Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашилснаар цас орж, хүйтрэх төлөвтэй байна. Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр есдүгээр сарын 28-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, 29-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 30-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 10 дугаар сарын 1-нд нутгийн зүүн хагаст нойтон цас орно. Салхи ихэнх нутгаар секундэд 7-12 метр, 29-нд баруун аймгуудын нутгаар, 30-нд ихэнх нутгаар, 1-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан байна.
Холбоотой мэдээ