Армян, Азербайжаны маргаан дайн болон хувирч болзошгүй

Хуучирсан мэдээ: 2020.09.29-нд нийтлэгдсэн

Армян, Азербайжаны маргаан дайн болон хувирч болзошгүй

Армян, Азербайжаны маргаан дайн болон хувирч болзошгүй

Армян, Азербайжан хоёр улс дөчөөд жилийн хугацаанд хилийн маргаантай байгаа билээ. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Нагорно-Карабах нутгийг булаалдсан сөргөлдөөн эрс ширүүсч, хоёр тал гал нээснээр тус нутгийн энгийн иргэд ихээр хохирсон юм.

ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтдаг байсан дээрх хоёр хөрш улс өдгөө Азербайжаны хилийн дотор оршиж буй хэсэг нутгийг булаалдан 1994 он хүртэл дайтаж байсан түүхтэй. ОХУ-ын санаачилснаар хоёр улс гал зогсоох хэлэлцээр хийн дайныг дуусгаж байсан боловч өнөөг хүртэл зэвсэгт мөргөлдөөн үе үе гарсаар ирсэн .

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр болсон мөргөлдөөнийг Армян эсрэг талын пуужингийн дайралтыг эсэргүүцэн хөдөлсөн хэмээн тайлбарлаж байгаа бол Азербайжаны тал Армянийг буруутгаж байгаа гэнэ.

Тухайлбал, Армянийн Ерөнхий сайд Никол Пашиниан твиттер дээрээ “Азербайжаны пуужингийн халдлага хийх оролдлогыг эсэргүүцэн манай тал босч, эсрэг талын хоёр нисдэг тэрэг, гурван нисгэгчгүй төхөөрөмжийг унагаж, гурван танк сөнөөлөө” хэмээн жиргэжээ.

Маргаантай Нагарно-Карабах нутаг газрын зураг дээр Азебайжаны хил дотор багтсан байдаг ч үнэн хэрэгтээ Армянийн бие даасан муж улс хэмээгддэгээс гадна тус нутгийг өөрсдийгөө Бүгд найрамдах улс хэмээн өргөмжилсөн, олон улсад танигдаагүй Арцах улс удирддаг юм.

Арцахын бүгд найрамдах улсын удирдагч хэмээх Арайк Арутюнян “Манай улс зарим газраа Азербайжанд алдаж байна. Ялангуяа Талишийн чиглэлд болон өмнөд хэсгийн газруудыг Азербайжаны цэргүүд эзэлсэн” хэмээн ярьжээ.

Мөн удалгүй Пашиниан твиттер дээрээ дахин “Армянийн Засгийн газар хурцадмал байдлаас шалтгаалан дайны байдлын тухай хууль баталж, цэрэг дайчлах тушаал гаргасан байна” хэмээн жиргэсэн байна. Мөн Азербайжаны Засгийн газар ч мөргөлдөөнөөс хойш даруй хуралдаж, дайны байдлын тухай хууль хэлэлцэн, Ерөнхийлөгч Илхам Алиевийн баталснаар өчигдөр/2020.09.28/-ийн  шөнө 12.00 цагаас эхлэн хэрэгжүүлэхээр шийдсэн аж.

Өмнө нь Армянийн талаас Азербайжан маргаантай нутгийн нийслэл Степанакерт тэргүүтэй энх тайван газруудад халдахаар төлөвлөж байна хэмээн удаа дараа мэдэгдэж байсан билээ. Харин энэ сарын 27-нд болсон мөргөлдөөнд Арцахын удирдах албан тушаалтан Артак Бегларяан ээж, хүү хоёр амь үрэгдэж, хэдэн арван хүн шархадсанаас гадна барилга байгууламж, эдийн засгийн багагүй хохирол амссан талаар твиттер дээрээ мэдээлж, “Энэ бол Азербайжан энгийн иргэдийн амьдардаг газруудыг онилсны гай” хэмээн бичжээ.

Гэсэн хэдий ч Азербайжаны талаас сүүлд болсон мөргөлдөөнд Армян буруутай хэмээн мэдээлсээр байгаа юм. Бүгд найрамдах Азербайжан улсын Ерөнхийлөгчийн туслах, Ерөнхийлөгчийн Тамгын газрын Гадаад бодлогын хэлтсийн дарга Хикмет Хажиев мөргөлдөөн болсон өдөр “мөргөлдөөнөөс болж цэргийн бие бүрэлдэхүүн болон энгийн иргэд эрүүл мэнд, амь насаараа хохирсон мэдээллүүд ирж байна. Зэвсэгт мөргөлдөөнөөс болж иргэдийн өмч хөрөнгө, барилга байгууламжууд ихээр сүйджээ. Армянийн тал түрэмгийлэл үйлдэж, хүч хэрэглэснээс болж ийм зүйл боллоо. Бүх хохиролд Армянийн улс төр, цэргийн удирдлагууд бүрэн хариуцлага хүлээх ёстой” хэмээн жиргэсэн байна.

Мөн Азербайжаны АРА телевизээр “Армянийн цэргүүдийн их бууны суманд өртөж нэг гэр бүлийн таван хүн болон бусад хүмүүс амь үрэгдсэн, дор хаяж 19 энгийн иргэн шархадсан” гэх мэтээр мэдээлсэн аж.

Харин Армянийн төрийн мэдээллийн Азертак агентлаг “Харьд эзлэгдсэн газар нутгаа чөлөөлөх үеэр буудсан их буу, танкны суманд өртөж хил орчмын тосгодын дор хаяж 14 иргэн шархадсан байна” хэмээн мэдээлсэн гэнэ.

Азербайжаны Батлан хамгаалахын яам мөргөлдөөн гарсан өдөр “Одоогийн байдлаар Азербайжаны арми гадны түрэмгийллээс хамгаалах ажил хийж байгаа бөгөөд нөхцөл байдал манай цэргүүдийн гарт ороод байна” хэмээн мэдээлсэн юм.

Гэтэл Армянийн гадаад хэргийн яам “Бид Азербайжаны улс төр, цэргийн удирдагчдын түрэмгийллийг хүчтэй эсэргүүцэж байна. Болсон үйл явдал, гарз хохирол, түрэмгийллийнхээ төлөө Азербайжаны улс төр, цэргийн удирдлагууд хариуцлага хүлээх учиртай” хэмээн мэдэгдсэн аж.

Хоёр улсын хооронд сүүлийн саруудад мөргөлдөөн гарах нь эрс нэмэгдсэн билээ. Мөн өмнө нь 2016 онд болсон зэвсэгт мөргөлдөөнд хоёр улсын хэдэн арван цэргүүд амь үрэгдсэн гэнэ. Түүнээс хойш хоёр жилийн дараа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Пань Ги-мүнь хоёр улсыг хүчирхийллээ зогсоож, харилцан тохиролцохыг уриалсан билээ.

Нагорно-Карабах нутгийг олон улсад Азербайжаны газар нутаг хэмээн хүлээн зөвшөөрсөн ч армян үндэстнүүд оршин сууж, удирддаг юм.

Маргаантай байдлын талаар Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган байр сууриа илэрхийлэхдээ Азербайжаны талд орж, Армянийг “Бүс нутгийн энх тайван, аюулгүй байдалд асар их эрсдэл учруулж байна” хэмээн буруутгасан байна. Мөн тэрбээр твиттер дээрээ “Турк үндэстэн Азербайжан ах дүүсийнхээ талд юу ч болсон үргэлж зогссоор байх болно” хэмээн жиргэсэн байна.

Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Армянийн Ерөнхий сайд Пашинянтай утсаар ярьсан талаар Кремль мэдэгджээ. Мэдэгдэлд дурдсанаар Путин Пашиняд “Одоо хамгийн чухал зүйл бол сөргөлдөөн даамжирч, улам ширүүн цэргийн мөргөлдөөн үүсэхээс урьдчилан сэргийлэх, болзошгүй аюулыг зогсоохын тулд бүх хүчин чармайлтаа дайчлах явдал юм” хэмээн хэлсэн гэнэ.

Тэгвэл АНУ болсон явдалд аль нэг талыг буруутгалгүй төвийг сахиж, хоёр тал аль аль нь даруй түрэмгийллээ зогсоох шаардлагатай хэмээн үзэж байгаа аж.

Эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж