"Улсын дээд шүүхийн хоёр шүүгчийн танилцуулга УИХ дээр хүлээгдэж байна"

Хуучирсан мэдээ: 2020.09.29-нд нийтлэгдсэн

"Улсын дээд шүүхийн хоёр шүүгчийн танилцуулга УИХ дээр хүлээгдэж байна"

"Улсын дээд шүүхийн хоёр шүүгчийн танилцуулга УИХ дээр хүлээгдэж байна"

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй уялдуулан Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага үүссэн. Энэ дагуу Засгийн газраас Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьсан билээ. Уг хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхтэй зэрэгцэн Монгол Улсын Ерөнхийлөгч Шүүхийн тухай багц хуулийн төслийг өргөн мэдүүлсэн.

Өнөөдөр (2020.09.29)  Шүүхийн тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг боллоо. Энэ үеэр "Оюуны Инноваци эрх зүйн судалгаа" ТББ-ын Гүйцэтгэх захирал, судлаач П.Баттулгаас хуулийн төслүүдийн харьцуулалтын талаар тодрууллаа.


-Шүүхийн ерөнхий зөвлөл (ШЕЗ)-ийн бүрэлдэхүүний асуудлыг Ерөнхийлөгчийн болон Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдэд хэрхэн тусгасан бэ? 

-Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төсөл дээр ШЕЗ-ийн арван гишүүний тавыг шүүхээс, бусад таван гишүүний гурвыг нь УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос, Ерөнхийлөгч болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс тус бүр нэг хүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж томилохоор зохицуулсан. Бусад таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж томилно гэж заасан. Харин Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуульд таван шүүгч гишүүний тухайд ойлгомжтой. Бусад таван гишүүнийг Монголын хуульчдын холбооноос гурав, Ерөнхийлөгчөөс нэг, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс нэг гэж оруулж ирсэн. Нийт гишүүнийг УИХ-аас томилох зохицуулалт орсон. УИХ томилохдоо Нийтийн сонсголын тухай хуульд заасны дагуу томилгооны сонсгол явуулсны үндсэн дээр шийдвэрлэнэ. Гэхдээ шүүгч таван гишүүнийг УИХ-аас томилох нь Үндсэн хуулиар зөвшөөрөгдөөгүй гэж ойлгож байгаа. Учир нь Үндсэн хуульд ШЕЗ-ийн гишүүний тавыг шүүгчид дотроосоо сонгоно гээд заасан. Шүүгчид дотроосоо сонгож байгаа учраас дахин УИХ-аас томилох шаардлагагүй. 

-ШЕЗ-ийн бүх гишүүнийг УИХ томилвол ямар эрсдэлтэй вэ?

-ШЕЗ-ийн бүх гишүүнийг УИХ томилно гэдгийг дэмжихэд хэцүү. Хэт улс төрийн шинжтэй томилгоо болох магадлалтай. Бодит байдал дээр ШЕЗ-ийн гишүүнээр хэнийг томилох, хэнийг ажиллуулах нь Ерөнхийлөгчөөс хамааралтай болж хувирсан. Ерөнхийлөгчид санал болгосон нэр дэвшигчийг томилохгүй, ШЕЗ-ийн гишүүнийг анх санал болгосон газар нь хариуцлага тооцож эгүүлэн татаж чадахгүй болсон. ШЕЗ-ийн нэг эрх мэдэл буюу нэг байгууллага, албан тушаалтнаас хэт хамааралтай байх нь шударга ёсонд аюул учруулж, иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрхэд ноцтойгоор нөлөөлнө. Хохирол нь эрх мэдэлтэн, хөрөнгө чинээтэнд бус, иргэд дээр тусдаг гэхэд буруудахгүй болов уу. 

-ШЕЗ-өөс өргөн мэдүүлсэн хүнийг Ерөнхийлөгч томилохоос хэдэнтээ татгалзсан тохиолдол бий. Энэ асуудлыг дээрх хоёр хуулийн төслүүдэд хэрхэн тусгасан байна вэ?

-Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөл дээр ШЕЗ-өөс Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн нэр дэвшигчийг 14 хоногийн дотор томилно гэж тодорхой хугацаа зааж өгсөн нь сайшаалтай. Учир нь хугацаа заагаагүйн улмаас хугацаа алдахаас гадна томилогдохгүй удах жишээ бий. ШЕЗ-өөс өргөн мэдүүлсэн нэр дэвшигчийг Ерөнхийлөгч томилохоос татгалзсан үндэслэлээ огт тайлбарладаггүй.  асгийн газар болон Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хоёр төсөл дээр “Ерөнхийлөгч үндэслэлээ заавал ШЕЗ-д мэдэгдэнэ. Үүнийг нь ШЕЗ дахин нягтлан шалгаад, тухайн хүнийг нэр дэвшүүлэхгүй байх үндэслэл тогтоогдвол өөр хүнийг нэр дэвшүүлнэ. Хэрэв үндэслэл нь тогтоогдохгүй бол тухайн хүнийг дахин нэр дэвшүүлнэ” гэсэн адилхан заалт орж ирсэн. Харин тус заалт дээр тухайн хүнийг дахин нэр дэвшүүлэхэд Ерөнхийлөгч татгалзах эрхгүй байхаар тусгах ёстой. 2020 эхний зургаан сарын байдлаар ШЕЗ-өөс Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн боловч томилоогүй нэг тохиолдол бий. Улсын дээд шүүхийн хоёр шүүгчийн танилцуулга УИХ-д хийгдээгүй хүлээгдэж байгаа бөгөөд энэ намрын чуулганаар орох байх. 

-Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд ШЕЗ-ийн арван гишүүний гурвыг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос томилно гэсэн байна. Энэ дээр улс төрийн тохироогоор ч гэдэг юм уу, шаардлагад нийцэхгүй хүн томилогдох магадлал бий юу?

-Ер нь Үндсэн хуулийн өөрчлөлтөд ШЕЗ-ийн арван гишүүний тав нь шүүгч, тав нь шүүгч биш байна гэж заасан нь тэнцлийг хангах зорилготой байсан. Шүүгчдийн тоо илүү байвал нэг нэгнээ хаацайлах асуудал гарахыг үгүйсгэхгүй. Нөгөө талаар шүүгч биш гишүүдийн тоо олон байвал шүүхэд ирэх гадны зүй бус нөлөөлөл нэмэгдэх аюултай учраас тэнцүү бүрэлдэхүүнтэй байхаар заасан. Миний хувьд ШЕЗ-ийн гурван гишүүнийг Хууль зүйн байнгын хорооноос томилно гэдэг дээр эсрэг байр суурьтай байгаа. Засгийн газрын гишүүнээс ШЕЗ-ийн гишүүнийг томилох журмыг тусгасан нь бодит байдал дээр хэлбэрийн төдий явагдах магадлалтай. ШЕЗ-ийн гишүүнд нэр дэвшигчийг тодруулах ажиллагаа өрсөлдөөн ихтэй олон хүн нэрээ дэвшүүлдэг учраас нээлттэй ил тод байх ёстой. Тиймээс үүн дээр Монголын хуульчдын холбооны төлөөллийг оруулах нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл, ШЕЗ-ийн бүрэлдэхүүнд орох шүүгч бус таван гишүүний хоёрыг Монголын хуульчдын холбооноос сонгохоор төсөлд тусгах хэрэгтэй. Мөн Ерөнхийлөгчийн болон Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдэд зарчмын зөрүүтэй нэг зүйл бий. Тухайлбал, Засгийн газрын өргөн мэдүүлсэн хуулийн төсөл дээр Улсын дээд шүүхээс бусад Ерөнхий шүүгчийг томилохдоо тухайн шүүгчийг шүүгчдийн зөвлөлөөс сонгоно гэж заасан. Харин Ерөнхийлөгчийн төсөл дээр одоогийн зохицуулалтыг хэвээр хадгалсан. Бид Улсын дээд шүүхээс бусад Ерөнхий шүүгчийг тухайн шүүгч дотроосоо сонгох нь зөв гэж үзэж байна. Олон улсын сайн туршлага ч гэсэн ийм л байдаг.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж