Армян, Азербайжан хоёр улсын хилийн маргаантай Нагорно-Карабах нутагт Азербайжаны талд орж буй Турк улс хэрвээ АНУ-аас худалдан авсан "F-16" сөнөөгч онгоцоо дайчилбал Армян улс ОХУ-аас авсан "Искандер" баллистик пуужингаа ашиглана хэмээн анхааруулжээ.
Ереваны зүгээс "F-16" сөнөөгч онгоцуудыг ашиглах нь маргаантай газрын оршин суугч армянчуудын хувьд том аюул ч байдал тэгтлээ хурцдахгүй гэж үзэж байгаа аж.
ОХУ-д суугаа Армяны Элчин сайд Вардан Тоганян өчигдөр (2020.09.28) “Хэрвээ Анкара сөнөөгч онгоцуудаа дайчлахаар шийдвэл бидэнд баллистик пуужин ашиглах тодорхой төлөвлөгөө бэлэн бий. Гэхдээ байдал түүндээ тултлаа муудахгүй гэж найдаж байна. Мөн нэмж хэлэхэд маргаантай бүсийн агаарын довтолгооноос хамгаалах системүүд бүрэн ажиллагаатай бөгөөд Турк, Азербайжаны онгоцуудтай тэмцээд байж дөнгөнө” хэмээн ярьжээ.
ОХУ-д үйлдвэрлэсэн "9К720 Искандер" бол Армяны үндсэн зэвсэглэлд багтдаг ойрын зайн хөнгөн баллистик пуужин билээ. Ереваны мэдээлснээр "Искандер"-аас гадна болзошгүй дайны байдалд ашиглах "Су-25" агаараас довтлох сөнөөгч онгоц зэрэг нөөц бололцоо бас бий аж.
Азербайжаны Гадаад хэргийн сайд Жэйхун Баярамов “Армяны талаас ямар нэг түрэмгийлэл үзүүлвэл ямар ч сануулгагүй шууд дайрах болно” хэмээн мэдэгдсэн байна.
Армяны тал Туркийг Азербайжанд цэрэг, зэвсэг нийлүүлж байна хэмээн буруутгаж байгаа ч Азербайжаны зүгээс хилийн маргаантай асуудалд Турк бодитоор огт оролцохгүй байгаа хэмээн тайлбарлаж буй юм.
Эх сурвалж: RT
Холбоотой мэдээ