Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар томилогдох үедээ У.Хүрэлсүх “Монголчууд бид хууль сахиулагчдаас айж амьдрах ёсгүй. Манай Засгийн газар ард түмний Засгийн газар байх болно” гэж амлаж байв. Харин 31 дэх Ерөнхий сайдаар улирсан У.Хүрэлсүхийн чуулганы танхимаас ард түмэндээ хандаж хэлсэн анхааруулга нь “Биднийг битгий доромжлоорой. Ардын нам хүн амьтанд доромжлуулаад байдаг нам биш шүү”!
Өнгөрөгч долоо хоногийн Даваа гаригт тэрбээр цэрэг цагдаа, тагнуул, хууль, хяналтын дарга нартай уулзахдаа “Зохион байгуулалттайгаар үндэсний аюулгүй байдалд хохирол учруулах гэж оролдож буй нөхөдтэй хуулийн хүрээнд тэмцэх”-ийг даалгасан юм. Түүний өгсөн даалгаврын дагуу хоёрхон хоногийн дараа цагдаагийн байгууллагад хуурамч мэдээлэлтэй тэмцэх дагнасан нэгж байгуулснаа ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү Лхагва гаригт мэдээлсэн юм. Хуурамч мэдээлэлтэй тэмцэх дагнасан нэг нь сошиал орчинд түгээгдэж буй үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй хуурамч мэдээлэл тараах, бусдыг гүтгэн доромжлох, гэмт хэргийн шинжтэй мэдээллийг шалгах, таслан зогсоох чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар болсныг тэрбээр нүүр номдоо онцолжээ.
Гэвч, үнэндээ Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх хуурамч мэдээлэл нэрээр ҮАБЗ-ийн гишүүдийг, Х.Баттулга, Г.Занданшатар, У.Хүрэлсүх нарын бодлого шийдвэрийг хэвлэл мэдээллээр болон олон нийтийн сүлжээнд шүүмжлэх эрхгүй болгож байна гэсэн үг. Товчхондоо, иргэдийнхээ мэдэх эрх ба үг хэлэх эрх чөлөөг эрх мэдэлтнүүд ийнхүү ил цагаан “дээрэмдэх”-ээр шийдсэн нь энэ.
Жилийн өмнө “Дэлхийн Монгол ногоон нэгдэл” гэх төрийн бус байгууллагатай хамтран цахим орчин хяналт тавих санамж бичиг байгуулж байсан Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ж.Амгалан “Үзэл бодлоо илэрхийлэх гэж байгаа бол эхлээд уншиж, судлаж бодитой болгосныхоо дараа цахим орчиндоо бичих хэрэгтэй. Түүнээс биш хэн ч бодсон, санаснаа бичээд байвал нийт массдаа сөргөөр нөлөөлж цаашлаад монголчууд ямар үнэлэмжтэй, сэтгэхүйтэй вэ гэдэг нь гадна талдаа ч харагдаж байгаа” гэсэн нь бүр ч ноцтой тайлбар. Цагдаатай хамтран цахимд орчин хяналт тавихаар болсон DMNN-ийн хаягнаас хуурамч мэдээлэл тараах, бусдыг гүтгэн доромжлох, гэмт хэргийн шинжтэй мэдээлэл түгээх нь элбэг. Хэрэвзээ, ЦЕГ хуурамч мэдээлэлтэй жинхнээсээ тэмцмээр байгаа бол тэмцлээ уг нь тэднээс эхлэх ёстой байв. Гэтэл энэ нэгжийн жинхэнэ зорилго нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хамгаалахдаа биш Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүнийг муулуулахгүй, шүүмжлүүлэхгүй байхад л чиглэгджээ гэж харагдаж, хардагдаж буй. Монгол Улсын үндэсний аюулгүй байдал нь үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө юм, үндсэндээ.
Гэтэл Хятадын Гадаад хэргийн сайд Ван И-гийн айлчлалын дараахан цагдаад үзэл бодол, үг хэлэх эрх чөлөөг хянах, шалгах эрхтэй нэгжийг байгуулсан нь анхаарал татахаас аргагүй. Магадгүй их гүрний түшмэлийг шүүмжилсэн, үндэсний цөөнхийн эх хэлний тэмцлийг дэмжсэн нь Ж.Амгалан хурандаагийн тайлбарласан шиг гадаад талдаа хэт эх захгүй, эрх чөлөөтэй харагдсан байж болох. Иймээс монголчуудын үг хэлэх, эрх чөлөөг хумихыг гадаад дарга нар үүрэгдсэн байхыг ч үгүйсгэхгүй. Энэ бол гүтгэлэг биш хардлага. Өөрөөр хэлбэл, 700 сая юаниар монголчуудын үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг худалдчихаагүй байгаа гэх айдас, болгоомжлол ч эндээс төрөх болсныг нуух юун. Ардчиллын амин сүнс бол үг хэлэх эрх чөлөө. Амыг нь барьчихад л Монголын ардчилал баяртай болно.
МАН 2016 онд засгийн эрхийг авсныхаа дараа Зөрчлийн хуулийг батлуулсан байдаг. Уг хуулиар шийтгүүлсэн хүмүүсийн 80-90 хувь нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд болон олон нийтийн сүлжээн дэх сөрөг үзэлтнүүд.
Уг нь Монгол Улс Үндсэн хуулиар үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалсан байдаг. Гэвч, Үндэсний аюулгүй байдлаасаа том Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийнхөнд Үндсэн хуулийн заалт энэ тэр бол түй ч хамаагүй биз.
Ерөнхий Ассамблейн 1966 оны арванхоёрдугаар сарын 16-ны 2200А(XXI) тоот тогтоолоор баталж, 1976 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүчин төгөлдөр болсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактад "…Хүн бүр үзэл бодлоо ямар ч хорио саадгүй, чөлөөтэй илэрхийлэх эрхтэй, энэ эрхэнд төрөл бүрийн мэдээлэл болон үзэл санааг улсын хил хязгаарыг үл харгалзан амаар, бичгээр, хэвлэлийн буюу уран сайхны аргаар, өөрийн сонгосон бусад аргаар эрж хайх, хүлээн авах, түгээх эрх чөлөө багтана" гэж заасан байдаг. Гэвч, харамсалтай нь Монгол Улс дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексээр Ардын нам засгийн эрхийг авснаас хойш 13 байраар ухарч, 73 дугаарт жагсах болсон. Цагийн сайханд манай улс Азийн ардчиллын баян бүрд гэж нэрлэгдэж явсныг сануулах юун.
Зөвхөн 2018 онд бусдыг гүтгэсэн, доромжилсон гэх үндэслэлээр цагдаад 182 хэрэн бүртгэгджээ. Дийлэнх нь сэтгүүлч, үлдсэн нь жиргээчид. Зөрчлийн тухай хуулийн "Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэх 6.21-дэх заалтаар хоёр сая төгрөгөөр торгуулсан сэтгүүлч цөөнгүй. УИХ-ын гишүүн Х.Нямбаатарыг “утсан хүүхэлдэй” гэснийхээ төлөө хоёр сая төгрөгийн торгуульд унасан сэтгүүлч бий. Архангай аймгийн Засаг даргыг 15 удаа гадагшаа томилолтоор явсан гэж бичсэн сэтгүүлчийг 13-ыг 15 гэж гүтгэсэн болгоод мөн л хоёр сая төгрөгөөр торгосон байдаг. Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболдын нэр төрд халдсан гээд шүүхээс Э.Бат-Үүлд 4 сая төгрөгийн торгууль оноосон зэрэг жишээ маш олон.
Өмнө нь бусдыг “гүтгэсэн” гэх хэргээр торгууль хүлээдэг байсан бол одоо шорон явдаг болсон.
Учир нь, Зөрчлийн хуульд байсан 6.21-дэх заалтыг өөрчилж, 2020 оны нэгдүгээр сард Эрүүгийн хуульд оруулснаар тус хуулийн 13 дүгээр зүйлд заасны дагуу худал мэдээлэл тараасан гэх үндэслэлээр эрүүгийн гэмт хэрэгтэн болгодог болсон. Даргын нэр төрд халдсан дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялтай.
Хараах, гүтгэх, доромжлох эрхийг Ардчилсан намынхан амьтан, хүнд авчирч өгсөн бол Ардын нам эсрэгээрээ. Амьтан хүнд доромжлуулдаг нам тэд биш билээ!