Үндэсний номын санг хааж барьсан барилгын ажлыг зогсоолоо

Хуучирсан мэдээ: 2020.09.29-нд нийтлэгдсэн

Үндэсний номын санг хааж барьсан барилгын ажлыг зогсоолоо

Үндэсний номын санг хааж барьсан барилгын ажлыг зогсоолоо

Сүхбаатар дүүргийн долдугаар хороо буюу Үндэсний шинэ номын сангийн барилгын урд, 11 дүгээр хорооллын 12А, 12Б байруудад тулгаж барьсан барилгын үйл ажиллагааг нийслэлийн удирдлагууд, хууль, хяналтын байгууллага очиж хаах арга хэмжээ авсан талаар мэдээлэл хийлээ.  


Орон сууцны барилгыг “Сант хаан” компанийн захиалгаар “Хару” констракшин компани гүйцэтгэж байгаа аж. Хэрэв орон сууц ашиглалтад орвол чанх урд байрлах Номын сан болон орон сууцны айл өрхүүдийн цонхыг таглаж, нарны гэрлийг хааж болзошгүйг албаныхан хэлж байсан.

"МАНАЙ КОМПАНИ ХУУЛЬ ДҮРМИЙН ДАГУУ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ"

“Хару” констракшин компанийн төлөөлөл “Бид хууль дүрмийн дагуу зөвшөөрөл авсан. Өчигдөр Ерөнхий сайд барилгын бүтээн байгуулалттай танилцахад холбогдох хүмүүс “Энд зөвшөөрөлгүйгээр сонгуулийн үеэр орон сууцны барилга барьсан” гэж хэлж байна лээ. Манай компани газрын зөвшөөрлөө тав таван жилээр сунгуулж байгаад 2018 онд 15 жилээр сунгасан. Тэр газрын гэрчилгээгээ оны өмнө дахин солиулсан. Учир нь 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс газрын төлбөрийн хэмжээ өөрчлөгдсөн учраас гэрчилгээ солих шийдвэр гарсантай холбоотой. Энэ барилга барьсны дараагаар газрын гэрчилгээ нийтийн өмчид шилжих байх гэж бодож байна.

Анх зөвшөөрөлтэй 5000 м.кв газар байсан. Бид оршин суугчдын эрх ашгийг бодож, хажуу талд нь авто машины зам, явган хүний замын талбайг үлдээсэн. Гэвч оршин суугчид “Бидний эрх ашгийг зөрчиж байна” гээд Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өгсөн. Өнөөдөр албаны хүмүүс ирээд, барилгын суурийн зураг өөрчлөгдсөн гэж байна. Манай ерөнхий төлөвлөгөө наана байсан ч Сүхбаатар дүүргийн бохирын шугамыг манай талбайн баруун талын захад тавьсан байсан. Тийм учраас барилгын суурийг зүүн талд нь шилжүүлж барихаас өөр аргагүй боллоо гэдгийг холбогдох албаныханд мэдэгдсэн. Энэ асуудал дахин яригдах байх” гэв.

"САНТ ХААН" КОМПАНИЙН ЭЗЭМШИЛ ГАЗРЫН БАРИЛГЫГ ЗОГСООЖ БАЙНА

Энэ үеэр Хотын ерөнхий төлөвлөгөөний газрын мэргэжилтэн “Өчигдөр Ерөнхий сайд Үндэсний төв номын сангийн бүтээн байгуулалтын ажилтай танилцсан. Хотын холбогдох албаныханд үүрэг даалгавар өгсөн. Үүний дагуу нийслэлд баригдаж буй зөрчилтэй барилгын ажлын хэсэг хуралдаж, танай барилгын талаар ярилцаж, шийдвэр гаргасан. Танай компанийн барилга барьсан газар 2004 оноос хойш холбогдох хууль дүрмийн дагуу зөвшөөрлөө авсан байна. Гэсэн хэдий ч бид өнөөдөр хуралдаж, ноцтой зөрчил илрүүллээ.

Хотын ерөнхий төлөвлөгөөний газраас баталсан зургийн дагуу барилгыг бариагүй байна. Барилгын тэг цэгийг буруу тодорхойлж, нэг тал руугаа 10 метр орчим шилжиж, стандарт зөрчсөн гэж дүгнэсэн. Тиймээс "Сант хаан" компанийн эзэмшил газрын барилгын үйл ажиллагааг өнөөдрөөс зогсоож байна” хэмээн танилцууллаа.

11 дүгээр хорооллын 12А, 12Б байрны СӨХ-ын ажилтан “Захиргааны хэргийн шүүхэд өгсөн. Анхнаасаа бохир нь халиад, оршин суугчид цонхоо ч нээх эрхгүй, хүүхдүүд тоглож чадахгүй байсан. Мэргэжлийн хяналтын байгууллагын таван байцаагчийн дүгнэлт гарсан ч сонгуультай зэрэгцэн барилгын ажлаа эхлүүлсэн. Оршин суугчдын эрх ашгийг үл тоомсорлож байна” гэв.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
5
БурууБуруу
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж