АНУ-ын Техас мужийн найман хотод ундны цэвэр уснаас үхлийн аюултай, тархиар хооллодог нян илэрсэн байна. Ундны уснаас илэрсэн нянг шинжлэх ухаанд Ниглериа Фоулери хэмээн нэрлэдэг бөгөөд энэ нь тархины ихэвчлэн маш хүнд, ховор өвчин үүсгэдгээрээ алдартай нян юм. Тухайлбал, 2009-2018 оны хооронд тус нянгаас үүссэн тархины өвчин АНУ-д ердөө 34 бүртгэгдэж байжээ. Энэ сарын эхээр Лэйк Жексон хотын зургаан настай хүү дээрх нянгаар өвчилж, нас барснаас болж хотууд ундны усандаа шинжилгээ хийж эхэлсэн юм. Ниглериа Фоулери нян цэвэр усанд ихэвчлэн үрждэг бөгөөд нутаг харгалзалгүй дэлхийн аль ч улсад илэрдэг гэнэ. Уг нян хүний биед хамараар нэвтэрч, цусны эргэлтийг ашиглан тархинд хүрдэг аж. Халдварт өвчний хяналт, сэргийллийн төвийн мэдээлснээр тус нянгаар ихэвчлэн цэнгэг уст гол, нууранд сэлснээс болж халдвар авах эрдэл өндөр гэнэ. Мөн нянтай усыг залгих нь өвчний шалтгаан болохгүйгээс гадна хүнээс хүнд халдварладаггүй аж. Харин халдвар авсан хүмүүст халуурах, дотор муухайрах, бөөлжих, хүзүү, толгой өвдөх гэх мэт шинж тэмдэг илэрдэг бөгөөд долоо хоногийн дотор нас бардаг гэнэ.
Хотуудын эрх баригчид ундны усны эх сурвалжаа ариутгаж байгаа хэмээн мэдэгдсэн ч ариутгалын ажил хэр удаан үргэлжлэхийг хэн ч мэдэхгүй байгаа аж. Мөн АНУ-ын зарим хотын иргэдэд суултуурын ус татахаас бусдаар цоргоны ус хэрэглэхгүй байх зааварчилгааг өнгөрсөн долоо хоногийн сүүлээр өгсөн хэдий ч Лэйк Жексоноос бусад хотын эрх баригчид удалгүй зааварчилгаагаа цуцалсан байна. Гэхдээ Лэйк Жексон хотын удирдлагууд иргэддээ өгсөн зааварчилгааг шинэчилж, цоргоны усыг унданд хэрэглэхийн өмнө сайтар буцалгах, усанд орж байхдаа хамарлуугаа ус оруулахгүй байх зэрэг зөвлөмж өгчээ. Мөн бага насны хүүхдүүд болон өндөр настнууд, эрүүл мэндийн шалтгаантай хүмүүс онцгой анхаарал, болгоомжтой байх хэрэгтэй гэнэ.
Хотын удирдлагууд ундны усны шугамуудыг нэг бүрчлэн ариутгаж, дараа нь дахин дээж авч шинжлэхээр төлөвлөж байгаа аж.
Эх сурвалж: BBC.COM
Холбоотой мэдээ