Дундаж давхарга ядуусын эгнээ рүү шилжиж байна

Хуучирсан мэдээ: 2020.09.28-нд нийтлэгдсэн

Дундаж давхарга ядуусын эгнээ рүү шилжиж байна

Дундаж давхарга ядуусын эгнээ рүү шилжиж байна

МҮХАҮТ-ын “Цар тахлын дараах бизнесийн орчин: Боломж ба сорилт” сэдэвт нийтлэлийн уралдаанд зориулав

Б.Бат-Ирээдүй амьдралын шаардлагаар ачигч хийж буй тухайгаа хуучиллаа. Тэрбээр "Цагтаа аялал жуучлалын томоохон компанид менежер ажилтай, эхнэр гурван хүүхдээ сарын 1.6 сая төгрөгийн цалин, нэмэлт бас бус орлогоороо бусдаас дутаахгүй тэжээгээд болоод л байлаа. Гайтай цар тахлын улмаас аялал жуулчлалын бизнес тасарч, нэг л өдөр ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн. Компанийн орлого буурч, үйл ажиллагаа зогссон шалтгаанаар миний үеийн 18 залуу ажлаасаа нэг өдөр чөлөөлөгдсөн.

Эхний долоо хоног ч яах вэ, ажилгүй болсон “шок”-ноосоо гараагүй. Дараагийн долоо хоногоос “Эхнэр, хүүхдүүдээ цаашид яаж тэжээх вэ” гэдэг бодол толгойноос салахгүй, нойргүй хоноход хүрсэн. Юм юм хийх гэж оролдлоо. Гайгүй ажилд орлоо гэхэд цалингаа цагт нь тавьж чадахгүй юм. Үйлчилгээний байгууллагад таван сар ажилласан цалингаа одоо хүртэл авч чадаагүй явна. Аргагүйн эрхэнд ингээд “Барс” худалдааны төв дээр ачигч хийж байна даа. Ядаж өдөртөө хоолны мөнгөө олчихоод байгаа болохоор бас сэтгэл жаахан уужуу байна. Заримд маань ажил олдохгүй, архи уугаад өдөр хоногийг өнгөрөөж байгаа олон хүн байна шүү.

Миний хувьд хүүхдүүд минь бага байгаа учраас өвдөх ч эрх байхгүй. Цаашид тэднийхээ ирээдүйд яаж хөрөнгө оруулалт хийх арга ухаанаа олохгүй явна” хэмээн ярьсан юм. Б.Бат-Ирээдүй цар тахлын улмаас ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн дундаж давхаргынхны төлөөлөл.

Өнөөдөр коронавирусийн халдварын улмаас ажилтай орлоготой байсан иргэд цомхтголд өртөн, ажлын байргүй болсны улмаас ядуусын эгнээ рүү “гулсан” орж байгаа нь бодит үнэн билээ.

2020 оны хоёрдугаар улиралд нийт 8000 ажлын байр цомхтголд орох (“Covid-19” вирусийн ажлын байрны нөлөөллийн судалгааны тайлан. МҮХАҮТ) тооцоо судалгаа гарч байв. Ажлын байрны тооны өөрчлөлтийг салбараар харвал зочид буудал, нийтийн хоолны 52%, аялал жуулчлалын 44%, банк санхүүгийн 42%, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын 39% нь ажлын байрны тоогоо бууруулжээ.

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр, өнөөдрийн байдлаар ажлын байрны тоо нийт 6000 орчмоор буурсан дүнтэй байна.

Ажилгүйдлийн даатгалын сангаас 2020 оны эхний найман сард 13.7 мянган хүнд 33.8 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад тэтгэмж авагчид 666 (4.6 хувь) хүнээр буурч, олгосон тэтгэмжийн хэмжээ 7.8 (29.8 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Манай улсад зөвхөн бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 19 мянга дөхөж байгаа статистик мэдээлэл бий бөгөөд насны хувьд 15-54 насныхан байгаа юм. Ид хийж бүтээх насны иргэдээ ажилтай, орлоготой байлгах асуудалд төр засгаас анхаарлаа хандуулахгүй бол улс орны ирээдүй бүрхэг болж, асуудал улам хурцдаж болзошгүйг эдийн засагчид анхааруулсаар байна.

Эдийн засагч Б.Лхагважав ажлын байр бий болгож, жаахан ч гэсэн хөрөнгө гаргасан хүн бүр эргээд дарамтад орж байгааг өгүүлсэн. Тэрбээр хэлэхдээ, 50 сая ам.доллар, цаашлаад нэг тэрбум долларын хөрөнгө босгоод, ажлын байр гаргаад явж байгаа компаниуд үнэндээ Засгийн газрын хийх ёстой ажлыг хийж байгааг тэмдэглээд, тэднийг байхгүй болговол орон зайг нь хэн эзлэх вэ гэдгийг төр сайтар бодох хэрэгтэйг анхааруулсан юм.

Б.Лхагважав “Цар тахлын үед асуудлыг яаж хамтдаа давж гарах вэ гэдэг л чухал. Өмнөх туршлагуудаас харахад, төрийн зөөлөн бодлогоор хямралаас гарч байсан. Засгийн газар, МҮХАҮТ компаниудтайгаа хамтарч ажиллаж байсных. Хөрөнгө оруулалтын асуудалд ч харилцан ойлголцож, тэр орон зайг нь бий болгож байсан. Түүнээс хонь, чонь болоод, харилцан эсрэг байвал нэгийг ч давж гарахгүй” хэмээн хатуухан хэлсэн билээ.

Монгол Улсын хувьд өнгөрсөн 2016-2018 оны хооронд хөдөө орон нутагт ядуурал буурсан нь хөдөө аж ахуйгаас олдог орлого нэмэгдсэнтэй холбоотой байв. 2018 оны Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаанаас харахад нийт малчдын 90 хувь нь ямаатай буюу ноолуур зардаг гэж гарсан бол 2020 онд ноолуурын үнэ хоёроос гурав дахин буурчээ.

Хөдөө орон нутагт "Covid-19" гарсан ч хөдөө аж ахуйн салбарт хөдөлмөр эрхлэгчдийн 98%-д нь нөлөө үзүүлсэнгүй. Харин эдгээр өрхийн 58% нь бүтээгдэхүүнээ борлуулж чадалгүй, орлого нь буурсан байна. Үүнийг сайн судлаад, дутагдаж байгаа, хязгаарлах хүчин зүйл рүү түлхүү анхаарах замаар хөдөөгийн өрхийн амьжиргааг тэтгэж болно хэмээн эдийн засагч Б.Дөлгөөн санал бодлоо хуваалцсан юм.

Мөн тэрбээр “Хотын хувьд арай өөр бодлого шаардлагатай. Хотод амьдарч буй хүмүүсийн орлогыг харахад хөдөө аж ахуйн орлого гэхээр зүйл байдаггүй. Мөн хотын ядуу бүлгийн хүмүүс олсон орлогынхоо бараг тал хувийг хоолондоо зарцуулдаг, энэ нь хангалтгүй байдаг. Гэтэл хүнсний үнэ нэмэгдчихвэл улам л тарчиг болно гэсэн үг. Хүнсний бүтээгдэхүүний үнэ тогтворжуулна гээд махыг 8000 төгрөг, будаа 2500-гаас ихгүй байх ёстой гэж хуульчилж огт болохгүй. Харин махны үнийн мөчлөгийг хэрхэн удирдах вэ, үнийн савлагааг хэрхэн бууруулах вэ гэдэг дээр илүү анхаарч ажиллах ёстой. Ингэснээр улирлын чанартай үнийн хөөрөгдлийг бууруулах замаар хүмүүсийн хэрэглээг нэмэгдүүлж болно” гэж үзэж байгаагаа хуваалцсан юм.

Дэлхий даяар “Covid-19”-ийн нөлөө нэн ядуу хүмүүсийн тоог 100 саяар, харин ядуусын тоог 176 саяар нэмнэ гэсэн тооцоо гарсан.

Өнөөдөр цар тахлын улмаас эдийн засгаас гадна нийгмийн том хямрал болохыг үгүйсгэхгүй. Нийгмийн хямрал болгохгүйн тулд дэлхийн улс орнуудад нийтийн төлөө ажилладаг бүх байгууллага хамтарч нэгдэж байгаа юм. Мөн нийгмийн байгууламжаа, үнэт зүйлээ авч үлдэхийн тулд төр нь тодорхой хэмжээгээр мөнгө хүртэл хэвлэсэн тохиолдол бий. Тухайлбал, АНУ чөлөөт зах зээлээ авч үлдэхийн тулд юугаа ч хайрлахгүй тэмцэж, өнгөрөгч гуравдугаар сард хоёр их наяд ам.доллар хэвлэж тараасан билээ.

Өнөөдөр бид нийгмийнхээ үнэт зүйлсийг авч үлдэхийн тулд нэгдэхийн зэрэгцээ өнгөрсөн 30 жил олж авсан чөлөөт эдийн засгаа авч үлдэхийн тулд хөдөлмөрийн зах зээл рүүгээ мөнгө гаргах зайлшгүй шаардлагатай тулгарч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж