Иракийн нийслэл Багдад хотоос дипломатуудаа татаж, Элчин сайдын яамаа хаахаар АНУ шийджээ. “Иракийн газар нутагт байрлах АНУ-ын цэргийн бааз болон бусад обьектыг чиглэсэн Ираны дайралтыг хориглон зогсоож чадахгүй бол Багдад дахь Элчин сайдын яамаа хаана” гэдгийг Цагаан ордны төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Иракийн Ерөнхийлөгч Бархам Салихтай утсаар ярихдаа анхааруулсан аж. Зарим эх сурвалжийн мэдээлснээр Багдадаас дипломат ажилчдаа татах бэлтгэл эхэлж, ирэх Ням гаригаас эхлэн эхний ээлжийн америкчууд Иракаас явах гэнэ. Америкийн дипломатууд Багдадыг орхисны дараа Ираныг чиглэсэн дайралт цохилтууд эхэлнэ гэж ажиглагчид дүгнэж байна.
Багдад хотын “Ногоон бүс” гэж нэрлэгдэх хэсэгт байрлах АНУ-ын Элчин сайдын яам нь дэлхий дээрх хамгийн том дипломат төлөөлөгчийн газар юм. Үүнийг 2003 оны Иракийн дайны дараа АНУ нь эзэмшилдээ авчээ. Сүүлийн хэдэн долоо хоногт АНУ-ын Элчин сайдын яамны ойролцоох барилгууд, зам дагуу тэсрэх бөмбөг бүхий халдлага гарах нь нэмэгдсэн аж. Тухайлбал, энэ долоо хоногийн эхээр зэвсэгт дайчдын харвасан пуужин айлын байшин оносноос хоёр эмэгтэй, гурван хүүхэд амь үрэгджээ. Эх сурвалжуудын мэдээлснээр пуужингийн дайралт Багдад хотын нисэх онгоцны буудлыг онилсон байв.
АНУ болон Ираны хоорондох сөргөлдөөн Дональд Трампын үед дахин хурцдаж, зэвсэгт тулгаралтад хүрлээ. Дональд Трамп нь Европын холбоотнууд болон Ирантай хэлэлцэн 2015 онд байгуулсан Тегераны цөмийн хөтөлбөрийн гэрээнээс гарч, эдийн засгийн хоригоо сэргээснээр зөрчил сэдэрсэн. Уг гэрээнд цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээгээр хүлээн зөвшөөрөгдсөн цөмийн зэвсэгтэй таван орон болох ОХУ, БНХАУ, АНУ, Франц, Их Британи болон ХБНГУ зэрэг улсууд оролцсон юм. Гэвч 2018 онд Дональд Трамп дээрх гэрээг Ираны цөмийн хөтөлбөрийг хязгаарлах бус харин ч эсрэгээрээ терроризмыг санхүүжүүлэхэд тусласан, АНУ-д ямар ч ашиггүй маш муу гэрээ гэж үзэж гарсан юм. Үүний зэрэгцээ АНУ-ын нисэгчгүй онгоц энэ нэгдүгээр сарын эхээр Ираны Хувьсгалыг хамгаалагч хүчний генералыг Иракт агаарын цохиолтоор хөнөөсөн. Үүний хариуд Ираны талаас хөрш Ирак дахь АНУ-ын цэргийн баазууд руу тогтмол цохилт өгч эхэлсэн юм.
Энэ нөхцөлд Ирак нь дахин дайны талбар болж хувирах эрсдэлээс Багдад болгоомжилж байна. “Ираны хүчийг сулруулах, Ирак дахь Багдадыг дэмжигч зэвсэгт дайчдыг дарах зэргээр АНУ-ын үйл ажиллагаа хязгаарлагдахгүй” гэж Барууны дипломат мэдэгджээ. Түүний үзсэнээр АНУ нь Ираны эсрэг эдийн засгийн хоригоор тэмцэх арга барилаа өөрчилж, цохилт өгч эхлэх гэнэ. АНУ-ын ирэх арваннэгдүгээр сард болох сонгууль Ерөнхийлөгч Дональд Трампын шийдвэрт яаж нөлөөлөх нь Иракийн санааг зовоож байна. Дональд Трамп Ойрхи-Дорнодоос цэргээ гаргахаа өмнө нь амласан ч Ирантай үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан шийдвэрээ өөрчилж магадгүй аж. Иракт одоогоор 5000 орчим америк цэрэг байрлаж буй.
Ирак нь АНУ-тай ч, Ирантай ч ойрын холбоотон. Гэвч хоёр орны тэмцэл Иракийг тулааны талбар болгох эрсдэл нүүрлээд байна. Иран улс нь 1979 оны исламын хувьсгалаар хаант засгаа түлхэн зайлуулж исламын шашны хэт үзэл бүхий улс болон хувирсан. Хувьсгалын дараагаас АНУ-тай харилцаагаа эрс муутгасан Иран улс 1979-1988 оны хооронд Ирак улстай дайтсан бөгөөд хэн хэн нь ялалт байгуулж чадалгүй дайн зогссон түүхтэй. Тухайн үед Вашингтон нь Иракийг дэмжин зэвсэг санхүүгээр тусалж байснаас АНУ ба Ираны зөрчил эхэлжээ.
Холбоотой мэдээ