"Энэ мөчийг түүнтэй хамт өнгөрүүлсэн ч болоосой" | News.MN

"Энэ мөчийг түүнтэй хамт өнгөрүүлсэн ч болоосой"

"Энэ мөчийг түүнтэй хамт өнгөрүүлсэн ч болоосой"

"Энэ мөчийг түүнтэй хамт өнгөрүүлсэн ч болоосой"

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-ийн 2019-2020 оны улирал өндөрлөх дөхөж байна. Өчигдөр/2020.09.27/ өрнөд бүсийн шигшээ цувралын тав дахь тоглолт явагдлаа.

  • Лос Анжелес Лэйкерс 117 – 107 Денвер Наггетс

Хоёр багийн цувралын тав дахь тоглолт энэ өдөр явагдсан. Плей-оффын өмнөх хоёр шатандаа 1-3 гэсэн хүнд байдлаас эргэн ирж, ялалт байгуулж байсан Денвер Наггетс баг энэ удаад Леброн Жэймс тэргүүтэй Лос Анжелес Лэйкерс багийг давж гарч чадсангүй. Тоглолтын эхнээс л Леброн Жэймс гайхалтай байж, өөрөө оноо авч, багийн нөхдөдөө оноо авах боломжийг үүсгэж байсан бол эсрэг багаас нь гэмтэлтэй Жамал Мюррей багийнхаа төлөө бүхнээ зориулж байв. Өвдгөндөө бэртэл авсан ч Жамал Мюррей цувралын тав дахь тоглолтонд 43 минутыг талбайд өнгөрүүлэн 19 оноо авчээ. Харин “Хаан” Леброн Жэймс 38 оноо, 10 оновчтой дамжуулалт, 16 самбараас бөмбөг авалт гүйцэтгэн багаа NBA-ийн шигшээ шатанд шалгарахад томоохон тус хүргэлээ.

Лос Анжелес Лэйкерс баг хамгийн сүүлд 10 жилийн өмнө буюу 2010 онд Коби Брайантын эрин үед NBA-ийн шигшээ шатанд шалгаран тухайн жилдээ Бостон Селтикс багийг цуврал долоон тоглолтонд 4-3 гэсэн харьцаатай хожиж багийнхаа 16 дахь аваргын цомыг хүртэж байв.

2010 онд 16 дахь аваргын цомоо хүртснээс хойш Лос Анжелес Лэйкерс тогтвортой амжилтыг үзүүлж чадалгүй уналтанд ороод байсан юм. Харин 2016 онд Коби Брайант зодог тайлсны дараа сэргээн босголтын ажилдаа орон Леброн Жэймсийг багтаа элсүүлэн удалгүй өнөө цагийн шилдэг залуу тоглогчдыг нэг Энтони Дэвисийг солилцоогоор багтаа нэгтгэсэн.

Энэ жил 36 нас хүрэх Леброн Жэймс ийнхүү арав дахь удаагаа NBA-ийн шигшээ шатанд шалгарч байна. Тэрбээр хамгийн анх 2007 онд шигшээ шатанд шалгарч байсан бол түүнээс хойш 2011 оноос 2018 он хүртэл найман жил дараалан шалгараад байсан юм.

Тоглолтын дараах хэвлэлийн бага хурлын үеэр Леброн Жэймс Кобигийн талаар "Амьдралд харамсмаар зүйлс олон гарч ирэх юм. Энэ мөчийг түүнтэй хамт өнгөрүүлсэн ч болоосой. Намайг Лэйкерст ирэх үед тэр над руу ‘Тавтай морил, дүү минь. Гэр бүлд тавтай морил’ гэсэн зурвас илгээж байлаа. Олон хүмүүс ‘Ид үеэ өнгөрөөж байгаа Леброныг хүсэхгүй байна’, ‘Тэр яг манай багийг шигшээ шатанд эргэн аваачиж чадах хүн мөн үү’ гэх зэргээр ярьж байсан. Би ч нэг их тоогоогүй ээ. Харин Кобигоос энэ талаар сонсоход их олон зүйл бодогдуулсан. Би хэзээ ч өөртөө асуулт тавьж байгаагүй. Гэхдээ Коби надад хэлсэн болохоор би олон зүйл бодсон" хэмээжээ.

Дорнод бүсийн Бостон Селтикс болон Майами Хит багуудын аль хожсон нь NBA-ийн шигшээ шатанд Лос Анжелес Лэйкерс багтай цуврал долоон тоглолтыг хийнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж