Тайванийн хоолой болон Өмнөд Хятадын тэнгис дэх Тайпейн эзэмшлийн Пратас арлын ойролцоо Хятадын армийн үйл ажиллагаа өдрөөс өдөрт идэвхжсээр байна. Сүүлийн хэдэн сард Хятадын арми тогтмол цэргийн сургуулилт хийх, байлдааны нисэх онгоцоор хилийн зурвас давах зэргээр Тайванийн цэргүүдийг сандаргажээ.
Энэ мэт олон удаагийн жижиг үйлдлээр Бээжин эсрэг талынхаа хүчийг сулруулах, буулгаж авах (war of attrition) дайны тактикийг Тайваньд эхлүүлсэн гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.
Тайванийн нисэх хүчин Хятадын байлдааны онгоцыг хөөх, дагах зэргээр ямар ч нөхцөлд бэлэн байх нь санхүү болон техникийн хувьд дарамт болдог аж. Тайванийн Ерөнхий сайд Су Цэнчан Хятадын эсрэг зөрчил тэмцэлд ямар их мөнгө зарцуулж байгаа тухай өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Су Цэнчан хэлэхдээ “Коммунистуудын Тайванийг өдөөн хатгах болгонд нисэх онгоцнууд агаарт хөөцөлдөх шаардлагатай болдог. Энэ нь Тайвань төдийгүй Хятадын хувьд ч нэлээд том зардал” хэмээжээ. Тайванийн нисэх хүчнийг байнгын бэлэн байдалд байлгах нь Хятадын гол зорилго хэмээн дипломат эх сурвалж мэдэгджээ. Мөн Хятадын нисэх онгоцууд тогтмол өдөөн хатгалгын нислэг үйлдэх нь Тайванийн хариу үйлдэл үзүүлэх цагийг бууруулах зорилготой аж.
Бээжин нь Тайванийг Хятадын нэг муж гэж үздэг бөгөөд ардчилсан арлыг хяналтдаа авахын тулд цэргийн хүч ашиглах боломжтой гэдгээ үргэлж илэрхийлдэг. Хятадын дарга асан Зянь Земин Япон улс Тайванийг эзэлснээс 100 жилийн дараа буюу 1995 онд “Тайванийн арлыг эх газрын Хятадтай нэгдэхийг харах нь бүх Хятадын ард түмний ариун дээд зорилго юм” хэмээн хэлж байжээ. Тэгвэл Хятад улс сэргэн мандаж, хүчирхэгжихийн тулд Тайванийг нэгтгэх зайлшгүй шаардлагатайг төрийн тэргүүн Ши Жиньпин 2020 оны Шинэ оны мэндчилгээндээ дурдсан юм.
Нөгөө талд тусгаар тогтнолоо олон улсаар хүлээн зөвшөөрүүлэхээр 1949 оноос хойш хүчин чармайлт гаргаж байна. Тайваньчууд 23 сая хүний эрх чөлөө, ардчиллыг хүндэтгэн үзэхийг Хятадын эрх баригчдаас шаарддаг. Ойрын жилүүдэд Хятад-Тайванийн зөрчил улам бүр хурцдаж, Цай Ин Вэн “нэг улс хоёр тогтолцоо” гэсэн системийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй хэмээн байр сууриа хамгаалж байгаа юм. Тайванийн Ерөнхийлөгч Цай Ингвен амралтын өдрүүдээр нисэх онгоцны хөдөлгүүр үйлдвэрлэх засварын баазад зочилж, нөхцөл байдалтай биечлэн танилцжээ. Тайванийн өмнөд хэсгийн Ганшан дахь засварын баазад зочлохдоо Цай Ингвен “F-16” сөнөөгч болон бусад байлдааны нисэх онгоцууд дээд хүчин чадлаараа ажиллах боломжийг хэрхэн бүрдүүлж байгаад хяналт тавьжээ. Тайванийн армийн “AIDC F-CK-1” байлдааны хөлгийн нэг жижиг эд анги л гэхэд 13 мянган ам.долларын өртөгтэй гэдгийг мэргэжилтнүүд хэлжээ. Үүнээс дүгнэвэл Тайвань нь армийн зэвсэглэлээ сайжруулах, цэргийн хүчээ зузаатгахад ямар их мөнгө зарж байгааг таамаглаж болно. Тайвань нь өнгөрсөн 2019 онд АНУ-аас “F-16” байлдааны онгоц авах найман тэрбум ам.долларын гэрээ байгуулсан. Ингэснээр Тайвань нь 200 гаруй байлдааны нисэх онгоцтой болж Ази дахь “F-16”-гийн хамгийн том флот болжээ.
Тайваны арал Хятадын зүүн өмнөд эргээс холгүй, эх газраас 160 км-ийн зайтай, Номхон дөлгөөн далайн баруун хэсэгт орших арал. Хятад улсаас Европ, Африк, Өмнөд Ази, Австралитай усан замаар харилцахад Тайванийн хоолойгоор заавал дайран өнгөрдөг. Байгалийн баялаг ихтэй, нүүрс, байгалийн хий, алт, төмрийн хүдэр, мөнгөний орд уурхайтай, ус, ой мод, загасны аж ахуй хөгжсөн. Тайванийн нийт газар нутгийн 24 хувь нь газар тариалан эрхлэхэд тохирох шимтэй хөрстэй, дулаан уур амьсгалтай тул жилд 2-3 удаа ургац хурааж авдаг.
Эх сурвалж: Reuters
Холбоотой мэдээ