Тайландын Чиангмай хотод зохион байгуулагдсан 12 цагийн гүйлтийн тэмцээнд оролцож, тэргүүн байр эзэлсэн Б.Буджаргал дэлхийн олон удаагийн тэмцээн уралдаанд оролцон, амжилт үзүүлж байсан ч Монголын төр дэмжлэг үзүүлсэн удаагүй тухай хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэрбээр “Миний хувьд улс, орныхоо нэрийг дэлхийд гаргах нь маш чухал үүрэг гэж боддог. Тэмцээнд түрүүлээд улсынхаа нэрийг гаргах хамгийн сайхан, бас их баярлана. Харин улс маань намайг тоодоггүй. Засгийн газар, төрийн байгууллагаас нэг ч удаа дэмжлэг үзүүлж байгаагүй. Миний хувьд тэмцээнд оролцоод амжилт гаргасныхаа дараа тусламж өгөхийг хүсч, ханддаг байсан. Гэвч дандаа төсөв мөнгө байхгүй, зөвхөн олимпийн тамирчдаа дэмждэг гэх хариулт өгдөг. Энэ төрлийн спортыг дэмждэггүй нь их харамсалтай санагддаг” гэжээ.
Нутгийн зөвлөлүүд, компаниуд улсын наадмын үзүүр түрүү хүртсэн бөхийг гурваас дөрвөн өрөө байр, “Lexys-570”-аар байлж, бэл бэнчингээрээ уралддаг. Гэтэл түрүүлсэн бөхчүүд нь допингийн шинжилгээнд бүдэрч, зарим нэг нь шээс солигдсон зэргээр гүрийж, ширэн нүүрлэх нь бий. Үүний оронд бор зүрхээрээ зүтгэн, тив дэлхийд Монголын нэрийг гаргаж яваа Б.Буджаргалыг дэмжвэл дээргүй юу.
Б.Буджаргал олон хоногийн гүйлтээр 2008 оноос хойш тасралтгүй хичээллэж байгаа бөгөөд дэлхийн хэмжээний 10 том тэмцээнд оролцоод тавд нь аваргалжээ.
Л.ОЮУ
Холбоотой мэдээ