Танилцах “үдэшлэг”-ээ дуусгая, Ерөнхий сайд аа!

Хуучирсан мэдээ: 2020.09.29-нд нийтлэгдсэн

Танилцах “үдэшлэг”-ээ дуусгая, Ерөнхий сайд аа!

Танилцах “үдэшлэг”-ээ дуусгая, Ерөнхий сайд аа!

УИХ-ын 2020 оны сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулсан ч Засгийн газрын тэргүүнээр шинэ хүн томилогдсон мэт Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцах “үдэшлэг”-ээ үргэлжлүүлж явна.

Архангай, Булган, Өвөрхангай, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Дорноговь, Өмнөговь аймаг, мөн Улаанбаатар хотноо цэрэг, цагдаа, тагнуул, эрүүл мэндийн салбарынхантай танилцсан Ерөнхий сайд өчигдөр (2020.09.28) соёл урлагийн байгууллагуудад ажиллалаа. Соёлын сайд С.Чулуун Архангай, Өвөрхангай, Булган аймагт ажиллахдаа ярьснаа дахин хөндөж, Ерөнхий сайд Улсын филармони, Морин хуурын чуулгыг хөгжмийн зэмсгээ шинэчлэхэд нь шаардагдах 2 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргах амлалт өгчээ.

Шинээр Засгийн газар байгуулагдсан бол гүйцэтгэх засаглалын тэргүүн улсынхаа ажилтай танилцах нь зүйн хэрэг. Гэвч гурван жил засагласан Ерөнхий сайд дахиад л танилцах "үдэшлэг" хийгээд явахаар өнгөрсөн жилүүдэд юу хийсэн хүн бэ гэдэг асуулт тавихад хүргэж байна.

Учир нь Ерөнхий сайдын шийдэх амлалт өгсөн асуудал нь агентлаг салбар хариуцсан сайддаа хүсэлтээ тавиад, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд, шийдвэрлэчих л асуудал юм. Тэр бүү хэл явдал суудал болохгүйгээр цахимаар хуралдаад шийдэх ч бололцоо бий.

Дэлхий дахин өнөөдөр техникийн дэвшлийг ашиглаад тив тивээс холбогдон асуудлаа шийддэг боллоо. Жишээ татвал, АНУ-д өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын ерөнхий ассамблейн 75 дахь чуулга уулзалт болоход таван тивээс дэлхийн 200 гаруй удирдагчид цахимаар холбогдон, асуудлаа ярьж, шийдэлд хүрлээ.

Харин Монголд ажилгүйдэл нэмэгдэхийн хэрээр дундаж давхаргууд эмзэг бүлэг рүү шилжиж, хаалгаа барих аж ахуйн нэгжүүдийн тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа ч гол ажлыг нугалах ёстой Засгийн газар танилцах “үдэшлэг” тойрон эргэлдсээр…

Ажлаа гартаа оруулж чадаагүй хүн ахин дахин өмнөхөө тойрон эргэлддэг шиг л Ерөнхий сайд зууралдаж байна.

Засгийн газрын тэргүүнтэйгээ барьцдаг ч юм уу, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нар томилолт аван араас нь давхих. Гурвуулаа л энэ зун Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Төмөр зам дээгүүр алхсан, эрэг боолт чангалсан хүмүүсийн зураг л хэвлэлээр нэг цацагдав. Гэтэл юу шийдэгдэв, юу ч байхгүй.

Харин ч аймгууд хөлд нь дарагдаж, ажлаа алдах. Учир юу вэ гэвэл танилцах “үдэшлэг”-ээр дан ганц Ерөнхий сайд, комиссартайгаа давхиад очдог бол өөр хэрэг. Зөвлөхөөс нь эхлээд УИХ-ын гишүүд, сайд дарга нар дагаад “намирдаг”. Шатахууны мангас “Lexys-570” хөлөглөөд л давхиад байна. Цаагуураа татвар төлөгчдийн мөнгийг л хайр найргүй урсгаад байгаа хэрэг шүү дээ.

Шулуухан хэлэхэд “Ховор хүмүүс” кинонд үзүүлдэгчлэн, орон нутгийн томилолтод сум, аймгийн удирдлагууд чирэгдэж гүйцлээ.

Эдийн засагчид 2020 оны сүүлээс Монгол Улсын эдийн засаг улам хүндрэх болж байгааг анхааруулах болсон. Хүндрэлийг шок багатай даван туулахын тулд гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлага бий. Зөвхөн нүүрс, зэсийн экспортоор амьдарна гэвэл ажилгүйдэл газар авна.

Одооноос танилцах “үдэшлэг”-ээ зогсоогоод эдийн засагтаа анхааръя, Ерөнхий сайд аа. ФАТФ-ын саарал жагсаалт, Европын холбооны хар жагсаалтаас гарахад анхаарлаа хандуулах шаардлага ирлээ. Энэ хоёр жагсаалтаас гарахгүй бол ирэх онд Монгол Улс улам ч их асуудалтай тулна.

Гадаад зах зээлээс “босгосон” зээлээ юугаар төлж, барагдуулах вэ гэдгээс эхлээд анхаарал хандуулах олон асуудал байна.

Монгол Улсын гадаад орнуудаас авсан зээл 2020 оны зургадугаар сарын байдлаар 30.8 тэрбум ам.долларт хүрсэн нь анхаарахгүй орхих асуудал биш. Зээлийг Засгийн газрын тавьсан зээл, хувийн хэвшлийн тавьсан зээл, Ардчилсан намын тавьсан зээл, Ардын намын тавьсан зээл гэж ялгаж ангилахаас илүүтэй хүндэрсэн эдийн засагтаа шок өгөхгүйгээр хэрхэн шийдэх вэ гэдэг шийдлээ гаргаж, ажиллах нь хамгаас чухал байна. Тэр дундаа Засгийн газарт хамаарах зээл хамгийн асуудалтайд тооцогдоно. Хугацаандаа төлөхгүй бол өр болж хувирна.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр /2020.09.29/ “Мазаалай” бондыг “Номадс” бондоор солих болсноо зарлалаа. Цаг хугацаандаа бондын төлбөрийг хийх боломжгүй болсноор шинээр бонд босгож, өрийг өрөөр дарах арга хэмжээ авч байна.

500 сая ам.долларын “Мазаалай” бондыг 10.19 хувийн хүүтэй босгож байсан бол 600 сая ам.долларын “Номадс” бондыг 5,125 хувийн хүүтэй босгожээ.

Ардчилсан нам Засгийн эрх барьж байхдаа 2014 онд 1.5 тэрбум ам.долларын “Чингис” бондыг 4,125 – 5,125 хувийн хүүтэй босгож байсан. Түүн рүү дөхөж очлоо гэж хэлж болно.

Гэсэн ч асуудал дуусаагүй, төгрөгийн ханшийг тогтворжуулахаас эхлээд хоолойд тулсан олон ажил хүлээгдэж байна.

 

Л.ОЮУ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж