Ц.Цэрэннадмид Ромд түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2016.02.14-нд нийтлэгдсэн

Ц.Цэрэннадмид Ромд түрүүлэв

Италийн Ром хотноо болж буй жүдо бөхийн эмэгтэйчүүдийн Европын нээлттэй тэмцээнд 29 орны 139 жүдоч өрсөлдөж байна. Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр манай баг тамирчид нэг алт, хоёр хүрэл медаль хүртлээ.

Энэ өдөр 63 кг-ын жинд ОУХМ Ц.Цэрэннадмид Бразил, ОХУ, БНХАУ-ын жүдочдыг дараалан цэвэр ялж, финалд Польшийн Т.Каролинаг торгуулиар хожжээ. Түүний жинд хамгийн олон буюу 29 бөх барилдсан юм.

Мөн 52 кг-ын жинд Гавьяат тамирчин М.Бундмаа, А.Цолмон нар хүрэл медаль хүртлээ.

Европын нээлттэй тэмцээний эхний өдөр 48, 52, 57, 63 кг-ын жингийн барилдаан болсон бөгөөд БНСУ, Монгол нэг алт, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар жагсаалтыг тэргүүлж байна. Итали, Франц тус бүр нэг алт, БНХАУ, Мексик, Тайвань, Польшийн мөнгөн медальтай III-VIII байрт жагсаж байна. Энэ өдөр Франц, ОХУ-ын жүдоч тус бүр нэг хүрэл медаль хүртжээ.

Тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр эмэгтэй 70, 78, +78 кг-ын жингийн барилдаан болно. Энэ өдөр 70 кг-д Ц.Наранжаргал, 78 кг-д П.Лхамдэгд, +78 кг-д О.Жавжмаа нар барилдана.

 

Хоёр дахь өдрийн барилдааныг шууд үзэх.www.ippon.org, http://www.eju.net/media

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж