ТОЙМ: Долоо хоногийн онцлох үйл явдал

Хуучирсан мэдээ: 2020.09.27-нд нийтлэгдсэн

ТОЙМ: Долоо хоногийн онцлох үйл явдал

ТОЙМ: Долоо хоногийн онцлох үйл явдал

Ньюс агентлаг энэ долоо хоногт (2020.IX.21-2020.IX.27) өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.


ГАДААД ХЭРГИЙН САЙД Н.ЭНХТАЙВАН ОХУ-Д АЙЛЧЛАВ

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавровын урилгаар Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван есдүгээр сарын 21-22-нд ОХУ-д албан ёсны айлчлал хийсэн. Энэхүү айлчлал нь Засгийн газрын гишүүний  анхны гадаад айлчлал бөгөөд айлчлалын үеэр хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар ОХУ-ын Гадаад хэргийн сайдтай яриа хэлэлцээ хийжээ. Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтай 2020 оны есдүгээр сарын 21-ний өдөр албан ёсны хэлэлцээ хийв. Мөн айлчлалын үеэр 2019 онд байгуулсан “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын хоорондын гэрээ”-г соёрхон баталсан Батламж жуух бичгийг Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров нар солилцсоноор  хүчин төгөлдөр болсон юм.

Гадаад харилцааны сайд нар Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг 2021 онд өргөн хүрээнд, ёслол төгөлдөр тэмдэглэх нь зүйтэй гэж санал нэгтэй үзэж, түүхэн чухал ойг хамтран тэмдэглэх төлөвлөгөө гаргасан. Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд анхаарал хандуулж ярилцан, 2021 оныг “Монгол, Оросын Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны жил” болгон зарлах боломжийн талаар ярилцлаа.


ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН 75 ДУГААР ЧУУЛГАНД ҮГ ХЭЛЭВ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн есдүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанд үг хэлж, манай улсын олон улсын харилцааны асуудлаарх байр суурийг илэрхийлж,  гадаад бодлогын зорилт, чиглэлүүд, “КОВИД-19” цар тахлын эсрэг нийгэм, эдийн засгийн салбарт хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцууллаа.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэл 9 дүгээр сарын 22-29-ний өдрүүдэд үргэлжлэв.


ЗАСГИЙН ГАЗАР ХУРАЛДАЖ, ШӨНИЙН ЦАХИЛГААНЫ ХӨНГӨЛӨЛТИЙГ ӨРГӨЖҮҮЛЭВ

Засгийн газрын ээлжит хуралдаан есдүгээр сарын 23-нд болж, дараах шийдвэрийг гаргажээ.

Аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын хэрэглэгчдийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт үзүүлж байгаа 50 хувийн хөнгөлөлтийг 100 хувь болгов.

Азийн авто замын АН-4 чиглэлийн Өлгий хотыг тойрон гарах нийт 18.82 км авто зам, 201 метр төмөр бетон гүүрийн барилгын ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг хавсралтаар баталлаа гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Н.БАЯРСАЙХАНЫ ЯЛЫГ НЭЭЛТТЭЙ ХОРИХОД ЭДЛҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭВ

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны есдүгээр сарын 21-ний өдөр товлон зарлагдсан шүүгдэгч Н.Баярсайхан нарын зургаан хүнд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаанаар:

  • шүүгдэгч Н.Баярсайханыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хясан боогдуулах аргаар хахууль авах гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял,шүүгдэгч Э.Аззаяаг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хясан боогдуулах аргаар хахууль авах гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 40.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40.000.000 төгрөгөөр торгох ял,
  • шүүгдэгч Ш.Тэгванданг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль өгөх гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж оролцсон гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 3 жил хүртэлх хугацаагаар хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял,
  • шүүгдэгч Г.Элдэв-Очирыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хясан боогдуулах аргаар хахууль авах гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж оролцсон гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 13.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 13.000.000 төгрөгөөр торгох ял,
  • шүүгдэгч С.Бүрэнтөгсийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хясан боогдуулах аргаар хахууль авах гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж оролцсон гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ял,
  • шүүгдэгч Д.Төмөрбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 9000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, шүүгдэгч Н.Баярсайханд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, эд мөрийн баримтаар хураагдсан нийт 831.564.458 /найман зуун гучин нэгэн сая таван зуун жаран дөрвөн мянга дөрвөн зуун тавин найман/ төгрөгийг улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэлээ.

СУРАГЧИД ХЭВИЙН ГОРИМООР ХИЧЭЭЛЛЭЖ ЭХЛЭВ

Улсын онцгой комисс, Засгийн газрын 2020 оные сдүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаар бүх шатны боловсролын байгууллагууд, их дээд сургуулиудын үйл ажиллагааг 2020 оны есдүгээр сарын 21-ний өдрөөс хэвийн горимд шилжүүлэх шийдвэр гаргасан. Энэ дагуу, сурагчид, оюутнууд нийслэлийн хэмжээнд есдүгээр сарын 21-нээс хэвийн горимд шилжин хичээллэж эхлэв.


ЭРХҮҮД ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДӨЛЖ, МОНГОЛЫН ХОЙД НУТГААР МЭДРЭГДЭВ

Есдүгээр сарын 22 02:04:57 цагт ОХУ-ын Слюдянка тосгоноос баруун хойд зүгт 28 километрийн зайнд 5,8 магнитуд, дахин 02:19:52 цагт 5,1 магнитудын хоёр удаагийн газар хөдлөлт болсон. Газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хот болон Дархан, Орхон, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн иргэдэд хүчтэй мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй. Мөн есдүгээр сарын 23-нд Сэлэнгэ аймгийн  Цагааннуур сумын  Оргих багийн “Шүрэнгийн-Ам” гэх газарт өнөө өглөө 06:00 цагийн орчимд 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Аймгийн иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй тул ямар нэгэн хохирол учраагүй байна.

COVID-19: МОНГОЛД ХАЛДВАР НЭГЭЭР НЭМЭГДЭЖ, 313 БОЛОВ


Г.СОЛТАНД ОНООСОН 3 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛЫГ ХЭВЭЭР ҮЛДЭЭВ

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд есдүгээр сарын 22-нд УИХ-ын гишүүн асан Г.Солтанд холбогдох шүүх хурал болсон ч анхан шатны шүүхээс ногдуулсан гурван жилийн хорих ялыг хэвээр үлдээсэн байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Солтаны гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 7.880.500 төгрөгийг албадан гаргуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар улсын төсөвт шилжүүлсүгэй” гэсэн нэмэлт заалтыг оруулж, шийдвэрлэжээ.


Д.ЯДАМДОРЖИЙГ ШШҮХ-ИЙН ДАРГААР ТОМИЛОВ

Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан цагдаагийн хурандаа Д.Ядамдоржийг  өнгөрсөн долоо хоногт Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн даргаар томилжээ.

Д.ЯДАМДОРЖ ГЭЖ ХЭН БЭ?

1987-1996 онд Өвөрхангай аймгийн Цагдан сэргийлэх ангид хэсгийн төлөөлөгч, ахлах төлөөлөгчөөр

1996-1998 онд Булган аймгийн Цагдаагийн хэлтэст эрүүгийн цагдаагийн ажил хариуцсан дэд даргаар

1998-2000 онд Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мандал сум дахь цагдаагийн хэлтсийн даргаар

2000-2003 онд Дорнод аймгийн Цагдаагийн газрын даргаар

2006 онд Нийгмийн хэв журам хамгаалах газрын даргаар

2006-2008 онд Замын цагдаагийн газрын даргаар

2008-2012 онд Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн даргаар

2012-2014 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, даргын зөвлө

2014 оноос Хууль сахиулахын их сургуулийн Албаны зохион байгуулалт, санхүү хангамж эрхэлсэн дэд захирлаар тус тус ажиллаж байсан

Тэрбээр, 2017 оноос хойш Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Нийслэлийн Цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан юм.


МЭДЭЭЛЭЛ ЗҮЙН ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДААС АНХНЫ АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЭВ

Мэдээлэл зүйн Олон Улсын 32 дугаар олимпиадад Монгол Улсаа төлөөлөн оролцсон А.Нямдаваа амжилттай оролцож, алтан медаль хүртжээ. Сингапур улсад есдүгээр сарын 13-23-ны өдрүүдэд онлайнаар зохион байгуулсан  бөгөөд тус олимпиадаас Монгол Улсын анхны алтан медалийг авч, өндөр амжилт үзүүлжээ.

Мэдээлэл зүйн олон улсын олимпиадад Монгол Улс 1991 оноос хойш оролцож байгаа бөгөөд гурван хүрэл, нэг мөнгөн медаль авч байжээ. Харин энэ жил анхны алтан медалийг авчирч, амжилтаа ахиулаад байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж