Гэрийнхээ гадаа байсан хоёр настай хүүхэд автомашинд мөргүүлж, амь насаа алдсан хэрэг өчигдөр (2020.09.28) гарчээ. Тодруулбал, Өвөрхангай аймгийн “Цагаан Даравгай” гэх газарт Kia Fronter маркийн автомашины жолооч Л нь урагш хөдлөх үйлдэл хийх үедээ хоёр настай эмэгтэй С-г мөргө,ж амь насыг нь хохироосон байна.
Тээврийн цагдаагийн албаны мэдээлснээр он гарснаас хойш автомашин хөдөлгөөн эхлэх үед жолоочийн буруутай үйлдлээс болж 22 хүүхэд амь насаа алджээ. Иймд эцэг эхчүүд тээврийн хэрэгслийн ойр орчимд хүүхдээ тоглуулахгүй байх, жолооч нар автомашины хөдөлгөөн эхлэх, зогсоохдоо эргэн тойрноо шалгахыг цагдаагийн байгууллагаас анхааруулав.
Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс Даваа гариг (2020.09.28)-ийн байдлаар улсын хэмжээнд зам тээврийн ослын шинжтэй 333 дуудлага мэдээлэл хүлээн авсан байна. Үүнээс 259 нь зам тээврийн ослын дуудлага байжээ. Авто ослын улмаас зургаан хүн гэмтсэний хоёр нь хүүхэд аж.
Мөн цагдаагийн алба хаагчдын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 36 жолоочийг саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Түүнчлэн явган хүний гарц, уулзварт зорчигчид зам тавьж өгөөгүй 115 жолоочид Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ авч, торгууль ногдуулжээ.
Б.ЦЭЦЭГ