С.Заяасайхан: Би өөрийгөө бүтээж байгаа

Хуучирсан мэдээ: 2020.09.28-нд нийтлэгдсэн

С.Заяасайхан: Би өөрийгөө бүтээж байгаа

С.Заяасайхан: Би өөрийгөө бүтээж байгаа

Зураач С.Заяасайханыг монголчууд сайн мэднэ. Монгол Улсын Соёлын элч тэрбээр өнгөрөгч Бямба гаригт “Hidden Identity” буюу “Нуугдмал төрх” хэмээх бие даасан үзэсгэлэнгээ дэлгээд буй. Өвөг дээдсээс уламжлагдан ирсэн үнэт зүйлс өнөө цагийн өнгө мөнгөнд дарагдаж, нуугдах шиг… Өмнө нь зураач С.Заяасайхан үндэсний хэв шинж, түүх соёл, монгол хатдын гоо үзэсгэлэнг илүү тод тусгадаг байсан бол одоо илүү гүнзгийрсэн мэт сэтгэгдэл төрнө. Тэрбээр "Энэ удаагийн үзэсгэлэн миний өмнө гаргаж байсан үзэсгэлэнгүүдээс илүү дотогш өнгийсөн, арай өөр үнэт зүйлийг эрэлхийлж, түүхийг эргэн сануулснаараа онцлог" гэдгийг хэлж байв.

“Цагийн сайханд бидэнд байсан болоод цөвүүн цагийн өнгөнд алдагдсан олон эрдэнэсийг харж мэдэрч чадсанаа өөрийн гарын ур, ухааны цар, уран сэтгэмжээрээ өвөрмөцөөр илэрхийлжээ” хэмээн үзэсгэлэнг зохион байгуулагч,Соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач С.Цогтбаяр тодорхойлсон билээ. Ингээд зураач С.Заяасайханы ярилцлагыг хүргэе.


Та өмнө нь уран зураг шимтэн сонирхогчдыг “Цаг хугацааны машин”-аар аялуулж байсан бол энэ удаа “Нуугдмал төрх”-өөр эргэн уулзаж байна. “Нуугдмал төрх” үзэсгэлэнд хэд хэдэн онцгой бүтээл харагдана. Таныхаар монголчуудын нуугдмал төрх юу вэ?

-Энэ удаагийн үзэсгэлэнгээ гаргахаар хоёр жилийн турш бэлтгэсэн. Анх куратор маань үзэсгэлэнгээ “Монгол төрх” гэж нэрлэх санал тавьсан. Тэгээд бид ярилцаж байгаад “Нуугдмал төрх” гэж нэрлэхээр шийдсэн юм. Монголчууд өвөг дээдсээс уламжлагдан ирсэн асар баялаг үнэт зүйлтэй. Хоёрдугаарт, өвөг дээдэс гэхээр холын өвөг дээдэс гэхгүйгээр социализмаас хойших ололт ялалтыг бид хэрхэн үгүйсгэж байгааг хөндсөн.

Шүүмжлэл гэхээсээ илүүтэй таашаал өгч, эргэн сануулахыг зорьсон гэх үү дээ. Гол хоёр том бүтээл маань энэ үзэсгэлэнг зангидаж байгаа. “Өвөг дээдэс эргэн ирэхүй” цувралдаа үе үеийн өвөг дээдсийн төлөөллүүдийг сайн судалж байгаад зурсан. Уг бүтээл нь нийт 18 метр урттай, есөн том цуврал зураг.

Хоёр жилийн өмнөөс түүхэн барилга, музейг нураагаад эхэлсэн. Мөн хэлмэгдэгсдэд зориулсан баримтуудыг шинэчлэл нэрийн дор урстгаж эхэлж буй нь харамсмаар санагддаг. Бид “Өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушиг” гэдэгчлэн ингэж хамаагүй түүх дурсгалаа устгаж болохгүй. Олон жил гадаадад амьдарсан хүний хувьд намайг монгол хүн л гэж хардаг. Монгол гэж тодотгодог бүх зүйл чамайг бусдаас өөр болгоно.

-Үзэсгэлэнд тавьсан бүтээлүүд тань бүгд шинэ үү?

-Үзэсгэлэнд нийт 50 гаруй бүтээл дэлгэгдэж байгаагаас 30 орчим нь цоо шинэ бүтээл юм. Миний хувьд жил бүр л бие даасан үзэсгэлэнгээ гаргадаг. Энэ удаагийнх бие даасан 17 дахь үзэсгэлэн. Яг жилийн өмнө “Lost kiss” нэртэй үзэсгэлэнгээ ОХУ-ын Эрхүү мужид бие даасан үзэсгэлэнгээ гаргасан.

-Таны бүтээлд үндэсний хэв шинж, түүх соёл, монгол хатадын гоо үзэсгэлэнг илүү тод тусгадаг. Үүгээр дамжуулан асуудал хөндөж, шүүмжлэлтэй хандах нь бий. Нэг бүтээл төрөн гарахад хэр хугацааг зарцуулдаг юм бэ?

-Нэг бүтээл хийх процесс янз янз. Би ерөнхийдөө их удаан зурдаг. Нэг зураг дээр нэлээд туршилт хийж, судална. Заримдаа эхлэх үедээ гоё байснаа дуусахдаа бүр учраа алдчихсан ч юм шиг санагдана. Хэлэхэд хэцүү. Миний хувьд үндэсний хэв шинж, уламжлалт элементүүдийг хэзээ ч орхигдуулдаггүй.

-Уран бүтээлийн сэдэв, санаагаа олчихоод, цаасан дээр буулгахад хэцүү үе байдаг уу?       

-Ер нь зураг зурах маш хэцүү. Тийм амар ажил биш. Хамгийн сүүлд хоёр зураг зурахдаа хагас жилээс хоёр жилийн хугацааг зарцуулсан. Алдарт зураач Леонардо Да Винчи анх “Мона Лиза” бүтээлээ зурахдаа дөрвөн жил зурсан гэдэг. ОХУ-ын алдарт зураач И.Е.Репиний бүтээл гэхэд 10 гаруй жилийг зарцуулсан байдаг.

Бүтээл гэдэг зөвхөн санаа. Санаагаа олсноор тухайн зураач боловсорч, хөгжиж, сэдвээ төгс болгохын тулд өсөх шаардлагатай байдаг. Тийм учраас амьдралынхаа турш суралцаж байдаг.

-“Мона Лиза” гэснээс энэ алдартай бүтээлийг зурсан дэлхийн 100 шилдэг бүтээлийн нэгд таны зурсан Монгол Мона Лиза” багтсан гэл үү?

-Өнгөрсөн 2013 онд АНУ-ын томоохон компаниас “Мона Лизаг дахин төсөөлсөн нь” гэдэг ном хэвлэгдэн гарсан. Дэлхийн шилдэг 100 зураачийн бүтээлээс оруулсан. Тухайн үедээ АНУ-ын бүх мужаар зарагдаад дууссан байна лээ. Тэр номонд миний “Хойд нас” гэдэг бүтээл багтсан байдаг. Хойд насандаа “Мона Лиза” Монголд эргэн төрсөн гэсэн утгатай.

-Олон нийтийн сүлжээнд хэр идэвхтэй вэ. Бүтээлээ сурталчлах тал дээр хэр сайн пиарчин бэ?

-Учиргүй сурталчилгаа хийх гэж хичээгээд байдаггүй. Одоогоос найман жилийн өмнө олон нийтийн сүлжээнд идэвхтэй байж, фэйсбүүк хуудсан дээрээ бүтээлээ их тавьдаг байсан. Тэр нь тус болохоосоо илүү ус болдог учраас больсон. Хүн өөрийгөө хамаагүй голж болдоггүй юм билээ.

-Таны "Endless Dream" хэмээх бүтээлийг Францын "LENA TOYA PARIS" брэнд зураачийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлан, хувцас гаргасан талаар хэвлэлээр мэдээлж байсан. Энэ асуудлыг шийдвэрлэж чадсан болов уу?

-Бид нэгдүгээр ангид орохдоо хэн нэгний зохиосон үсгийг сурч, бичиж сурдаг. Зураач нар түүнтэй адил өөрийн гэсэн үзэл бодол, илэрхийллээ олж авахын  тулд хуулбар зураг их зурна. Би оюутан байхдаа Марзан Шарав болон ОХУ-ын алдартай зураачдын зургийг хэчнээн ч олон хуулж зурдаг байлаа. Тэрийг бол өршөөж болохуйц зүйл. Гэтэл ашиг олох зорилгоор арай гэж хийсэн оюуны бүтээлийг хэдэн зуугаар  нь хэвлээд  үйлдвэрлэж байгаа нь маш харамсалтай. Бид үнэндээ контентын бизнес хийдэг. Миний зургийг хуулбарлан Хятад, Орос, Монголоос их захиалж хийлгэдэг юм билээ. Би тэр болгоныг анхаарч, хэрүүл хийгээд яваад байдаггүй. Тийм боломж ч байхгүй.

Мань мэтийн зураачид яаж чадах вэ дээ. Хятадад оюуны хулгай хийж, тэр ньбизнес бүр соёл болчихсон. Тэрийг  хэн ч яаж ч чаддаггүй. Бээжинд ажиллаж, амьдардаг урлаг судлаач найз маань БНХАУ-ын дотоодын интернэт сүлжээгээр хайхад 400 орчим компани миний бүтээлийг ашигласан байсан. Анхандаа нэг их юм бодохгүй сошиалд бүтээлээ тавьчихдаг байсан. Одоо жаахан айдастай болчихоод байгаа.

-Хэзээнээс өөрийгөө тоож эхлэв?

-Хүүхэд байхдаа л өөрийгөө мундаг гэж бодож байсан байх. Одоо бол тэгж бодохоосоо илүү өөртөө шүүмжлэлтэй хандахыг хичээдэг. Би уран бүтээлч болчихлоо гээд хамраа сөхөлгүйгээр өөрийнхөө дутуу дулимагийг мэдэрнэ. Эрүүл саруул байгаа дээрээ илүү сайн хөгжих юмсан гэж боддог доо. Би өөрийгөө бүтээж буй. Нас ч залуу байна.

-Таны бүтээлүүдийг олон улсын урлаг судлаач, шүүмжлэгч болон уран зураг сонирхогчид өндрөөр үнэлдэг. Гадаадаас уран бүтээлийг нь худалдан авах санал хэр ирдэг вэ?

-Миний өмнөх үеийн бүтээлүүдээ галерейд борлуулдаг байсан. Жишээлбэл, Энэтхэгт нэг, АНУ-д гурав, Тайвань, Япон улсад галерейтэй хамтран ажилладаг байлаа. Ямар ч байсан би сэтгэл хангалуун амьдардаг. Зарим нэг худалдан авагчаа хэлж болохгүй байх. Хамгийн сүүлд миний куратороор ажиллаж буй АНУ-ын хүндэт профессор хүн зургийг маань худалдан авсан. Мөн Холливудын киноны продюсеруудад ганц нэг бүтээл минь бий.

-Үзэсгэлэн гаргахдаа тусгай куратортой хамтран ажилладаг уу?

-Сүүлд ОХУ-д үзэсгэлэн гаргахад тухайн галерейгаас куратороо тавьж, өөрсдөө зохион байгуулсан. Энэ удаагийн үзэсгэлэнг миний номны автораар ажиллаж байгаа АНУ-ын урлаг судлаач, түүхч эрхэм ажиллалаа. Тэрбээр өнгөрсөн жил миний тухай “Гээгдсэн, олдсон Монгол” хэмээх ном бичсэн юм. Ном маань ирэх арваннэгдүгээр сараас хэвлэгдэх байх. Харин үзэсгэлэн зохион байгуулах ажлыг Соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач С.Цогтбаяр ах маань хийсэн. Миний мөнхийн дэмжигч хүн л дээ.

-Уран зургийн сургалт явуулдаг уу?

-Үгүй. Зарим эцэг эх “Чамаар хүүхдэдээ зураг зурахыг заалгамаар байна” гэдэг. Хариуд нь би тэр хүмүүст “Үгүй ээ. Би танай хүүхдээс суралцмаар байна” гэж хэлдэг. Би хүнд зураг зурахыг заагаад эхэлбэл тэр хүүхдийн өөрийнх нь ертөнцийг устгаж байна гэсэн үг. Эхлээд тэр хүн өөр өөрийгөө олох хэрэгтэй. Дэлхий дээр ганц л Леонардо Да Винчи байна шүү дээ.

Хэтэрхий академик сургалт уран бүтээлч хүний мөн чанар, сүнсийг устгадаг. Тиймээс хүүхдүүдэд академик сургалтад битгий гүнзгий ороорой гэж хэлдэг. Пабло Пикассо нэгэнтээ хэлэхдээ “Би Пикассо шиг зурахын тулд долоон жил болсон. Харин хүүхэд шиг зурахын тулд насаараа суралцаж байна” гэж хэлсэн байдаг. Хүүхэд төрөлхийн задгай сэтгэлгээтэй төрдөг ч нийгэмшихийн хэрээр баригдмал, хэн нэгний зохиосон дүрмээр тоглож эхэлдэг. Уран зураг бол мэргэжил биш. Чин сэтгэлийн илэрхийлэл. Мэдээж, технологийг  нь сурах хэрэгтэй ч өөрийнхөө илэрхийлэл, үзэл санааг олж авах нь чухал.

-Бага наснаасаа айлуудын бурхан шүтээний зургийг сэргээн зурдаг байсан гэсэн. Бүр лам болж байсан гэв үү?

-Анх уран зураг зурах дуртай болоход аав минь их нөлөөлсөн. Надад учиргүй зааж сургахаас илүүтэй үг, үйлдлээрээ үлгэрлэнэ. Бид чинь 1990-ээд оны хүүхдүүд. Тэр үед би жаахан хүүхэд байсан. Саваагүйтээд лам болно гээд гүйж явсан үе бий. Намайг гарын дүйтэй, зурдаг болохоор айлын хөгшчүүл бурхан их зуруулна. Ер нь би дүрслэх урлагт бурхан шашны урлагаар дамжиж орсон гэж ойлгож болно. Тухайн үед би 14 настай байсан. Би шууд бурхан шүтээн зурж эхлээгүй. Өмнө нь бага байхдаа янз бүрийн зураг зурж, дугуйланд суралцаж, уралдаанд оролцоод гарын дүйтэй болчихсон байсан. Бурханы зураг ялангуяа догшин бурхад их сонирхол татдаг байсан юм.

Үүндээ гүнзгий автаж, учрыг нь ойлгохын тулд лам хүртэл болж үзсэн. Сүүлдээ дүрслэх урлаг руу орж 1997 онд “Соёл” сургуулийг, СУИС-ийн монгол зургийн ангийг 2002 онд төгсч байлаа.

-Зураачдыг ажил мэргэжилтэй нь холбон хаалттай, дуугүй хүмүүс гэж дүгнэх тал бий. Таны хувьд тийм биш юм. Хэр нээлттэй хүн бэ?

-Би их нээлттэй хүн. Дуугүй дотогшоо хүн биш. Тийм хүмүүст дуртай ч биш. Ер нь хүн нээлттэй байхын хэрээр их дайралтад ордог юм шиг санагддаг. Хэн нэгэн чиний сэтгэлийг шархлуулахад их амархан гэх үү дээ. Тиймээс нас явах тусам л өмхий санаатай болж байна. Гэхдээ би эрх ашгийн зөрчилдөөнтэй ажил хийдэггүй учраас дайралтад өртөх нь харьцангуй бага байдаг.

-Зураг уран бүтээл дээр ажиллахаас гадна өөр юунаас кайфыг мэдэрдэг вэ?

-Кофе ууна. Хөгжим сонсоно. Надад нэлээд хэдэн цуглуулга бий. Би уран зургийн 2000 гаруй хуучин номын цуглуулгатай. Бас жижиг үнэт эдлэлийн, аймшгийн хүүхэлдэй, үлээвэр хөгжим, япон виски цуглуулдаг. Хөгжмийн цуглуулгад маань 1935 онд дэлхийн алдартай жазз хамтлагийн тоглож байсан мөнгөн бүрэлттэй хөгжим байдаг.

-Уран зургийг тансаг ноолууртай хослуулан “Гоёо” компанийн торгон алчуур, шаальны цуглуулгыг гаргасан. Үндэсний үйлдвэрлэгч компанитай хамтран ажиллаж байна уу?

-Миний хувьд үндэсний үйлдвэрлэгч “Гоёо” компанитай 2016, 2017 онд нэлээд хэдэн цуглуулга дээр хамтран ажилласан. Одоо 2020 он гаргаад нэг үндэсний ноолуурын компанитай хамтран ажиллах гэж байна. Австрийн алдартай нэг гоёл чимэглэлийн компанитай хамтран ажиллахаар гэрээ хийх шатандаа явж байгаа. Ерөнхийдөө хоёр жилийн судалгааны ажил нь дуусч, одоо ажил болж эхлэх байх. Манай дизайнерууд зураачийн бэлэн бүтээлийг шууд хэрэглэдэг. Дэлхийн амжилттай том брэндүүд зураачийн бүтээлийг шууд хэрэглэх бус бүтээгдэхүүнийг бүтээл болгодог. Тэр тал руугаа манай үндэсний брэндүүд хөгжөөсэй гэж боддог.

Зураач хүн дан ганц зургаа зураад амьдрахад хэцүү. Бүтээлээ маш олон төрлийн бараа бүтээгдэхүүн болгож болно. Загвар, интерьер дизайны салбар руу ч хөрвөх боломжтой. Нэрт зураач Сальвадор Дали бол интерьер дизайнер хүртэл хийж байсан хүн.

Цаашдын төлөвлөгөөнөөсөө хуваалцахгүй юу. Ямар ямар үзэсгэлэн таныг хүлээж байна?

-Энэ үзэсгэлэнгийн дараа уран зургийн өөр төрлүүд рүү орох төлөвлөгөөтэй байгаа. Зөвхөн уран зураг гэлтгүй уран баримал, медиа арт, холимог техникийн ажлуудыг түлхүү сонирхож байна.

-Та гэр бүлээрээ эх орондоо суурин байна уу?

-Тийм. Японд би яг 10 жил болсон. Эх орондоо ирж, очин 12 жил болжээ. Сүүлийн хоёр жил орчим гадаад руу явалгүй эх орондоо суурин байлаа. Энэ хугацаандаа бүтээл дээрээ илүү төвлөрч ажилласан. Би эхнэр, дөрвөн хүүхэдтэй. Хань маань хэлний чиглэлийн мэргэжил эзэмшсэн. Испани, англи, солонгос, япон хэлтэй. Бид анх БНСУ-д танилцаж байсан. “Алтны дэргэдэх гууль шарлана” гэдэг шиг урлагт их хайртай хүн бий.

Гэрэл зургийг Д.ГАНБҮЖИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж