Аз жаргалгүй 8 хувийн золиос | News.MN

Аз жаргалгүй 8 хувийн золиос

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Аз жаргалгүй 8 хувийн золиос

Аз жаргалгүй 8 хувийн золиос

Нийслэл Улаанбаатар хотын иргэд бараг аз жаргалтай болсон, худлаа гэвэл гудамжинд гараад хар хэмээн нийслэл хотыг засаглаж буй МАН үзэж байгаа. Бараг гэдэг нь 92 хувь юм. Өөрсдийнх тодотгосноор. Аз жаргалтай байна гэдэг ямар байхыг хэлэх вэ? Амьдрал нь бүрэн дүүрэн, орох оронтой, идэх хоолтой, өмсөх хувцастай, сурч боловсрох боломжтой, ирээдүйдээ итгэлтэй байхыг хэлэх байх.

92 хувь нь аз жаргалтай юм бол үлдсэн 8 хувьд хамаарах аз жаргалгүй хүмүүс байна гэсэн үг. Энэ л азгүй хэсэгт хамаарах нэгэн бяцхан зүрх өнгөрсөн долоо хоногт цаг бусаар хорвоог орхисон мэдээ аз жаргалтай Улаанбаатарыг хямраалаа.

Хойд эцэгтээ зодуулж амиа алдсан гэж урьдчилсан байдлаар таамаглан цагдаагийн байгууллага шалгаж байна. Хамгийн цочирдмоор нь тэр бяцхан амьтан ганц удаа зодуулаад хорвоог орхиогүй, зодуур, хүчирхийлэл дор амьдарч байсан гэдэг нь ил боллоо. Талийгаач охин нэг эгчтэй, эгч нь өөрийгөө бүрэн илэрхийлэх чадваргүй, бусдын асрамж, халамж шаардлагатай нэгэн, хоёр охины төрсөн эцэг амьд эсэхийг мэдэхгүй, ээж нь дахин хүнтэй сууж, хүүхэд төрүүлсэн, одоо дахин нэг хүүхдийн зулайг үнэрлэхээр хүлээж буй, хойд аав нь тогтсон ажилгүй, Баянзүрх дүүрэгт уг гэр бүл бүртгэлтэй ч тэр хаяг дээрээ байдаггүй, сүүлийн хоёр жилд хэд хэдэн удаа байршлаа сэлгэн нүүсэн ч төрөөс өгдөг хүүхдийн мөнгө болон халамжийн мөнгийг албан ёсны бүртгэлтэй хаягаараа таслалгүй авч байсан, охиныг хойд эцэг нь зоддог байсныг ойр хавийн айлууд нь мэддэг байсан, охины 7-8 хавирга хугараад бороолсон байсан гэдгийг эмч хэлсэн. Ингээд тоочоод бичихэд л аз жаргалгүй 8 хувьд талийгаач охины гэр бүл хамаарч байна.

Охины үхэлд буруутай хүнийг тодруулах ажил бүхий л шатанд явагдаж байна. Мэдээж хамгийн түрүүн, хойд эцэг, төрүүлсэн үрээ хамгаалж чадаагүй, хойд эцгийг нь буруугүй хэмээн яриад сууж байгаа ээж, хорооны нийгмийн ажилтан, охины сурдаг сургууль гээд хэн нэг нь буруутан болох байх. Гэхдээ буруутныг оллоо гээд 8 хувийн бүлгээс гарч чадна гэж үү. Охины үхлийг өнөөгийн нийгмийн суурь асуудлаас ангид авч үзэх аргагүй. Төрсөн төөрсөн ч бай ажилтай, орлоготой эцэг эхтэй, тогтвортой гэр оронтой, эгч нь эрүүл, дүү нь цэцэрлэгт хүмүүжиж байсан /дүүгээ харсангүй хэмээн хойд эцэг нь зоддог байсан гэж ойр хавийн хүмүүс нь сэтгүүлчид ярьсан/ бол тэр охин бусад охидын адил өнөөдөр сургууль руугаа алхаж явах байлаа.

Хайраар өсгөж чадахгүй юм бол хүмүүн заяа бэлэглэх нь нүгэл болно гэдгийг ухаардаггүй аав, ээжүүдийг яах ёстой вэ? Хүчирхийллийг амьдралын хэвийн зүйл гэж үздэг аав ээжийг яах вэ? Ийм аав, ээжүүдийг хэн дахин хүмүүжүүлж ухааруулах ёстой вэ?

Хайраас хайр төрдөг, хайрлуулж өссөн хүүхэд хүчирхийлэгч болдоггүй гэдэг. 92 хувьд хамаарч байж хүчирхийлэгч болохгүй гэсэн үг. Хэдэн зуугаар нь тарааж байгаа “Алдарт эх”-ийн одон хүүхдийн аз жаргалыг илэрхийлэхгүй нь гашуун үнэн.

90-ээд оны шилжилтийн үед тэжээж, хувцаслаж, боловсрол олгож чадахгүй учраас олон хүүхэд төрүүлэхээс татгалзаж байсан. Харин одоо олон хүүхэдтэй эцэг эхэд төрөөс өгч байгаа халамжийг ямар нэг чанарын шалгуургүйгээр, хүүхдийн тоогоор олгож байгааг эргэн харах цаг болжээ.

Гэр бүл дэх хүчирхийлэл буурахгүй байгааг судалгаанууд харуулсаар байгаа ч энэ асуудалтай зөвхөн цагдаагийн байгууллага л тэмцэж байгаа болохоос хүчирхийлэгчийг төрүүлэхгүй байх, хүчирхийлэгч төрөх орон зайгүй болгох, хүчирхийлэгчийг тэвчдэггүй хувь хүнийг бий болгох нийгмийн цогц шийдэл хэрэгтэй болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Монгол 2020-09-28 43.242.242.59

Утаа, стресс, түгжрэл мөн дээрээс нь замбараагүй олон бар, зочид буудал гээд тоочоод байвал "Аз жаргал" тай хотын үнэн төрх гарах байх

Avatar

Зочин 2020-09-28 202.179.27.190

tasartlaa uugaal,hussen gazraa untaal jargal bish uu te???

Avatar

hujaa nohoinoos dor amidraltai umhii undesten 2020-09-28 192.82.69.134

udq ugaartaad ireheeree 80% bolnoo

Avatar

Зочин 2020-09-28 139.5.219.180

90 ОНООС ХОЙШ ГУДАМЖИНД АРХИЧИД УНТСААР ИРСЭН. ӨВГӨНТИЙН ХӨНДИЙ ГЭЖ БАЙХАД ГАМШИГ БОЛЖ БАЙЛАА. ӨНӨӨДӨР АРХИЧИД ГЭНЭТ ГАРЧ ИРЭЭД ГУДАМЖИНД УНТААД БАЙГАА ЮМ БИШ. УЛС ХӨГЖИЖ ХҮМҮҮС СОЁЛЖИЖ БОЛОВСОРЧ БАЙЖ ЭНЭ АРХИДАЛТ АРИЛНА. ЯДУУ БУУРАЙ БУСАД УЛСАД АРХИДАЛТ БАЙХГҮЙ БАЙНА. ХАРИН МАНАЙД БАЙНА. БИЕ БИЕДЭЭ ЭНЭ ӨВЧНИЙГ ХАЛДААЖ БАЙНА.

Avatar

98 huvi ni. 2020-09-28 202.131.229.146

Zurag deer baigaa ah jargaltail haragdaj baina.

Avatar

Зочин 2020-09-28 66.181.168.199

С.Бат-Үүл нийслэлийг удирдаад аз жаргалтай болгож чадаагүй шүү дээ. Хэн ч аз жаргалтай болгож чадахгүй. Ойртуулбал юун гэхээс. МАН тийм ч сайн нам биш. Гэхдээ АН-аас хавигүй дээр гэдэг нь бүгдэд ойлгомжтой юм. Юу үнэн тэр л үнэн болой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж