Д.Бумдарь: Хүчгүйдсэн намууд МАН-ын эсрэг хүчээ нэгтгэж байна

Хуучирсан мэдээ: 2020.09.29-нд нийтлэгдсэн

Д.Бумдарь: Хүчгүйдсэн намууд МАН-ын эсрэг хүчээ нэгтгэж байна

Д.Бумдарь: Хүчгүйдсэн намууд МАН-ын эсрэг хүчээ нэгтгэж байна

Орон нутгийн сонгууль ирэх сарын 15-ны өдөр орон даяар явагдана. Үүнтэй холбогдуулан улс төр судлаач, доктор Д.Бумдарьтай ярилцлаа.


-Орон нутгийн сонгуулийг энэ удаа олонхын мажоритар тогтолцоогоор явуулна. Сонгуульд МАН ба бусад ардчиллын төлөөх намууд нэгдэж өрсөлдөхөөр боллоо. Таны хувьд энэ удаагийн сонгуулийн онцлогийн талаар юу хэлэх вэ?

2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээс харахад, сонгогчид төрийн тогтвортой байдлыг хүссэн, мөн эдийн засаг болон "Covid-19" дэгдсэн цаг үе сонгуулийн хугацаатай давхцсан гэх мэт олон хүчин зүйлийн нөлөөгөөр МАН дахин ялалт байгуулсан. Тиймээс орон нутгийн сонгуулиар МАН дахин ялалтын уухайгаа үргэлжлүүлэх үү гэдэг асуудал хамгийн чухал. Өөрөөр хэлбэл, 2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүн үнэхээр иргэдийн хүссэн үр дүн байсан уу гэдгийг орон нутгийн сонгуулиар харах боломжтой.

Хөдөө орон нутагт магадгүй хүнд нь ач холбогдол өгөхгүйгээр аль намын нэр дэвшигч вэ гэдгээс шалтгаалаад тухайн намын өнгөтэй гишүүд сонгогдоход гайхах зүйл биш. Нийслэлд илүү өрсөлдөөн явагдах нь тодорхой.

Нөгөөтэйгүүр 2020 оны УИХ-ын сонгуулиар “Сонгогчдын 40 орчим хувь нь өнөөгийн парламентыг сонгоогүй атал үнэмлэхүй болчихлоо” гэдэг шүүмжлэл бодит эсэхийг, мөн сонгуулийн тогтолцоо буруу байсан эсэхийг нийслэлийн ИТХ-ын сонгуулиас харах боломжтой.

Тэр утгаараа намуудын оролцоо МАН болон бусад нам гэсэн хэлбэрт орлоо. Ерөнхийдөө Монголын улс төрийн нам нэг нам болон бусад нам гэдэг хэлбэр лүү орж байгааг улс төр судлаачид ч хэлж байна. Тиймээс өрсөлдөж байгаа намуудын хэлбэрт гайхаад байх зүйлгүй. Бусад улс төрийн намуудтай харьцуулахад МАН улс төрийн институтийнхээ хувьд маш хүчирхэг болж чадсан байна.

-Зүүний, барууны чиг баримжаатай намууд нэгдэхээр дотроо үзэл баримтлалын зөрчилдөөн гарах уу?

-Монголд улс төрийн намууд нь үзэл баримтлалаараа өрсөлддөг, эсвэл түүгээрээ гишүүд татдаг байдал харьцангуй сул. Үзэл баримтлалыг нь дагаж намд гишүүнээр элсэхээс илүүтэй прагматик буюу дараагийн дөрвөн жилд хэн засаглах бол гэдэг байдлаар намд гишүүнээр элсэх нь түгээмэл. Намын дүрэм, баримт бичигтээ баруун, зүүн эсвэл төвийн гэж чиглэл баримжаа тодорхойлсон тунхаг бол бий. Гэвч тэр нь төрийн үйл ажиллагаа болж хэрэгжихээрээ голдуу зүүний чиглэлтэй болчихдог. Өнгөрсөн 30 жил төр барьсан намуудыг харахад, Засгийн газрын үйл ажиллагааны дөрвөн жилийн мөрийн хөтөлбөр болон хэрэгжүүлж ирсэн бодлогууд нь ихэвчлэн зүүн төвийн буюу халамж, хамгааллын бодлого барьж ирсэн.

Энэ утгаараа нам бүр өөр өөр үзэл баримтлалтай гэж ярьдаг хэдий ч тэр нь бодит тусгал дээрээ зүүний чиглэлийнх болж хувирдаг. Тэгэхээр намууд нэгдэхэд энэ нь зөрчилдөөн болохгүй.

"НАМУУД ХҮЧГҮЙДЭЭД, ХҮЧ ХАВСАРЧ БАЙНА"

-Намууд нэгдэж, нийлж байгааг юу гэж харж байна вэ. Хүчгүйдээд хүч хавсарч байна уу, эсвэл өөр шалтгаан байна уу?

-Мэдээж, хүчгүйдээ хүч хавсарч байна гэж шууд хэлнэ. Манайд тогтсон сонгуулийн соёл бол "Мөлхөө сүлжээ" гэж гоё нэр томьёолол бий. Энэ нь нэг ёсны гишүүнчлэлээрээ санал авдаг гэсэн үг. Жижиг намууд энэ жишгээр хэсэг бүлэг гишүүд, дэмжигчидтэй учраас нэгдэхээс өөр аргагүй. Тэгэхээр аргагүйн эрхэнд бодит нөхцөл байдлаас бий болсон нэгдэл гэж хэлж болно. Түүнээс биш сайн дурын нэгдэл биш.

-МАН залуучуудаа бэлтгэж чаддаг, бэлэн залуучуудаа дэмжиж чаддаг гэдэг уриа лоозон өмнөө барьж, дандаа залуучуудыг орон нутгийн сонгуульд нэр дэвшүүллээ. НАМЗХ-ноос нийслэлд 10, аймагт найм, дүүрэг 38, сумдад 300 гаруй залуу нэр дэвшиж байна. Ер нь улс төрд орох гэж байгаа залууст өнөөдөр туршлага хэр чухал вэ?

-Залуу хүнийг туршлагагүй, эсрэгээ ахмадуудыг үе нь өнгөрсөн гээд ярих нь утгагүй. Хэн хүсч, хэн чадна, хэн улс төр хийх хүсэлтэй байна тэр хүнд нас, хүйс, жендерийн ялгаа хэрэггүй. Гагцхүү мөрийн хөтөлбөр, хэрэгжүүлэх ажил, хийх боломжтой эсэх, тухайн орон нутгийн асуудлаа мэддэг үү гэдэг нь гол шалгуур болох учиртай. 40-50 нас хүртлээ ажиллаж хөдөлмөрлөж байгаад аливаа тулгамдсан асуудлын шийдэл нь улс төр гэж үзээд улс төрд орж ирж байгаа хүмүүс ч  бий.

Гэтэл гэр бүлийн нөлөө, өөрийн сонирхлоороо залуугаасаа улс төрд явахыг ч үгүйсгэхгүй. Улс төрд орсон үеэс эхлээд улс төрийн туршлагыг нь тоолдог. 40 гарсан залуу 20 хэдэн насандаа улс төрд орсон бол түүнийг 20 гаруй жилийн улс төрийн туршлагатай гэж хэлнэ.

-Манайд 60 нас хүрээгүй байхад нь улс төрөөс "зодог тайлахыг" шаарддаг, шүүмжилдэг. Гэтэл гадаадын өндөр хөгжилтэй орнуудад 60 хүрээд дөнгөж улс төрийн карьер нь эхэлж байх жишээтэй. Ер нь улс төрд байх тохиромжтой нас гэж байна уу?

-Улс төрийн насжилт гэдгийг манайд 1990 оноор хардаг. Өөрөөр хэлбэл, 1990 онд улс төрд орж ирсэн тэр  хүмүүсээр  улс төрийн насыг тогтоож байгаа. 1990 онд улс төрд орохдоо 30 настай байсан хүмүүс өнөөдөр 60 нас хүрэхээр улс төрөөс буух цаг нь болсон гэдэг нийгмийн сэтгэлзүй хандлага бий.

Гэтэл  тогоондоо чанагдах тусмаа улс төрийн туршлага суудаг онцлогтой талбар. Биеийн хөдөлмөр гэхээс илүү оюуны хөдөлмөр шаардагддаг учраас зөвлөх туршлага улам илүү суудаг.

-Нэр дэвшигчдийг харахад, аль нэг улстөрчөөс хамааралтай, эсвэл тойрон хүрээлэгчдээс нь харахад хэт намчирхал, улстөржилт бий болчихсон юм биш үү?

-Нэг талаасаа улстөрч болохын тулд анхан шатнаас нь бэлтгэгдэх гэсэн дүр зураг. Нөгөө талдаа намын гишүүд л орон нутгийн сонгуульд оролцдог юм байна гэдгийн баталгаа болж байна. Энэ тохиолдолд нам бус иргэдийн хувьд хязгаарлагдмал болж, анхан шатны нэгж хүртэл намжсан байна гэдгийг шууд харах бодит дүр төрх. Уг нь УИХ-ын гишүүд хууль баталж, орон нутагт нэр дэвшигчид нь тухайн орон нутгийн асуудлыг ярьж, шийдэх ёстой.

Гэтэл орон нутгийн асуудал руу УИХ-ын гишүүд ордог болчихсон учраас тэр дор хэт улстөржилт явагддаг тогтолцоог өөрсдөө бий болгочихсон.

Нутгийн өөрөө удирдах ёсыг хүлээн зөвшөөрсөн хэдий ч төвийн удирдлагатай. Дээрээсээ бүгд хамааралтай. Төсөв, санхүүгээс эхлээд аймгийн Засаг даргыг томилоход ч гэсэн дээрээсээ оролцоотой байдаг учраас яалт ч үгүй намын хүчин зүйлс нөлөөлж байна.

-УИХ-ын сонгууль бол үндэсний хэмжээнд явагддаг. Сонгогдсон гишүүд үндэсний хэмжээний бодлогыг тодорхойлдог. Харин орон нутгийн сонгууль аймаг, дүүргийн асуудлыг шийдвэрлэдэг учраас тухайн дүүрэг, хорооны иргэн бүрт хамаатай. Гэтэл иргэд орон нутгийн сонгуульд бус УИХ-ын сонгуульд илүү ач холбогдол өгдөг юм шиг?

Тийм тал бий. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд ч гэсэн иргэдийн оролцоо бага байх болов уу гэж харж байна. Эсрэгээрээ намын гишүүд, дэмжигчид төрийн байгууллагын ажилчдын оролцоо өндөр байна.

Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, төрийн үйлчилгээг хүндрэл саадгүй авах гэсэн иргэн хүнд олгогдсон үндсэн эрхээ эдлэхэд аль нам нь илүү асуудлыг хөндөж байна вэ гэдгийг харж, үүнд бодитой оролцоорой гэж сонгогчдод уриалмаар байна.

Суурь асуудлуудыг ямар шийдлээр, арга замаар шийдэх вэ гэдгийг хамгийн бодитоор, ойлгомжтойгоор мөрийн хөтөлбөртөө тусгаж байж сонгогчдын саналыг татна.

Тухайн хороо, дүүргийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангуулахын төлөө идэвхтэй явдаг тийм хүнийг л сонгох нь зөв гэж хэлмээр байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж