Олимпийн наадмын хошой хүрэл медальт, Дэлхийн хошой аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Мөнхбаяр буудлага спорт сонирхогчдын урилгаар сургалт хийхээр болжээ. Гавьяат буудлага спортын шаардлага хангасан гар буутай бүх насны хүмүүст зориулсан сургалтыг хэзээнээс эхлүүлэх талаар тодорхой шийдвэр гараагүй ч удахгүй эхлүүлэхээр төлөвлөж байгаа юм байна.
Сургалт долоо хоногт хоёр удаагийн давтамжтай байх ба Техник спортын төвд хичээллэнэ. Гавьяат тамирчин Д.Мөнхбаяр 1992 онд “Барселон-92” олимпийн наадамд оролцох эрхээ анх удаа авсан бөгөөд 23 насандаа тэр анхлан оролцсон энэ олимпоос спорт гар бууны 25 метрийн зайн төрөлд хүрэл медаль хүртсэн бол 16 жилийн дараа буюу 2008 онд 39 насандаа БНХАУ-ын “Бээжин-2008” олимпийн наадмаас дахин энэ төрөлдөө хүрэл медаль хүртэж, олимпийн хос медальтан болсон билээ.
Гавьяат тамирчин Д.Мөнхбаярын гаргасан амжилтуудыг дурдвал, ДАШТ-ээс ганцаарчилсан төрөлд хоёр алт, нэг хүрэл, багийн төрөлд хоёр хүрэл, Дэлхийн цомын тэмцээний шигшээ тэмцээнээс гурван мөнгө, нэг хүрэл, Дэлхийн цомын АШТ-ээс зургаан алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль, Европ тивийн АШТ-ээс ганцаарчилсан төрөлд нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль, багийн төрөлд хоёр алтан медаль, Азийн АШТ-ээс ганцаарчилсан төрөлд хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль, багийн төрөлд нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртэж байжээ.
Монгол Улсын гавьяат тамирчин Д.Мөнхбаяр Монгол Улс, ХБНГУ-ын нэрийн өмнөөс тус бүр нэг удаа олимпийн наадмаас хүрэл медаль, ДАШТ-ээс тус бүр аваргын алтан медаль хүртэж алдраа дуудуулсан содон түүхтэй тамирчин юм. Д.Мөнхбаяр гавьяатад “Рио-2016” олимпийн дараа Энэтхэг улсаас залуучуудын шигшээ багаа дасгалжуулах хүсэлт тавьжээ. Тэрбээр уг саналыг хүлээж аван, 2020 оны Токиогийн олимп хүртэл Энэтхэгийн мэргэн буучдыг дасгалжуулахаар болсон юм.
А.СҮРЭН