь гадна талдаа ч харагдаж байгаа.
Монгол хүн бүр аюулгүй байдлаа анхаарах цаг нь болсон. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл ч гэсэн үүнд анхаарах ёстой. Дуртай дуртайгаа ярьж, бичдэг цаг үе ч биш. Хууль гэдэг бүхнийг хориглохын шинж биш. Засч залруулах, болохгүй байгааг нь таслан зогсоох нь хуулийн үүрэг. Тэгж байж хүний аюулгүй байдал, нийгмийн аюулгүй байдал, улсын, үндэсний аюулгүй аль аль нь хангагдана. Өөрөөр хэлбэл, судлаагүй, хагас дутуу ойлгосон зүйлээ цахим орчинд тараадаг байдлыг таслан зогсоож байж нийгэм сахилга баттай, Монгол хүн хариуцлагатай болж төлөвшинө. Аливаа мэдээллийг цахим орчинд түгээхдээ үндэсний аюулгүй байдалд халдах эсэхийг тооцож байж мэдээллээ түгээдэг тэр байдал руу орох.
Хуульч, өмгөөлөгч Б.Мэргэн
Үндэсний аюулгүй байдал гэдэгт бүх зүйлийг хамруулж болох маш өргөн ойлголт. Үндэсний аюулгүй байдал гэдгээр халхавч хийж хүний эрхийг зөрчих боломжтой. Ямар ч асуудлыг үндэсний аюулгүй байдалд хамаатуулж болно. Тэр утгаараа хүний эрхийн зөрчил рүү хүргэнэ.
Үндэсний аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсэгт хүний эрхийн аюулгүй байдал гэж хэсэг бий. Хүний аюулгүй байдлыг хангахын тулд иргэний эрх, эрх чөлөөг хангана гээд зөндөө асуудлууд яригдана. Төрийн өндөр албан тушаалтнуудын талаар цахим орчинд бичихэд мөн л үндэсний аюулгүй байдалд хамаатуулж болно. Яагаад гэвэл төрийн өндөр албан тушаалтан үндэсний аюулын байдлын тогтолцооны нэг хэсэг нь. Тийм учраас хэрэв хүсвэл юуг ч үндэсний аюулгүй байдалд хамаатуулж болох өргөн ойлголт учраас үүнийг би эсэргүүцэж байгаа.
Үндэсний аюулгүй байдалд харшилсан гэдгээр хүний эрхийг хязгаарлах тохиолдолд яг юуг үндэсний аюулгүй байдалд хамруулах юм гэдэг жагсаалтаа маш нарийн гаргах ёстой. Тэгэж хүрээ хязгаарыг нь нарийн тогтоож өгөхгүйгээр үндэсний аюулгүй байдал гэдэг зүйлээр шалтаглаж хүний эрхийг зөрчиж болохгүй.
Өөрсдийнхөө хүссэнээр бүхнийг хяналтдаа байлгах гэсэн оролдлого. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү "Үндэсний аюулгүй байдал гэдэг нь МУ-ын оршин тогтнохын аюулгүй байдал, нийгэм-төрийн байгууллын аюулгүй байдал, иргэдийн эрх, эрх чөлөөний аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдал, шинжлэх ухаан, технологийн аюулгүй байдал, мэдээллийн аюулгүй байдал, монгол соёл иргэншлийн аюулгүй байдал, хүн ам, удмын сангийн аюулгүй байдал, экологийн аюулгүй байдал, хүнсний аюулгүй байдал гэсэн бүрэлдэхүүн хэсэгтэй байна" гээд жиргэсэн байсан.
Энэ жагсаалт нь үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Үндэсний аюулгүй байдлын тухай холбогдох хуулиудад орсон бүрэлдэхүүн хэсгүүд нь. Тэр бүгдэд хяналт тавих боломж ч байхгүй. Нөгөө талаараа хүссэн мэдээллээ хяналтдаа оруулахын тулд үндэсний аюулгүй байдал гэдэг том уут руугаа оруулах гэсэн санаархал гэж харж байгаа.
Холбоотой мэдээ