Улирлын эхэнд NBA-ийн аварга болох хамгийн өндөр магадлалтай багаар нэрлэгдэж байсан Лос Анжелес Клипперс баг плей-оффын хоёрдугаар шатнаас хасагдсан билээ. Өнөөдөр (2020.09.29) тус багийн ахлах дасгалжуулагч Док Риверс ажлаа хүлээлгэн өгч байгаа талаар мэдээлэл гарлаа.
Багийн удирдлагуудын зүгээс энэ жилийн бүтэлгүйтлийг Док Риверст хүлээлгэн, ийнхүү хоёр тал харилцан зөвшилцсөний үндсэн дээр тус тусынхаа замыг хөөхөөр болж байна.
2008 онд Бостон Селтикс багийг удирдан, NBA-ийн аварга болж байсан Док Риверсийн хувьд 2013 оноос эхлэн Клипперсийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн. 2013 оноос өдийг хүртэл тус багийг дасгалжуулахдаа Крис Пол, Блэк Гриффин, Кавай Леонард, Пол Жорж зэрэг олон гайхалтай тоглогчийг удирдаж байсан боловч хараахан аварга болж чадсангүй.
Энэ жилийн хувьд өмнөх жилүүдээсээ илүү аварга авах боломжтой, плей-оффын хоёрдугаар шатанд Денвер Наггетс багаас цувралд 3-1 гэсэн харьцаатай илүүрхэж байсан ч 4-3 гэсэн харьцаатайгаар ялагдал хүлээн, дахин нэг жилийг хүлээхээс өөр аргагүй болсон.
Түүнийг ажлаа хүлээлгэн өгсөнтэй зэрэгцэн хэн Клипперсийн дараагийн ахлах дасгалжуулагч болох вэ? гэдэг асуудал яригдаж эхэллээ. Одоогийн байдлаар Клипперсийн туслах дасгалжуулагч, 2016 онд Кливленд Кавальерс багийг удирдаж NBA-ийн аварга болж байсан Тайрон Лью, өмнө нь Нью-Йорк Никс, Хьюстон Рокетс багуудыг удирдаж байсан Жефф Ван Ганди, Док Риверсийн итгэлт туслах Сэм Кассел, Филаделфиа 76ers багийн ахлах дасгалжуулагч асан Бретт Броун, саяхан ажлаа хүлээлгэн өгсөн Майк Д’Энтони нарын нэр яригдаж байна.
Холбоотой мэдээ