Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн цаг уурч Э.Доржпүрэвээс ирэх аравдугаар сарын цаг агаарын нөхцөл байдлын талаар тодрууллаа.
-Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар сэрүүсч, зарим аймгуудын уулархаг нутгаар нойтон цас орж эхэллээ. Аравдугаар сард цаг агаар ямар байх төлөв ажиглагдаж байна вэ?
–Аравдугаар сарын урьдчилсан төлвөөр Монгол орны баруун аймгуудын нутгаар буюу Увс аймгийн ихэнх, Завхан аймгийн баруун, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгуудын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас /ОЖД/ 1.5-2 градус хүйтэн, бусад нутгаар ОЖД орчим байна. Хур тунадасны хувьд Сүхбаатар аймгийн өмнөд хэсэг, Өмнөговь аймгийн Зүүн хэсгээр ОЖД-аас ахиу, бусад нутгаар ОЖД-ын орчим хур тунадас орох төлөвтэй байна.
Төвийн аймгуудын нутгаар энэ сард Төв аймгийн хойд, Сэлэнгэ аймгийн баруун хэсгээр ОЖД-аас хүйтэн байна. Хур тунадас нийт нутгаар ОЖД-ын орчим, температур нь шөнөдөө 4-9 градус, өдөртөө 8-13 градус байна. Нэгдүгээр арав хоногийн эхэнд, нэг ба хоёрдугаар арав хоногийн сүүлээр агаарын температур өмнөх үеэсээ 3-5 градусаар хүйтэрнэ. Агаар болон хөрсөн дээр хүйтэрч болзошгүй байна. Нэг ба хоёрдугаар арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй байна.
Говийн аймгуудын нутгаар энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД-ын орчим байна. Хур тунадасны хувьд Дорноговийн ихэнх нутаг, Өмнөговийн зүүн хэсгээр ОЖД-аас ахиу, бусад нутгаар ОЖД-ын орчим байна. Агаарын температурын хувьд шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус байна. Зүүн аймгуудын нутгаар энэ сард агаарын дундаж температур Хэнтий, Дорнод аймгуудын хойд хэсгээр ОЖД-аас хүйтэн бусад нутгаар дунджын орчим байх төлөвтэй байна. Хур тунадас Сүхбаатар, Дорнод аймгуудын өмнөд хэсгээр ОЖД-аас ахиу, бусад нутгаар дунджын орчим байна. Нэгдүгээр арав хоногийн эхэнд, нэг ба хоёрдугаар арав хоногийн сүүлээр агаарын температур өмнөх үеэсээ 3-5 градусаар хүйтэрнэ.
–Аравдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлвөөр хэр их хүйтэн жил болохоор байна вэ?
-Аравдугаар сарын урьдчилсан төлвөөр Монгол орны нутгийн баруун хэсэг буюу Увсын ихэнх, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай аймгуудын хойд, Завхан аймгийн баруун хэсгээр, мөн Дорнод, Төв, Хэнтий аймгуудын хойд хэсгээр Сэлэнгэ аймгийн зүүнээр ОЖД-аас хүйтэн, бусад нутгаар дунджын орчим байна. Харин хур тунадасны хувьд Өмнөговийн зүүн, Сүхбаатарын өмнөд хэсгээр ОЖД-аас ахиу, бусад нутгаар ОЖД-ын орчим байх төлөвтэй байна.
Нэгдүгээр арав хоногийн сүүл болон хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар өмнөх үеэсээ хүйтрэн цас орж, цас болон шороон шуурга шуурах төлөвтэй байна. Өдөртөө хасах 2-3 градус хүрнэ.
-Олон жилийн дундаж гэдэг нь хэдэн жилийг хамруулсан үзүүлэлт вэ?
-Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж /ОЖД/ утга гэдэг нь 1981-2010 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг. Сарын цаг агаарын урьдчилсан мэдээнд сарын дундаж агаарын температур, нийлбэр хур тунадасны хэмжээг дараах дөрвөн бүс нутгаар тус бүрээр урьдчилан мэдээлдэг.
- Баруун бүсэд Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор,
- Төв бүсэд Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Төв,
- Зүүн бүсэд Хэнтий, Дорнод, Сүхбаатар,
- Говийн бүсэд Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр зэрэг аймгууд хамаардаг.
Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд "зарим газраар", 30-70 хувьд "ихэнх нутгаар", 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд "нийт нутгаар" гэсэн нэр томьёо хэрэглэдэг.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ