Токиогийн олимп болон паралимпийн зохион байгуулах хорооны тэргүүн Мори Ёширо ирэх жил юу ч болсон хамаагүй олимпийн наадмыг зохион байгуулна гэдгийг мэдэгдлээ. Тэрбээр өчигдөр/2020.09.28/ сайн үйлсийн хандивын аянд оролцох үеэрээ “Юу ч болсон хамаагүй бид олимпийг зохион байгуулах болно” гэж ярьсан бөгөөд олимп болон паралимпийн зохион байгуулах хорооноос авч хэрэгжүүлж буй одоогийн ажлууд нь ирэх онд наадмыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулахад түлхэц болно гэдгийг дурджээ.
Токиогийн олимпийг зохион байгуулахад 12.6 тэрбум ам.долларыг одоогийн байдлаар зарцуулаад байна. Оксфордын их сургуулийн гаргасан судалгаагаар Токиогийн зуны олимп бол хамгийн их төсвөөр зохион байгуулагдах зуны олимп.
Японы засгийн газраас олимп, паралимпийн наадамд оролцох гадны баг тамирчдыг Япон улс руу зорчих, бэлтгэл сургуулилт хийх боломжоор хангахын тулд шат дараалсан арга хэмжээнүүдийг боловсруулж байгаа аж.
Өнгөрсөн долоо хоногт IOC буюу Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах олимпийн наадмыг төлөвлөгөөний дагуу явагдана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Мөн түүний хэлснээр 2021 оны эхний хагаст хэдэн зуун сая вакцины тунг гарган авах боломжтой хэмээжээ.
Япон улсаар аялах олимпийн галт бамбар ирэх 2021 оны гуравдугаар сарын 25-ны өдөр Фүкүшима мужаас эхлэн аялалдаа гарахаар болжээ. Энэхүү галт бамбар нь Япон улсын 47 мужаар тойрон аялж, долдугаар сарын 23-ны өдөр Токио хотод хүрэлцэн ирэх аж.
Холбоотой мэдээ