НЭМЭЛТ:
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Монгол Улс дахь Хятадын Элчин сайдын яаманд БНХАУ-ын удирдагч Ши Жиньпинд хаягласан захидал хүргүүлсэн билээ. Харин Монгол Улс дахь Хятад улсын Элчин сайдын яамнаас Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид хариу илгээсэн байна. Энэ асуудалд тэрбээр "Хятадын Элчингээс энэхүү нээлттэй мэссэжийг ирүүлжээ. Ноён Ши Жиньпинд бичсэн захидалыг албан өрөөндөө гардан авсан атлаа, Яагаад ингэв! Мэдээллийг ингэж дарах боломжгүйг энэ Сайд сайн мэддэг баймаар. Би захиагаа буцааж авахгүй. Эзэн нь уг захиаг хартал улам олон хүн давалгаална" гэж жиргэв.
Ц.Элбэгдорж: Монгол үндэстний Монгол хэл бичгийн амин холбоо тасрах ёсгүй
Өвөрмонголчууд үндэсний хэлээрээ суралцах боломжгүй болсныг Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эрс буруушааж, тууштай байр сууриа илэрхийлэх болсон. Тэрбээр энэ удаад дээрх асуудлыг хөндөж, БНХАУ-ын дарга Ши Жиньпинд захидал бичсэнийг Монгол дахь Хятадын Элчин сайдын яам өчигдөр /2020.09.25/ хүлээн авсан байна. Энэ тухайгаа цахим хаягаараа Live хийн, монголчуудтайгаа хуваалцлаа.
Захидалд “БНХАУ-ын дарга Ши Жиньпин танаа, Монгол хэл бичгийн тухай:
Таны түмэн амгаланг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос айлтган мэндчилж байна. Өвөрмонголын өөртөө засах орны Монгол үндэстэн Монгол хэл бичгээрээ сурах, ярих, бичихтэй холбогдсон асуудал олны санааг зовоосоор байгаа тул танд хандаж байна.
Үндэстэн бүр өөрийн ярианы болон бичгийн хэлийг хэрэглэх, хөгжүүлэх эрхтэй хэмээх танай Үндсэн хуульд байгаа суурь заалт Өвөр монгол дахь Монгол хүүхдүүдийн хувьд илт зөрчигдөж байгааг та сонсч, мэдсэн нь лавтай. Үндсэн хуулийн дээрх эрхээ бүрэн дүүрэн эдлэх гэсэн олон түм буман Монгол хүн, тэдний хүүхдийн халуун бие сэтгэл, хатан зүрх үгээр илэрхийлэх аргагүй их шаналал зовлонг туулж буйг сонсч мэдсээр тэсч суух аргагүйн учир энэхүү захиаг танд хандан бичиж байна.
Монгол үндэстэн Монгол хүн байх эрхээ балчир наснаасаа алдах, ийм гамшиг аюулд үр хүүхэд нь нэрвэгдэн шаналахыг ямар ч эцэг, эх тэвчихэд бэрхтэйг аав хүний хувьд та бид хоёр сайн мэднэ.
Монгол үндэстнийг бие даасан үндэстний хувьд хэл бичгээр нь уусган устгах нөхцөл рүү хөтөлсөн харгислал өргөжиж, энэ тухай мэдээлэл улам хаалттай болсоор байгаа нь олны сэтгэлийг бүр ч ихээр зовоож байна.
Халуун амь бүлээн цус нэгтэй дэлхийн Монгол хүн бүр ах дүү амраг саднаа нүдгүй харанхуйд улаан шуурга яргалал, шорон гянданд алдсан мэт боллоо. Иймээс тэд ямар нэг сайн мэдээг итгэл үл тасран хүлээсээр байгаа юм.
Манай орны Монгол үндэстэн хүн бүр төрөлх хэл бичгээ сурах, ашиглах, өвлүүлэх эрхээ бүрэн эдлэх ёстой. Энэ эрхийг зөрчсөн аливаа үйлдэл гаргаж болохгүй, цаашдаа ч энэ явдал давтагдах учиргүй гэсэн таны шийдвэрлэх үг, хүнлэг ил тод үйлдэл хэзээ хэзээнээс илүү шаардлагатай байна. Таны чухам ийм алхам л дээр өгүүлсэн байдал түүнээс үүдэн гарч байгаа, гарч болох бүх үр дагаврыг зогсоож чадна.
Монгол хүний тухай өмнө нь хүргүүлж байсан хүсэлтэд та биечлэн анхаарч, нааштай шийдвэрлэж байсанд би талархдаг. Тантай тогтоосон хүн ёсны сайхан харилцааг миний бие эрхэмлэн хүндэтгэж явдаг. Энэ удаад Монгол Улсын иргэн, таны сайн танил болохын хувьд Монгол өв соёлын тухай танд чин сэтгэлээсээ дахин хандаж байна. Монгол хүн төрөлх хэл бичигтэйгээ байхыг л би хичээнгүйлэн хүснэм.
Хятад, Монгол хоёр орны харилцаа эрх тэгш стратегийн төвшинд өргөжин бэхжиж байгаад баяртай байдаг. Монгол үндэстнийг үеийн үед илэрхийлж ирсэн Монгол хэл бичгийн амин холбоо алдагдах, тасрах ёсгүй.
Хүн төрөлхтөний хувь заяанд нөлөөтэй, хариуцлагатай, эв зохицлыг эрхэмлэдэг удирдагч болохын хувьд таниас сайн мэдээ нааштай хариуг харуулдан хүлээсээр байх болно.
Танд болон таны гэр бүлд, Хятадын найрсаг хамт олонд хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
Таныг хүндэтгэн ёсолсон Монголын Цахиагийн Элбэгдорж” гэжээ.
Өвөр Монгол дахь Монгол хэл бичгийн асуудлаар БНХАУ-ын Дарга Си Жинпинд бичсэн миний захидалыг Хятадын Элчин сайдын яам албан ёсоор хүлээж авлаа.
Posted by Elbegdorj Tsakhia on Friday, September 25, 2020
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ