“Үзэгчдийн сэтгэлд Аннагийн дүрийг шигтгэхийг хүсч байна”

Хуучирсан мэдээ: 2020.09.29-нд нийтлэгдсэн

“Үзэгчдийн сэтгэлд Аннагийн дүрийг шигтгэхийг хүсч байна”

“Үзэгчдийн сэтгэлд Аннагийн дүрийг шигтгэхийг хүсч байна”

Үзэгчид маань дотроо өөр өөрсдийн Анна Каренинатайгаа ирэх байх. Би өөрийнхөө зүрх сэтгэл доторх Аннаг тоглоно. Магадгүй энэ жүжгийг үзээд Анна гэж ийм эмэгтэй гэж тодорхойлоход хэцүү санагдахыг үгүйсгэхгүй. Тэгж чадвал миний зорилго биелэсэн гэсэн үг” хэмээн өгүүлэх Улсын драмын театрын жүжигчин Н.Баярмаатай цөөн хором ярилцлаа.


-Анна Каренина гэж хэн бэ. Таныхаар тэр сайн бүсгүй юу, муу бүсгүй юу?          

-Анна Каренина их зоригтой, шийдэмгий бүсгүй. Амьдрал дээр бүх хүн өөрийг нь эсэргүүцэж байхад “Үгүй ээ. Миний бодож байгаа зөв” гээд сөрж алхана гэдэг маш том зориг. Түүний зоригтой, шударга занг үнэхээр биширмээр. Жүжгийн зохиолоо уншихаар л шинэ юм нээгдэж байдаг. Зарим хэсэгт эргэлзээ төрвөл зохиолоо эргэн харна. Найруулагч маань зохиолоо уншчихаад янз бүрийн кино, жүжиг битгий үзээрэй гэсэн. Яг өөрийнхөөрөө тухайн дүрээ харах ёстой. Харин жүжгийн бүх юм тодорхой болсны дараа нээлттэй үзэж болно гэсэн чиглэл өгсөн. Би яг тэрний дагуу ажилласан.

-Хайр дурлалдаа шатаж буй Анна Каренина. Нөгөө талдаа нөхөр, үр хүүхдээ араар нь тавьсан эмэгтэй. Танд аль нь таалагдсан бэ?

-Өнөөдөр энэ жүжгийг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тавих шаардлагатай байгааг Н.Наранбаатар найруулагч хэлсэн. “Анна Каренина” бол мөнхийн амьд сэдэв. Үүнийг уран бүтээлчид хэрхэн хийж, үзэгчид тэрийг нь ямраар хүлээн авах вэ гэдэг л үлдлээ.

Энэ жүжгийг үзээд, гэр бүлээ араар тавьж болох юм байна гэж ойлгож болохгүй. Энэ бол араар тавилт биш. Анна хайр сэтгэлийнхээ төлөө л тэмцсэн. Гэтэл хүмүүс  яг хайрласан уу, үгүй юу гэдгээ сайн мэддэггүй юм шиг. Хүний амьдралд үнэн хайр цөөн ирдэг. Амьдрал дээр хайр мөн эсэхийг таньж, түүнийхээ араас тэмцэх ёстой. Даанч харамсалтай нь жинхэнэ хайр биш байх магадлал маш өндөр. Тиймээс андуурч, эндүүрч, сэтгэл хөдлөлдөө автаж, буруу алхам хийж яагаад ч болохгүй. Энэ  хайр гэгч нь хүн болгонд ирдэггүй.

Аннагийн хувьд Алексей Каренинд хайргүй гэдгээ мэдэрсэн. Түүний зүрх сэтгэлийг хойш нь чангааж байгаа ганц зүйл бол хүүхэд нь. Миний бодлоор Каренин бас Аннад хайргүй байсан ч юм шиг. Гэхдээ тэр хүний амьдралын золиос нь Анна байж болохгүй шүү дээ.

-Анх зохиолоо уншаад юу бодогдов?

-Мэргэжлийн жүжигчин хүнд сайн дүрд тоглох юмсан гэх амбиц байдаг. Театрын жүжигчний хувьд сонгодог дүрд тоглохыг хүсдэг. Өмнө нь би “Хүүхэлдэйн байшин” сонгодог жүжгийн Норагийн дүрд тоглож байсан. Энэ удаа хоёр дахь сонгодог жүжгийнхээ гол дүрд тоглож байна. Найруулагч анх “Анна Каренина” жүжгийг театрын тайзнаа тавихаар боллоо. Бие дааж сайн судлаарай” гэж хэлсэн.

Би арван жилийн сурагч байхдаа энэ романыг нэг удаа уншиж байсан учраас зурвасхан санаанд орж байлаа. Харин энэ удаа дүрийнхээ талаас хоёр, гурав ч уншлаа. Сүүлдээ бараг хэсэг хэсгээр нь цээжилсэн. Энэ зохиол дээр бүх төрлийн хүмүүсийн амьдрал гардаг. Тэр дундаа нас насны гурван бүсгүйн амьдрал миний сонирхолыг ихээр татсан. Мэдээж Анна гэж чухам ямар учиртай эмэгтэй юм бэ гэдэг асуулт өөртөө тавьсан.

-Та нэгэнтэй “Би хэзээ ч Анна шиг тэсэрч чадахгүй. Анна бол миний мөрөөдлийн Баярмаа” гэж хэлсэн байдаг. Мөрөөдлийнхөө Баярмааг олж чадсан уу?

-Тийм. Миний туулаагүй амьдрал учраас тэр болгоныг бодож сэтгэж тоглож буй. Ингэхийн тулд маш их бэлтгэл сургуулилт хийсэн. Хэрвээ миний амьдралд ийм юм тохиолдсон бол… гэж бодож тоглодог. Тэрийг амьд болгож, биеэрээ дамжуулж гаргаж байгаа нь жүжигчний ур чадвар. Жүжигчин мэргэжил их гүн гүнзгий ажил. Хүмүүс жүжигчин мэргэжлийг их хүндэлдэг байгаасай. Бие болоод сэтгэлийн маш хүнд хөдөлмөр байдаг гэдгийг хүмүүс илүү мэддэг байгаасай.

Бид өглөөнөөс орой болтол сургуулилт хийдэг. Сургуулилтын үед сул явахыг найруулагч зөвшөөрдөггүй. Өдөржин тайзан дээр чанга дуугаар ярина. Үргэлж өндөр сэтгэл хөдлөлтэй байна. Мэдээж сайн бүтээл хийхэд золиос хэрэгтэй. Тэгэхээр надаас тодорхой хэмжээний золиос гарч байгаа. Эцсийн зорилго бол Монголдоо анх удаа “Анна Каренина” жүжгийг тайзнаа амжилттай тавих шүү дээ.

Магадгүй 20, 30 жилийн дараа “Анна Каренина” жүжгийг тайзнаа дахин өөрөөр тавьж болно. Тиймээс жүжгийг маань ирж үзэж буй үзэгчдийн зүрх сэтгэлд өөрийнхөө дүрийг шигтгэж өгөхийг хүсч байна.

-Н.Баярмаа гэр бүлтэй юу.?

-Сайхан гэр бүлтэй, хүүхэдтэй тэгээд л болоо. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сар гараад л жүжгийн сургуулилтад орсон. Тайзны сургуулилт эхэлсэн цагаас уран бүтээлдээ 100 хувь бүрэн анхаарах хэрэгтэй болдог. Хамаг амьдралаа орхиод ажилдаа анхаарлаа хандуулдаг. Тэгээд жүжгээ нээж, амжилттай хаасны дараа орхисон зүйлээ эргээд нөхөж, амьдралын тэнцвэрээ барихыг хичээдэг дээ.

-Таны анхны гол дүр Анна Каренина. Дэлхий дээр маш олон Анна Каренина бий. Тэднээс та юугаараа ялгарах вэ?

-Миний хамгийн анхны гол дүр. Бас хамгийн их ур чадвар шаардсан дүр бол “Анна Каренина” жүжиг. Бид чинь их шатаж ажилладаг хүмүүс. Сургуулилтын үеэр үе үе огшиж, тэсэрнэ. Заримдаа их ядарч сургуулилт хиймээргүй байсан ч хийхээс өөр аргагүй болно. "Шок"-нд орж, дүрээ бодоод алхах үе ч байна. Ерөнхийдөө дүрдээ орохын тулд хувь хүний хандлага оруулахгүй, мэдрэгдсэн мэдрэмжээ алдалгүйгээр өөр зүйлд сатаарахгүй байхыг хичээдэг.

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж