Сурвалжлага: Хүн хүнээ хайрлаж явахад амьдралын зам гэрэлтэй

Хуучирсан мэдээ: 2020.09.28-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Хүн хүнээ хайрлаж явахад амьдралын зам гэрэлтэй

Сурвалжлага: Хүн хүнээ хайрлаж явахад амьдралын зам гэрэлтэй

“Хоёулаа талийгаачийн дөрвөн охиныг өөрсдөд дээрээ авч өсгөе. Одоо байгаа айлдаа нэг л дасахгүй байгаа бололтой. Биднээс өөр нааш гэх хүн алга. Манай дөрвөн хүүхдээс ялгаа юу байх вэ, хүний өөрийн гэж ялгахгүй. Бусдаас илүүрхэх баян тансаг амьдралгүй ч хүүхдүүдээ хоосон хонуулахгүй болгоод байж чадна” гэж эхнэр нь эрс шийдэмгий хэлжээ. Үүнийг сонссон нөхөр нь “Эгч минь тэнгэрээс чамайг хараад маш их баярлана даа. Чи минь хүний хайлан” шүү гээл эхнэр рүүгээ инээмсэглэн хараад духыг нь үнэрлэнэ. Чухам энэ цагаас хойш нэг жил хэдийнэ өнгөрч, С.Батзаяагийнх найман хүүхэдтэй болж, одоо ес дэх хүүхдээ өлгийдөхөөр зэхэж буй.

С.Батзаяагийнх Налайх дүүрэгт амьдардаг. Хос залуус саяхан хуримаа хийж, хүүхдүүд нь аз жаргал, хөл хөөр дүүрэн угтацгаав.  С.Батзаяагийн төрсөн эгч нь 2019 оны наймдугаар сард Төв аймагт авто ослын улмаас өөд болж дөрвөн охин нь аав дээрээ хоцорчээ. Харамсалтай нь, удалгүй охидын аав нь зүрхний шигдээсээр өөд болсон байна. 

Эхэндээ эргэн тойрных нь хүмүүс  олон охин хүүхэдтэй байж хүний олон хүүхэд өсгөж чадах уу, асрамжийн газар өгчихөөч гэх мэтээр зөвлөдөг байж.

Харин залуу хос эргэж буцалгүйгээр өөрсдийн шийдвэр дээрээ бат зогссон аж.  2019 оны арваннэгдүгээр сар гарсан тэр хүйтэн өдрүүдээр С.Батзаяагийнх охидыг гэртээ авчирчээ. Өдгөө тэд найман хүүхдийн эцэг эх болж, үр хүүхдийнхээ сайн сайхан, ирээдүйн төлөө хамтдаа хөдөлмөрлөж байна.  Ажлын өдрүүдэд нөхөр  нь ажилдаа,  хүүхдүүд нь хичээл сургуульдаа явдаг учраас гэр бүлийн гишүүд бүгд завгүй өнгөрөөдөг гэнэ.

Өнгөрөгч Баасан гаригт /2020.09.25/товлосон цагтаа С.Батзаяагийнд очлоо. Өлзий хээгээр чимсэн хашааны буланд Налайх дүүргийн гуравдугаар хороо … тоот гэсэн  хаяг хаджээ.

Гэрт нь орвол бага насны 2-11 насны таван хүүхэд “Сайн байна уу,” хэмээн нэгэн дуугаар мэндлэх нь өхөөрдмөөр. Гэрийн эзэгтэй Н.Уранчимэг Миний охид алив цай, тавагтай идээ авч өг" гээд "Манай хүнд ажил гараад хөдөө явсан. Том охин маань эгчийх рүүгээ түр явсан. Уг нь халуун ам бүлээрээ байсан бол сайхан байх байжээ. Эгч нь ингээд л хүүхдүүдээ тойруулаад сууж байдаг даа. Удахгүй хоёр хүүхдийн маань хичээл тараад ирнэгэсээр амьдралынхаа зах зухаас  танилцуулав. Олон охидтой учраас гэрт ягаан, цагаан өнгө давамгайлах  агаад цэвэр цэмцгэр гэж жигтэйхэн.

 1-5 АНГИЙН ТАВАН ХҮҮХЭД, ЦЭЦЭРЛЭГИЙН НАСНЫ ХОЁР ХҮҮХЭДТЭЙ

Өрхийн тэргүүн С.Батзаяа Налайхын унаган иргэн. Налайх дүүргийн Мэргэжил сургалтын төвийг барилгын засал чимэглэл мэргэжлээр төгсчээ. Харин эхнэр Н.Уранчимэг нь цэцэрлэгийн туслах багш мэргэжилтэй. Тэд 2007 онд танилцаж, 2011 онд ууган охиноо өлгийдөн авсан байна. Улмаар 2014 онд хадмынхаасаа өрх тусгаарлан одоогийн амьдарч буй хашаандаа төвхнөжээ. Тэр ондоо хоёр дахь хүү нь мэндэлж 2016, 2018 онд дараагийн охид төрж ам бүл зургаа болжээ. С.Батзаяа тогтсон ажилгүй учраас өвөлдөө уурхайд,  зун нь тоосгоны үйлдвэрт ажилладаг.

Түүний хувьд багаасаа хүнд хүчир ажил хийж сурсан учраас олдсон ажлыг гололгүй хийдэг ч  зарим ажил олгогчид цалингаа өгөхгүй чирэгдүүлдэг гэнэ.  Гэргий Н.Уранчимэг хүүхдүүдээ харж, ар гэрийнхээ ажлыг амжуулна.

 ХҮҮХДҮҮДЭЭ БОЛОВСРОЛТОЙ, САЙН ХҮН БОЛГОЖ ӨСГӨХИЙГ ХИЧЭЭДЭГ

Эднийх 1-5 ангийн таван, цэцэрлэгийн насны хоёр хүүхэдтэй, хамгийн том нь 16 настай. Том охин нь өнгөрсөн жил мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийг оёдолчин мэргэжлээр төгсчээ. Залуу хос хүүхдүүдээ хэнээс ч дутахааргүй боловсролтой, сайн хүн болгож өсгөхийг хичээдэг аж. Тиймдээ ч сургуульд орохоос нь эхлээд л хүүхдүүдээ хичээлээс гадуурх дугуйлан, дамжаанд явуулж эхэлжээ.

Тухайлбал, гурван охин нь балет, ганц хүү нь таэквондо, нэг охин нь монгол бүжгийн дугуйланд явж байгаа гэнэ.

Ээжийгээ ингэж ярихыг сонссон хүүхдүүд бидний өмнө жижиг хэмжээний урлагийн тоглолт үзүүлэв. 

ОХИДЫН МААНЬ НҮД НЬ  ГЭРЭЛТЭЖ БАЙГААД МАШ ИХ БАЯРЛАДАГ

Н.Уранчимэг “2019 онд найзынхаа гутлын үйлдвэрт нөхрийнхөө хамт ажиллахаар хот руу нүүсэн. Гэтэл наймдугаар сард хадам эгч авто ослоор, удалгүй хүргэн ах  зүрхний шигдээсээр өөд  болсон. Энэ нь бидэнд маш хүнд туссан. Тухайн үед дөрвөн охиныг нь талийгаач хүргэн ахын ах нь өсгөхөөр болсон юм. Хамаатан садан юм чинь нэгнээрээ орж гарна. Дөрвөн охиноо харахаар тэр айлд нэг л дасахгүй байгаа юм шиг санагдаад харах бүрт хэцүү байсан. Би өөрөө гурван охин нэг хүүтэй болоод ч тэрүү охин хүүхдэд амь. Ер нь охидынхоо ирээдүйг бодсондоо өөрсдөд дээрээ авах шийдвэр гаргаад хотод байдаг найзынхаа хашаанаас нүүж, энэ хашаандаа ирсэн. Би  охидын сэтгэл санаанд өөрчлөлт орж дотогшоогоо болчих вий гэж хамгийн их эмээсэн. Азаар манай охид сэргэлэн цовоо, нүд нь гэрэлтэй, цогтой  байгааг харахаар бидний шийдвэр зөв байжэээ гэж бодогддог. Манай охид 16, 11, 8, 7 настай. 2007 оноос хойш охидынхоо гэрээр орж гардаг байсан болохоор тэднийхээ занг гадарлана. Одоо бүр ч илүү сайн мэддэг болж байна. Хатуу хэлсэн үгэнд минь  юм бодчих вий гэж их айдаг учраас хэлэх үгээ, хийх үйлдлээ хүртэл боддог" гэлээ.

Ослын дараа бага охин нь “ Ээж, аавыгаа зүүдэлсэн. Удахгүй бидэн дээр ирнэ” гэж ярихад нь С.Батзаяа, Н.Уранчимэг нарын зүрх зүсэгдэх шиг болсон гэдэг. Мэдээж, тэд  төрсөн ээж, аавын хайрыг бүрэн орлож  чадахгүй ч гэсэн хайраар дутаахгүй байхыг  хичээдэг гэдгээ хэлж байсан юм. Гэхдээ төрүүлсэн нь биш өсгөсөн нь эцэг эх болдог гэдэг үг залуу хосод их урам өгдөг аж.  Ямартай ч тэд хоёр идэхгүй, хоосон хонохгүй болгосоор л байна. Өнгөрсөн хугацаанд хоолны махгүй хоосон хонож байснаас биш боорцог, талхгүй хоосон хонож байсан удаагүй гэнэ. 

Учир нь, Н.Уранчимэг дэлгүүрээс боорцог, талх авах мөнгөө хэмнэхийн тулд гэртээ боорцог талхаа барьчихдаг. Охидынхоо үсний боолтыг гаднаас худалдаж авалгүй туслах хэрэгслийг нь худалдаж аваад өөрөө  хийчихдэг. Түүний хувьд үсчний сургалтад суусан учраас охидынхоо үсийг ч мөн тайрчихдаг ажилсаг нэгэн.

“Нөхөр маань өнгөрсөн хугацаанд ганцаараа ажил хийж, амьдралаа болгосоор ирсэн. Тиймээс нөхрийнхөө хөлсөө дуслуулж олсон мөнгийг аль болох хэмнэхийг хичээдэг. Ер нь эр нөхрийн хариуцлагаа ухамсарласан байдал  гэр бүлийн харилцааг бат бөх байлгадаг болов уу. Манайх шинэ хүнтэй болох болгонд нөхөр маань өмнөхөөсөө илүү хөдөлмөрлөж байгаа нь надад мэдрэгддэг. Магадгүй, нөхөр маань ийм түшиг тулгууртай болохоор бид найман хүүхэдтэй болсон байх” хэмээн инээмсэглэн ярьсан юм.

ЗӨВ БОДОЛТОЙ, АМЬДРАЛЫН УХААНТАЙ ХҮН Л ЗӨВ АМЬДАРНА ГЭЖ БОДДОГ

Н.Уранчимэг  хүүхдүүдээ хүмүүжүүлэхдээ ямар зарчим баримталдаг талаараа бидэнтэй ийн хуваалцсан юм. Тэрбээр "Олон охинтой учраас цэвэрч нямбай, эмх цэгцтэй байлгах гэж их хичээдэг. Олуулаа гээд эмх цэгцгүй, замбараагүй амьдрах дургүй. Гэр хороололд амьдардаг байлаа гээд аяга болон шалны алчуур байнга цэвэрхэн байх ёстой гэж их захидаг. Мэдээж, олон хүүхдийн гэрийн даалгавар хийлгэхэд хүндрэлтэй үе олон гарна. Гэхдээ хүүхдийг анхнаас нь даалгаврыг нь хийлгээд, цэвэр бичүүлээд сургачих юм бол их амар байдаг. Би хүүхдүүдээ бүгдийг нь их дээд сургуульд оруулна гэж улайрахгүй. Зөв бодолтой, амьдралын ухаантай хүн л зөв амьдарна гэж боддог. Түүнээс биш цагаан гартай, бал барьсан хүн бүр сайн сайхан амьдарна гэсэн үг биш шүү дээ. Хүүхдүүдээ мундаг эрдэмтэн, доктор болоосой гэж хүсэхгүй. Амьдралын ухаантай байхад сайхан амьдарна. Шалгалтын дүн, олимпиадын оноо хүний амьдралыг шийддэггүй" гэлээ. 

С.Батзаяа, Н.Уранчимэг нар намрын дунд сарын шинийн 1-ний билэгт сайн өдөр буюу есдүгээр сарын 18-ны өдөр хуримаа хийжээ. Тэдний хуримыг  Налайх дүүргийн Залуучуудын холбоо санаачлан  төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл хамтран хийж өгсөн байна. Мөн С.Батзаяагийн гэр бүл арвуулаа таван ханатай гэрт амьдрахад учир дутагдалтай байгаа учраас дулаан байшинтай болгох 1000 төгрөг 1000 сэтгэл сайн үйлсийн хандивын ажлыг эхлүүлжээ.

Хуримаа хийсэн өдрийн сэтгэгдлийг Н.Уранчимэгээс сонирхоход “Хурим хийхээс 3-4 хоногийн өмнө дүүргийн Залуучуудын холбооноос “Та  хоёрын хуримыг хийнэ. Та хоёрын зүгээс  хос бөгжөө л бэлдээрэй. Бусдыг нь бид зохицуулсан” гэж хэлсэн. Тухайн үедээ шоконд орсон. Хуримын ая явж эхэлсэн цагаас л сэтгэл маш их догдолсон бас уйлсан. Хуримын хамгийн сайхан мөч нь гэрлэлтийн баталгаан дээр гарын үсэг зурах, нөхрөөрөө бөгж зүүлгэх байсан” гэлээ.

Дашрамд дурдахад, С.Батзаяа 30 настай бол Н.Уранчимэг 26 настай юм. Залуу хос  найман хүүхдийн амьдралыг нуруундаа үүрч, тэднийхээ инээд баясал дунд амьдарч байна.  “Хүн хүнээ хайрлаж явахад амьдралын зам гэрэлтэй” гэдэг.  Эд хөрөнгөөр элбэг биш ч сэтгэлээрээ баян амьдарч байгаа С.Батзаяагийнхаас гарахдаа “Амьдрахын утга учир, жинхэнэ аз жаргал гэж энэ байх даа” гэх бодлыг тээсээр буцсан юм.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
910
ЗөвЗөв
185
ХөөрхөнХөөрхөн
25
ГайхмаарГайхмаар
24
ХахаХаха
15
БурууБуруу
10
ХарамсалтайХарамсалтай
10
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж