Д.Цэндсүрэн: Увс аймгийн орон нутгийн сонгуульд Ардчилсан нам ялна

Хуучирсан мэдээ: 2020.09.28-нд нийтлэгдсэн

Д.Цэндсүрэн: Увс аймгийн орон нутгийн сонгуульд Ардчилсан нам ялна

 

Орон нутгийн сонгууль болоход сар ч хүрэхгүй хугацаа үлдээд байна. Ирэх сарын 14-нд товлогдсон орон нутгийн сонгуультай холбоотой цаг үеийн асуудлаар Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Д.Цэндсүрэнтэй ярилцлаа.


-Таны хувьд 2020 оны  УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшсэн. Хүмүүс таныг аймгаа төлөөлнө гэдэгт итгэж байсан ч харамсалтай нь энэ удаагийн сонгуульд УИХ-д сонгогдсонгүй. Увс аймагт ээлжит сонгууль ямархуу болсон гэж үзэж байна?

-Бид 1992 онд Үндсэн хуулиа баталснаас хойш найман удаагийн сонгууль зохион байгууллаа. Аливаа сонгуульд улс төрийн намууд, нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөөрөө өрсөлдөх учиртай. Харамсалтай нь 2008 оноос хойш шударга сонгууль болоогүй. Увс аймагт ч мөн адил нэр дэвшигчид шударгаар өрсөлдөхөө больсон. Мөнгөтэй нам, мөнгөтэй хүн л УИХ-д сонгогдож төрийн эрх мэдлийг авдаг болсон. Үзэл бодол, мэдлэг боловсрол, туршлага хоёрдугаар зэргийн асуудал болсон.  Ер нь дөрвөн жилд нэг удаа болдог УИХ-ын ээлжит сонгуульд эрх мэдэлтэй, мөнгөтэй эрх баригч нам,төрийн машиныг дайчилсан мөнгөтэй  хүмүүс л сонгогдож байна. 2020 оны УИХ-ын ээлжит сонгууль ч бас мөнгөний сонгууль боллоо. Санал хураалтын өдөр Увс аймагт нэг хүний саналыг 150-200 мянган төгрөгөөр худалдаж авсан гэж хүмүүс ярьж байна билээ. Зөвхөн Увс аймагт ч биш орон даяар мөнгө хавтгай тарааж, нэр дэвшигчид иргэдийн саналыг худалдаж авсан. Энэ мэт мөнгөний сонгууль, мөнгөний эрх ашигт залуу үе минь ч бас сурч байна. Сонгуульд мэдлэг боловсрол, туршлагаас илүүтэй мөнгөөр санал худалдаж авна гэж боддог бололтой. Ямартай ч булхайтай будлиантай хавтгай мөнгө тараасан  сонгууль дуусч МАН ялсан.

Миний хувьд УИХ-ын сонгуульд Увс аймагт АН-аас нэр дэвшсэн. Хүмүүсийн хандлагыг харж байхад намайг УИХ-д сонгогдоно гэж харж байсан болов уу. Сонгуулийн санал хураалтын дүнгээр би 17.000 орчим санал авч ялагдал хүлээсэн ч харамсдаггүй. Харин сонгож сонгогдож байгаа талууд нь аль ч ялгаагүй өгч аваад сурчхаж. Ийм учраас л эрүүл саруул үг сонсогдохоо болилоо. Дээр нь улс орны төлөө зөв хүнээ сонгодог шударга нийгэм үгүй зарчим үгүй болчихлоо. Иргэд саналаа мөнгөөр худалдсаны дараа өнөөх УИХ-ын гишүүдээ мангар тэнэгээр нь дуудаад эхэлдэг. Нэгэнт саналаа худалдсанаас хойш шударга төр гарна гэдэгт найдах хэрэггүй. Сонгуульд ялсан нам нь ирэх дөрвөн жилд ард түмэнд бөгсөө л харуулна. Өнөөдөр эрх баригчдаас улс орныг байгаа түвшингээс нь дордуулчихгүй байгаасай гэж залбирах л үлдлээ. Энэ удаагийн сонгуульд ялсан нам, Засгийн газрын шийдвэр, улс төрчдийг аягийг харж байхад иргэдэд нүүрээ харуулахгүй. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар УИХ-ын ээлжит сонгуулиас өмнө хэзээ ч төсвийн тодотгол хэлэлцэхгүй гэж хэлсэн үгнээсээ буцсан. Сонгууль дууссаны дараа ердөө  20 хоногийн дараа л  4.8 их наядын алдагдалтай төсвийг дахин оруулж ирсэн. Энэ бол Чингис бондын 1.5 тэрбум ам.доллароос давсан мөнгө. Тухайн үедээ Чингис бондын 1.5 тэрбум ам.долларын зээл авч улс орныг өрөнд орууллаа, хүн бүр 15 сая төгрөгийн өртэй боллоо гэж хамгийн их ярьж байсан УИХ-ын гишүүн нь  Сангийн сайд Ч.Хүрэлбаатар шүү. Улс орныг дампуурууллаа гэж хамгийн их шүүмжилж, хашхирч байсан нам нь одоогийн эрх баригч МАН. Төсвийн хөрөнгө оруулалт нэрийдлээр тендерээр дамжуулан, авилга хээл хахууль цэцэглүүлж эрх баригчид айж ичихгүй хулгай хийж, ард иргэд нь өдрөөс өдөрт ядуурч, улс орон нь өрөнд баригдаж байна. Одоо иргэн бүр 29 сая төгрөгийн өртэй байна.  Цаашид ч энэ бүтэлгүй төрийн харалган бодлогоос харахад өр улам л нэмэгдэх нь эргэлзээгүй.

-МАН-ын олигархууд, тэрбумтнуудтай өрсөлдөхдөө та нэг ч төгрөгийн зардал гаргаагүй гэлээ. Ялагдал хүлээсэн ч сэтгэл хангалуун байх шалтгаан нь юунд байна вэ?

-Би сонгуульд мөнгөөр далайлгасан тэрбумтнууд, эрх мэдлээр түрэмгийлсэн УИХ, Засгийн газрын гишүүд, эрх баригч МАН, төрийн машинтай өрсөлдсөн. Миний хувьд нэр дэвшигчийн сонгуулийн хуульд заасан зардлыг нь ч гүйцэд гаргаж чадаагүй, сонгогчдын саналыг худалдаж авна гэж 1000 төгрөг ч өгөөгүй. Увсын ард түмэн ч нотолно. Манай залуус намайг “Та сонгогчдод бичсэн ганц захидал, хэдэн сайхан уулзалт, нэг сайхан ярьдаг амтай сонгуулийг дуусгалаа даа. Гэсэн ч ард олны халуун дэмжлэг, шударга зарчим, зөв бодлого байр суурьтай байж мөнгөн бороо оруулсан тэрбумтан, олигархуудтай эн тэнцүү өрсөлдлөө. Юм нэгээр дуусахгүй, таны дараагийн улс төрийн замналд амжилт хүсье гэж урам хайрлаж байлаа. Сонгуульд ялагдсан хүн харамсдаг бол харин би эсрэгээрээ  сэтгэл хангалуун үлдсэн шүү. Учир нь УИХ-ын гишүүн болоогүй ч намайг дэмжсэн Увс аймгийн ард иргэдийн сүү шиг цагаан сэтгэлийн санал, дэмжлэг надад хангалттай. Магадгүй би МАН-ын олигархууд шиг сонгогчдын саналыг мөнгөөр худалдаж авсан бол өдийд УИХ-ын гишүүн болоод сууж байгаа. Миний бие өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд аймаг, сумын ИТХ-д олон удаа сонгогдож явахдаа хэзээ ч иргэдийн саналыг худалдаж авч үзээгүй.

-Таны хувьд Увс аймгийн Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа аймагт ямар бүтээн байгуулалт хийж гүйцэтгэв. Увс аймгийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж чадсан гэж боддог уу?

-Увс аймгийн Ардчилсан нам 2012 оны орон нутгийн сонгуульд ялалт байгуулж, төрийн эрхийг дөрвөн жил барих хугацаандаа их бүтээн байгуулалт хийсэн. Иргэдийн амьдралыг  дээшлүүлэхэд анхаарч, хийж бүтээх,босгох төрийн албыг нээлттэй ил тод болгох, зөв төрийн бодлого хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байсан. Биднийг Увс аймгийн орон нутгийн эрх мэдлийг хүлээн авч байхад  шороо эргэсэн, дэд бүтэцгүй, төрийн алба нь хаалттай, хүнд суртал авилгад идэгдсэн  албан тушаалтнуудын дарангуйлал тогтсон хэцүүхэн л аймаг байсан.  Энэ бүхнийг дөрвөн жилийн хугацаанд өөрчилсөн. Увс аймагт хэрэгжүүлсэн “Гудамж төсөл”, “1000 айлын орон сууц” хөтөлбөр, Битүү зах, Эрүүл мэндийн оношлогооны төв, ”Эрүүл шүд”, ”Эрүүл элэг”, ”Бяцхан санхүүч”, ”Авьяас хөтөлбөр”, ”Шилэн халаас”, ”Шинэ сум төсөл”, ”Багшийн хөгжил”, Улаангом-Улаанбаатар хотыг авто замаар холбох гээд маш олон төсөл хөтөлбөрийг ард олон аж ахуйн нэгжүүд УИХ, Засгийн газартай хамтран амжилттай хэрэгжүүлсэн. Одоо ч 2012-2016 онд хийж хэрэгжүүлсэн ажил төрийн зөв бодлогыг ард олон талархаж дурсан ярьдаг юм шүү. Товчхондоо, 1990 оноос хойш гучин жилд 2012-2016 оныг ”Төр шиг төртэй байсан юм шүү” гэж ард олон ярьдаг. Миний бие аймгийн Засаг даргаар дөрвөн жилийн хугацаанд ажиллахдаа өөрийн удирдлага дор ажилладаг сум, хэлтэс, агентлагийн дарга нарт “Зүгээр л ажил хий, хүмүүсийн төлөө ажилла, аймгийн хөгжлийн төлөө ажилла. Ард олонд түшмэл зан гаргаад ах дүү арал төрлөө цуглуулаад, албан тушаал эрх мэдлээ хэтрүүлэн авилгалд хөтлөгдвөл өөрийн биеэр Авилгатай тэмцэх газарт тушаана шүү”  хэмээн шулуухан хэлдэг байсан.

-Орон нутгийн сонгууль болоход сар ч хүрэхгүй хугацаа үлдлээ. Увс аймаг дахь АН-ын гишүүд орон нутгийн сонгуульд хэр бэлдэж байна вэ. Нөгөө талаас УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалттай адил орон нутгийн сонгуульд хүмүүс идэвхтэй оролцох нь чухал байх?

– Ардчилсан нам орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажлаа базаасан. Бид энэ удаа нутгийн ард олныхоо дэмжлэгийг авч, итгэлийг дааж чадах залуусаа нэр дэвшүүлж байна. Иргэд ч бас орон нутгийн сонгуульд идэвхитэй оролцож аймаг суманд өөрсдийгөө төлөөлүүлэх зөв хүмүүсээ сонгоно гэдэгт итгэлтэй байна. Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зогсоосон байхад эрх баригч МАН царцааны нүүдлийг зохион байгуулж байна. Тухайлбал, Увс аймагт амралтын өдөр оройн цагаар иргэдийг олноор нь шилжүүлэн бүртгэж, зөвхөн ганц багт л 150-300 сонгогчийг бүртгэх замаар ээлжит булхай луйвраа явуулж байна. Үүнийг Увс аймгийн МАН-ийн удирдлагууд, төрийн албан хаагчид, иргэний бүртгэл мэдээллийн ажилтнууд л зохион байгуулж байгаа шүү дээ. Нэг үгээр хэлбэл, төрийн бүх байгууллагын машин эрх баригчдын талд ажиллаж байгаагийн тод жишээ нь энэ. УИХ-ын ээлжит сонгуулиар Увс аймагт МАН-ын 900 гаруй царцаа очсон, иргэдийн саналыг худалдаж авсан. Орон нутгийн ээлжит сонгуулиар ч бас энэ үзэгдэл давтагдна. Иргэдийн саналыг худалдаж авна. Үүний эсрэг Ардчилсан нам хяналтаа тавьж, сонгуулийн штабууд ч бас ажлаа сайн хийх хэрэгтэй. Орон нутгийн сонгуулийн санал хураалт амаргүй болох байх. Дөрвөн жил төрийн эрхийг барихдаа авилга, хулгайгаар баяжсан МАН-ийн удирдлагууд эрх мэдлээ хадгалахын тулд юу ч хийхэд бэлэн байна. Нөгөө талаас ардчилал үзэл санаан дор нэгдсэн залуус сонгуульд нэр дэвшиж өрсөлдөж байна. Гэсэн ч бид энэ удаагийн орон нутгийн сонгуульд ялна гэдэгтээ итгэлтэй байна. Ард түмэн ч бас Ардчилсан нам ялалт байгуулахыг хүсэн хүлээж байгаа.

-Таны хувьд Увс  аймгийн Засаг даргаар ажиллаж байсан, орон нутгийн ИТХ-д нэг биш удаа нэр дэвшиж сонгогдож байсан. Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийг хэрхэн дүгнэж, харж байна вэ?

-Улс төрийн намууд намаас дэмжлэг авахаас гадна олон нийтээс дэмжлэг авах нь чухал. Тухайн нэр дэвшигч иргэдийн дунд хэр зэрэг нэр хүндтэй вэ, мэдлэг боловсрол, ажлын туршлага нь, хамгийн гол нь “ЗӨВ” хүнээ харж сонгодог. Тэгэхээр иргэдийг төлөөлж чадах зөв хүмүүсээ орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлэх ёстой. Увс аймагт Ардчилсан намаас нэр дэвшиж буй 41 залуу дээрх шалгуурыг бүрэн хангасан. Эдгээр залуус дунд ИТХ-д олон удаа сонгогдсон, ажлын туршлагатай хүмүүсээс гадна 20 гаруй шинэ залуусыг нэр дэвшүүлсэн. Бид залуустаа итгэж байгаа. Энэ удаагийн орон нутгийн сонгуулиар харагдаж буй нэг сонирхолтой үзэгдэл бол МАН өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд авилгын хэрэгт холбогдоогүй, тендер аваагүй, ямар нэгэн гэмт хэрэгт холбогдоогүй зөв хүмүүсээ бүгдийг нь нэр дэвшүүлсэнгүй. Жишээ нь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Төгсжаргал, Баттулга, НАМЗХ-ны тэргүүн Ганцогт, Буяндалай гэсэн арай зарчимтай зөв хүмүүсээ дэвшүүлсэнгүй. Харин өнөөх л авлига албан тушаалын гэмт хэрэг үйлддэг, гэмт хэрэгт холбогдсон хулгайчийг хүртэл орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлж байна. Монголын улс төрийн хоёр том нам бол МАН, АН. Эдгээр намуудыг төлөөлж буй хүмүүс зөв, шударга байхгүй бол намын зовлон, алсдаа Монголын төрийн, ард түмний зовлон болдог юм. Тиймээс  Ардчилсан нам Монгол Ардын нам шиг байж болохгүй, орон нутгийн сонгуульд хариуцлагатай ханд гэж хэлээд байгаа юм.  Увс аймгийн ард олны итгэл найдвар бол Ардчилсан нам гэдэгт ард олон минь бүү эргэлзээрэй.

-Одоогийн эрх баригч МАН өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд амласан амлалт, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж чадав уу. Үүнийг та хэрхэн дүгнэдэг вэ?

– МАН-ынхан өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нийт 230 орчим тэрбумын ажил хийсэн гэж тайлагнадаг. Ажил хийсэн. Хүний хийсэн ажлыг үгүйсгэх шиг муухай зүйл байхгүй. Хийж бүтээсэн бүтээн байгуулалтыг харсан ч хараагүй мэт, сонссон ч сонсоогүй мэт харлуулж болохгүй. Үүнийг би ч биеэрээ мэдэрсэн. Өнгөрсөн дөрвөн жилд МАН ажлаа хийсэн. Гэвч Увс аймгийн хөгжил дэвшилд олигтой өөрчлөлт гараагүй. Ард олны амьдрал сайжирсангүй. Ажилгүйдэл, ядуурал тэлж, дарга нарын хүнд суртал нэмэгдсэн. Үнэнийг хэлэхэд МАН-ынхан дөрвөн жилийн хугацаанд авилгал хээл хахууль, хүнд суртлыг цэцэглүүллээ. Аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөөс тендер аваагүй, авилга аваагүй хүн бараг үлдээгүй. Иргэдийн хурлын төлөөлөгч болсон дөрвөн жилийн хугацаанд амьдралаа яаж сайжруулах вэ гэх бодолтой цөөвөр чоно шиг л эрх баригчид байлаа. Өнгөрөгч дөрвөн жилийн хугацаанд МАН-ын аймгийн орон нутгийн төлөөлөгч,удирдлагууд олны нүдэн дээр айж ичихгүйгээр тонон дээрэмдлээ. Жишээ татъя,  дөрвөн жилийн өмнө ажилгүй залуу ИТХ-ын төлөөлөгч болсон даруйдаа хоёр өрөө байртай, жийп машинтай, гадаадын орнуудаар цөөнгүй аялаж, хүмүүсийн нүдэн дээр л амьдрал нь сайжирсан. Гэтэл төрийн албан хаагчийн цалин 70 сая орчим төгрөгийн байр авах, 80 саяас илүү үнэтэй жийп машин авч, гадагшаа аялахад хүрэлцэх үү. Гудамжинд хамт ажилгүй лааз өшиглөж явсан нэг нь ИТХ-ын төлөөлөгч болсон даруйдаа баяжихаар үе тэнгийн залуус нь ч бас адил дуурайхыг боддог юм байна. Тиймээс л улс төрд орж буй залуус улс орны хөгжлөөс илүүтэй хувийн эрх ашгаа нэн тэргүүнд тавьдаг замыг сонгодог. Хүмүүсийн сайн сайхны төлөө сэтгэлээ чилээх, иргэдийн амьдралыг дээшлүүлэх нь гурав, дөрөвдүгээр зэргийн л асуудал болсон. Тэд баяжсан, аархуу болсон. Харин ард олон халамжийн мөнгө, хүнсний талон хүлээж улам ядуурсан. Иргэдийг улам ядуу байлгахыг л эрх баригчид хүсч байгаа нь нууц биш. Үүний тод жишээ нь, иргэдийн саналыг мөнгөөр худалдаж авч байгаа үйлдэл юм. Өнөөдрийн тарчиг амьдралд хэд гурав ч болтугай мөнгө хэрэгтэй учраас л иргэд саналаа мөнгөөр худалдаж байна шүү дээ. Гэтэл Ардчилсан нам 2012-2016 онд Увс аймагт  орон нутгийн эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ чамгүй их ажил хийсэн. Иргэдийн хуралд сонгогдсон нэг ч төлөөлөгч ямар нэгэн асуудалд орооцолдоогүй. Монгол Улсын хэмжээнд сайн ажилласан аймгийн тоонд Увс аймаг зүй ёсоор багтдаг. Өнгөрсөн дөрвөн жилд МАН-ын эрх баригчид, өнөөгийн аймгийн удирдлагууд болох Засаг дарга Батсайхан, ЗДТГ-ын дарга Батжаргал, ИТХ-ын дарга Насанбат нарын хүмүүс хувийн ашиг сонирхлоо нэн тэргүүнд тавьсан. 2012-2016 онд бид бүхний хийж хэрэгжүүлсэн ажлыг 2016-2020 онтой харьцуулж хэн нь хэн бэ, хэн нь хийж бүтээж төрийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, хэн нь хувийн эрх ашгаа урдаа тавьж авилгалд  автсаныг ард олон ялган харж байгаа.

-Засгийн газар, орон нутгийн удирдлагуудтай одоо хамтарч ажилладаг уу?

-Уучлаарай, төр нэгдсэн бодлоготой ажилладаг. УИХ, Засгийн газарт  нэг нам гарч, орон нутагт өөр нам ялбал төрийн ажил явахгүй хамтарч чадахгүй гэсэн зүйлээр улс төр хийж, ард олны толгойг эргүүлэх болж. Энэ нь зүгээр л бүх шатанд нэг намын эрх мэдлийг бататгах гэсэн зохиомол үг. Засгийн газар, УИХ ажлаа хийг. Бид аймаг орон нутагт ажлаа л хийе. УИХ, Засгийн газрын аливаа шийдвэр аймаг, суманд хэлбэрэлтгүй хэрэгжинэ. Монгол Улс нэгдсэн төртэй, нэгдсэн бодлоготой улс.  Цаг үе орон нутгийн сонгуультай холбоотой асуудлаар нээлттэй сайхан ярилцсанд баярлалаа, Орон нутгийн сонгуульд та бүхэн ялалт байгуулж, Увс аймгийнхаа хөгжил дэвшлийн төлөө 2012-2016 онд тогтоосон ажлын сайн жишгээ үргэлжлүүлж, аймаг орон нутгаа хөгжүүлэн ард олныхоо төлөө сэтгэл гарган ажиллахыг хүсье.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
12
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж