Шинэ Байгалийн түүхийн музейн тендерийг цуцалжээ

Хуучирсан мэдээ: 2020.09.27-нд нийтлэгдсэн

Шинэ Байгалийн түүхийн музейн тендерийг цуцалжээ

Шинэ Байгалийн түүхийн музейн тендерийг цуцалжээ

Засгийн газраас Байгалийн түүхийн музейг нурааж, Их тэнгэрийн аманд барих, суурин дээр нь Чингис хааны музейг байгуулах шийдвэр гаргасан  билээ. Олны дунд багагүй шүүмжлэл дагуулсан Чингис хааны музейн барилга одоо 60 хувьтай үргэлжилж байгаа бол шинээр барих Байгалийн түүхийн музейн барилгын тендерийг буцаасан гэдгийг албаныхан мэдээллээ.

Шинэ Байгалийн түүхийн музейн тендерийг хуучнаар БСШУЯ-наас зарлаж, гурван компани оролцсон байна. Гэвч нэг нь ч шаардлага хангаагүйн улмаас тендер шалгаруулалт нь буцсан. Одоо дараагийн шатны арга хэмжээг авна гэдгийг Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат хэлсэн юм.

Их тэнгэрийн аманд баригдах Байгалийн түүхийн музейн шинэ барилгын төсөвт өртгийг 94.4 тэрбум, 2020 онд санхүүжих дүнг 96.9 тэрбум гэж Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамнаас тооцоолжээ. Музейн нийт хамрах талбай нь 74,000 м.кв бөгөөд одоогийн Байгалийн түүхийн музейн эзэмшиж буй газраас 75 дахин том талбай юм.

Үндсэн музейн барилга 39 мянган м.кв талбайг хамрах бөгөөд газар дээр гурван давхар, газрын доор нэг давхар нийт дөрвөн давхар барилга босохоор зураг төслийг нь гаргасан. Нийт 250 машины зогсоолтой. Музейн шинэ барилга Сүхбаатарын талбайгаас 1.8 км-ийн зайтай, Маршаллын гүүрнээс холгүй байрлах юм. Музейн зураг төслийг “Хатанбаатар” компани хариуцан ажиллажээ.

ЧИНГИС ХААНЫ МУЗЕЙН БАРИЛГЫН АЖИЛ 60 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

“Чингис хаан” музейн бүтээн байгуулалтын ажлын явц 60 орчим хувьтай үргэлжилж байна. Музейн бетон цутгалтыг хийгээд дуусч байгаа гэдгийг албаныхан мэдээллээ.

Чингис хааны музейн барилгыг  нийт 70×40 метрийн хэмжээтэй талбайд газар доор нэг давхар, газрын дээр есөн давхар бүхий хамгийн сүүлийн  үеийн музейн зориулалт, стандартаар барихаар төлөвлөсөн. Музейн архитектурыг олон жилийн туршлагатай "Baldan’s" компани гүйцэтгэсэн бол бүтээн байгуулалтын ажлыг “Билгүүн Монгол констракшн" компани гүйцэтгэж байна.

Тус музей нь цагаан, алт, зэсэн өнгөтэй байхын дээр гол хаалганы дээд хэсэгт Чингис хааны их нүүдлийн аж байдлыг харуулсан дүрслэл зурагтай, оройн хэсгийг сумны зэв бүхий, монгол цэргийн дуулганы хэлбэртэй байхаар төлөвлөжэ.

Байгалийн түүхийн музейн буурин дээр "Чингис хаан" музейн барилгын ажлыг өнгөрсөн тавдугаар сард эхлүүлсэн. Музейн барилгын бүтээн байгуулалтад 2020 онд улсын төсвөөс 53 тэрбум төгрөгийг төсөвлөсөн.

“ДУУРЬ, ДРАМЫН ТЕАТРЫН ЗАСВАРЫГ ЭНЭ ОНД ХИЙЖ АМЖИХГҮЙ”

Улсын драмын эрдмийн театр, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр, Үндэсний төв номын сангийн барилгыг нурааж, дахин шинээр барих эсэх талаар өмнө нь хөндөж байсан. Эдгээр түүхэн барилгын талаар Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргаас тодруулахад “Үндэсний төв номын сангийн барилгын бүтээн байгуулалт дуусах шатандаа явж байгаа” гэв.

Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны нутаг Америк Элчингийн урд талд 0.3 га газарт сүндэрлэж буй номын сангийн барилга анх 2008 онд яригдаж эхэлсэн ч олон жил царцсан. Энэ хугацаанд хоёр ч удаа шав тавих ёслол хийж байсан түүх бий.  Нийт 11 давхар бүхий номын сангийн барилга өнгөрсөн жилээс эхлэн барилга угсралтын ажил үргэлжилж байна.

Мөн тэрбээр “Үндэсний урлагийн их театрын бүтээн байгуулалтын газар чөлөөлөлт эцсийн шатандаа явж байна. Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр болон драмын театрын засварын ажлыг энэ ондоо хийж амжихгүй болоод байна. Хүчитгэл хий төсвийг нь 2021 оноос Улсын төсөвт суулгаж, ажлыг эхлүүлнэ. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас театруудын барилгын хөрөнгө оруулалт, бичиг баримт болон холбогдох мэдээллээ бүрэн шилжүүлж дуусаагүй байгаа” гэлээ.

2020 онд Монгол Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтад Улсын драмын эрдмийн театр, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр, Төв номын сан, Байгалийн түүхийн музей, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн барилгыг буулгаж, шинээр барихаар болсон талаарх жагсаалт сошиал орчинд цацагдах болсон. Үүнд салбар яамнаас “Цаасан дээр бичигдсэн тоо болгон нурааж, буулгана” гэсэн үг биш гэдэг тайлбарыг ч өгч байв. Уг жагсаалтад

  • Улсын драмын эрдмийн театр – 52 тэрбум төгрөг
  • Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр – 54.6 тэрбум төгрөг
  • Төв номын сан – 52.4 тэрбум төгрөг
  • Байгалийн түүхийн музей – 94.4 тэрбум төгрөг
  • Төв цэнгэлдэх хүрээлэн – 80 тэрбум төгрөгийг түүхэн барилгыг буулгаж, дахин шинээр барихад төсөвлөсөн байв.

А.СҮРЭН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж