“АмЧам Монгол”: УУХҮ-ийн сайд Г.Ёндон мэдээлэл хийлээ

Хуучирсан мэдээ: 2020.09.29-нд нийтлэгдсэн

“АмЧам Монгол”: УУХҮ-ийн сайд Г.Ёндон мэдээлэл хийлээ

“АмЧам Монгол”: УУХҮ-ийн сайд Г.Ёндон мэдээлэл хийлээ

Монгол дахь Америкийн худалдааны танхим (АмЧам Монгол)-ын сар бүрийн ээлжит уулзалт 2020 оны есдүгээр сарын 29-ний Мягмар гаригт Шангри-Ла зочид буудалд боллоо.

Есдүгээр сарын уулзалт “Уул уурхайн салбарын бодлого: 2020-2024” сэдвээр явагдсан бөгөөд уулзалтад “АмЧам Монгол”-ын гишүүн байгууллагууд, гадаадын болон үндэсний хөрөнгө оруулагчид, Элчин сайдын яамд болон гадаадын худалдааны танхимын төлөөлөл оролцов.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, баялгийн сан байгуулах арга зам, уул уурхайг дагасан төмөр замын зэрэг томоохон бүтээн байгуулалтын ач холбогдол, хөрөнгө оруулалтыг хэрхэн татах зэрэг асуудлаар мэдээлэл хийж, гадаадын хөрөнгө оруулагчидтай санал солилцож, асуулт, хариултын хэлэлцүүлэг хийлээ.

2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд шинээр байгуулагдсан Монгол Улсын Засгийн газар 2020-2024 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрөө боловсруулж, УИХ-аар батлуулаад удаагүй байгаа энэ цаг үед “АмЧам Монгол” нь ач холбогдолтой сэдвээр тус уулзалтыг зохион байгууллаа.

Сайд Г.Ёндон онцолж хэлэхдээ "Манай салбар гадаадын хөрөнгө оруулалтаас ихээхэн хамаардаг. Монгол Улс, монголчуудад итгэх хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, бэхжүүлэх, харилцан ашигтай хамтын үйл ажиллагааг улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэхийг зорино. Иймээс уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулалтыг татах, харилцан үр ашигтай төсөл, хөтөлбөрийг гадаад, дотоодын аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж, хариуцлагатай, ил тод уул уурхайг хөгжүүлэх зорилтыг тавин ажиллаж байна" гэв.

Ил тод, хариуцлагатай уул уурхай, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлж, эрдэс баялгийн сан хөмрөгийг арвижуулах замаар тогтвортой, олон тулгуурт эдийн засгийн бүтцийг бий болгож, баялгийн шударга хуваарилалтын зарчмыг хэрэгжүүлнэ гэсэн тэргүүлэх зорилтыг үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн бөгөөд энэ зорилтыг бодитоор хэрэгжүүлэхэд анхаарал тавин ажиллаж байна гэж онцлон тэмдэглэв.

“АмЧам Монгол”-ын ТУЗ-ийн дэд дарга Н.Мөнхнасан нээлтийн үгэндээ "АмЧам Монголын гишүүн компаниуд нь Монголын уул уурхайн салбар дахь гол хөрөнгө оруулагч, нийлүүлэгч нар билээ. Гишүүдийн сайн туршлага, амжилтыг танилцуулах, хуваалцах байдлаар Монголд өрсөлдөх чадвартай, хариуцлагатай уул уурхайн салбарыг хөгжүүлэхэд бид дэмжлэг үзүүлж, Уул уурхай, дэд бүтэц, хүнд үйлдвэрийн салбарын хороогоор дамжуулан, Монгол Улсын засгийн газартай хамтран ажиллахад бэлэн байна" гэв.

Н.Мөнхнасан үргэлжлүүлэн хувийн хэвшилд тулгуурласан нээлттэй, өрсөлдөх чадвар бүхий хариуцлагатай уул уурхайн салбар нь улс орны хөгжлийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдолтойг онцлон тэмдэглэж, уул уурхайн салбарын талаарх үнэн зөв, бодитой мэдээллийг иргэд олон нийтэд хүргэх нь чухал гэж онцлов.


“АмЧам Монгол”-ын тухай                                                                    www.amcham.mn

“АмЧам Монгол” нь АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм.

“АмЧам Монгол” нь 3 сая гаруй гишүүнтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны танхимын албан ёсны салбар юм.

Мөн “АмЧам Монгол” нь Ази Номхон далайн 29 орны Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны танхимуудын зөвлөл байгууллагын гишүүн билээ.

Б.БОЛД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж