Авто машин худалдан авагч иргэдэд тухайн автомашины бүх мэдээллийг нээлттэй болгох гэж буй тухай Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ. Тодруулбал, иргэд www.autobox.mn болон www.burtgel.transdep.mn сайтаас шууд мэдээллийн сан руу нэвтрэх холбоос руу дарснаар өөрийн худалдаж авах гэж буй тээврийн хэрэгслийн ашиглалттай холбогдох бүхий л мэдээлэл буюу техникийн хяналтын үзлэг, тээврийн хэрэгслийг өмнө нь хэдэн хүн эзэмшиж байсан, татвар, осол зөрчлийн мэдээллээс гадна нэгж тээврийн хэрэгсэл бүрийн засвар үйлчилгээний түүх зэрэг цогц мэдээллийг нэг дороос авах боломж бүрдэх юм.
Мөн импортоор орж ирж буй тээврийн хэрэгслийн техникийн ерөнхий мэдээллийг авах боломжийг бүрдүүлэхийн тулд авто тээврийн хэрэгслийн импортоор орж ирэх үеийн мэдээллийг бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулж байгаа аж.
Тус ажлын хүрээнд импортоор орж ирж буй тээврийн хэрэгслийг гаалийн талбай дээрх бодит зураг, арлын дугаар, марк, модель, өнгө, жолооны хүрдний байршил, хурдны хайрцаг, үйлдвэрлэсэн он, импортлосон он, явсан гүйлт, бүртгэсэн огноо зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжийг бий болгохоор программ хангамжийн нэмэлт хөгжүүлэлт хийжээ.
Өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд Авто тээврийн мэдээллийн сан авто үйлчилгээний ангилал тогтоолгох 290 цахим хүсэлтийг хүлээн авч, шаардлага хангасан 246 аж ахуйн нэгж, иргэнд ангилал тогтоожээ. Уг санд нийт 478 авто үйлчилгээний байгууллагын 332 ажилтны мэдээлэл бүртгэгдсэн бөгөөд 12.700 гаруй тээврийн хэрэгслийн 15.000 гаруй засвар үйлчилгээний мэдээлэл үүсч, давхардсан тоогоор 105.000 гаруй иргэн тус мэдээллийн санд хандсан байна.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ