“Хакатон дата соёл” тэмцээнийг зохион байгуулж байна

Хуучирсан мэдээ: 2020.09.26-нд нийтлэгдсэн

“Хакатон дата соёл” тэмцээнийг зохион байгуулж байна

“Хакатон дата соёл” тэмцээнийг зохион байгуулж байна

“Эрдэнэс Монгол” нэгдлийн охин болон хараат компаниудын залуусыг чадавхжуулах, дата өгөгдлийн ач холбогдлыг таниулах “Хакатон дата соёл” тэмцээнийг Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнтэй хамтран өнөөдөр /2020.09.26/ хоёр дахь өдрөө зохион байгуулж байна. Хакатон уралдаанд “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа 11 компанийн 70 гаруй залуу оролцож, ур чадвараа сорьж буй юм.

Олон улсад түгээмэл зохион байгуулагддаг энэхүү “Хакатон дата” нь тодорхой өгөгдсөн сэдвийн хүрээнд төрөл бүрийн мэргэжил, чадвартай хүмүүсийг нэг баг болгон бүрдүүлж, богино цаг хугацаанд шинэ санааг хөгжүүлж асуудлыг оновчтой, бүтээлчээр шийдвэрлэх гарц шийдэл болдог уралдаан юм. Монгол Улсын эдийн засагт үзүүлж буй нөлөө, Уул уурхайн компаниудын төсвийн орлогод үзүүлж буй хувь нэмэр, Төрийн өмчит компаниудын нийтэд тайлагнаж буй мэдээллийг тоо болон чанарын хувьд хэрхэн сайжруулах зэрэг сэдвийн хүрээнд “Эрдэнэс Монгол” нэгдлийн залуус өрсөлдөж байна. Мөн төрийн өмчит компаниудын худалдан авах ажиллагаанд дүн шинжилгээ хийх, ижил төстэй компаниудын санхүү, үйл ажиллагаа, бүтээгдэхүүнийг харьцуулах, бүтээмжийг хэрхэн сайжруулах талаар инженер, мэргэжилтнүүд ур чадвараа сорьж байгаа юм.

Нээлтийн үеэр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү “Монгол Улс өнгөрсөн 30 жилийн хугацаанд байгалийн баялгийн нэгдсэн удирдлага, зохистой засаглалыг хийж чадсан уу, цаашид түүхий эдийн үнийн өсөлтийн мөчлөг дагасан эдийн засагтай хэвээр байх уу, ер нь нийт ард иргэдэд маань байгалийн баялгийн өгөөж хүртээмжтэй байж чадаж байна уу гэдгийг бид эргэн харах шаардлагатай. Үүнийг шийдвэрлэх чиглэлд Үндсэн хуулийн “Баялгийн өгөөжийг тэгш хүртээмжтэй байлгана” гэдэг заалт чухал бөгөөд түүнийг дагалдан гарах хууль журмууд бодит үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Цаашид ажлын байр, уул уурхай дагасан дэд бүтцийн хөгжил, нэмүү өртөг бий болгох үйлдвэрлэл болон эдийн засгийг төрөлжүүлэх чиглэлд байгалийн баялгийн хуримтлагдсан орлогыг зарцуулдаг механизм бүрдэнэ гэж ойлгож болно. Иймд залуучуудын багаар ажиллах, байгалийн баялгийн засаглалтай холбоотой шинэ туршлагыг судалж, суралцахад “Хакатон дато” уралдаан чухал ач холбогдолтой” гэлээ.

Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн менежер Н.Дорждарь “Эрдэнэс Монгол бол Монгол Улсын эдийн засагт хамгийн чухал байр суурь эзэлдэг компани. Монгол Улсын эдийн засаг энэ компаниас ихээхэн хамааралтай. Тиймээс Эрдэнэс Монгол амжилттай ажиллах суурь нь дата соёлтой шууд холбогдох бөгөөд үүнд суурилж шийдвэр гаргахад маш чухал үр дүнтэй. Дата хакатонд оролцож буй залуус Монгол Улсынхаа хөгжил, эдийн засагт чухал хувь нэмэр оруулж байна гэж ойлгож байна” гэсэн юм.

Компаниудын мэргэжилтэн, инженер техникийн ажилтнууд Улаанбаатар инновацийн төвд байрлаж, оюун бодлоо уралдуулан, шинэлэг, бүтээлч, мэдээлэл технологийн шийдлүүдээ дэвшүүлж байна.

“Хакатон дата” тэмцээн есдүгээр сарын 27-н хүртэл үргэлжилнэ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж