Хуучирсан мэдээ: 2016.02.14-нд нийтлэгдсэн

Хаварт дурлагч хоёрдугаар сар… Энэ үгийг хэзээ ч сонслоо доо. Магадгүй уншсан ч байж болох. Гэсэн ч үнэхээр л хоёрдугаар сар чи хаварт хачин хайртай гэдэг би итгэдэг. Орой нь цас хаялж, шөнө нь шуурсан ч өглөө нь хачин тунгалаг болчихсон байх өдрүүд чамд хичнээн олон бэ? Яг л хаврын нэг тийм гэгээхэн өдрүүд шиг. Бусад саруудаас илүүтэй чи л намайг догдлуулж, гуниглуулж чаддаг. Хэтэрхий эмзэг ч болчих үе байдаг юм. Шувууд хараахан жаргалтайгаар жиргэж эхлээгүй, модод нойрноосоо сэрээгүй мэт байх боловч чиний л өдрүүдэд тэд хаврыг зүйдэлсэн амтат нойрондоо байдаг.

Эмзэг, туяхан моддын навч нярайлах гэж буй эх шиг харагддагийг, газрын хөрс хага яран сунайх нялх ногоодыг чи амьдралдаа хараагүй байх л даа. Гэсэн ч хэмжиж барамгүй он цагийн уртад чи харсан байхыг ч үгүйсгэх аргагүй. Гэхдээ л чамд хаврыг ярьж өгмөөр санагдаад байдаг юм.

…Салхи хуйсагнан газраар хөглөрөх өнгөрсөн намрын навчисыг хийсгэн байх боловч гэнэтхэн л ов товхон бороо дуслаж, сав шимийн хүсэн хүлээсэн анхны бороо ордог юм. Амраг хосууд ийм л борооноор хөтлөлцөн алхаж, ирээдүйнхээ тухай зөгнөн ярилцдаг. Энэ бүхнийг чимээгүйхэн ажиглаж, цэцэрлэгт хүрээлэнгийн хуучин сандалд тухтай нь аргагүй суух яруу найрагч үзгээ шүүрч, өмнө нь хэний ч бичиглээгүй хайрын тухай мөртүүдээ олдог юм. Уулсын бэлээр анхны яргуй цухуйж, хорвоод хэдхэн хоногийн настай ирсэнээ мэддэг хэрнээ инээнэ.

Энэ л инээдийг сонсонгоо удахгүй ирэх шувуудын цувааг төсөөлж, голын мөс дотроосоо ханзрахыг харж суух дуртай байдаг юм, хүмүүс. Ээжийн минь бага залуудаа хүзүүгээрээ ороодог байсан нимгэн цагаан алчуур шиг хэсэг үүлс урд уулын оройг даван нүүж, байгаль дэлхий нойрноосоо сэрж буй нялх хүүхэд шиг мишээхийг харах мэт нар туяарах хичнээн сайхан гээч.

Чи энэ бүхнийг бүгдийг нь хардаг ч болоосой. Чи үнэхээр л жил, жилийн хаварт чин сэтгэлээсээ дурладаг байх, тийм үү? Тэр дундаа бүхий л улирлын занг хуулчихсан мэт араншинтай тийм л саруудад.

Гэхдээ би бол чамд илүүтэй хайртай. Учир нь чи бидэнд дээр чамд ярьж өгсөн хаврыг авч ирдэг шүү дээ.

Т.ДЭЛХИЙ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж