Тавантолгой-Гашуунсухайт чиглэл дэхь 240 км төмөр замын ажлын гүйцэтгэл эрчимтэй явагдаж байна. Өмнө нь хийгдсэн суурь бүтэц эвдэрч элэгдэл хоргодолд орж, олон жил гацан гүйцэтгэлийн ажил бүрмөсөн зогссон байсныг Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр 2020 оны гуравдугаар сараас барилга угсралтын ажлыг шинээр эхлүүлж төмөр зам барих төслийг хөдөлгөсөн билээ.
Төслийн захиалагчаар “Тавантолгой төмөр зам” ХХК, ерөнхий гүйцэтгэгч "Бодь интернэшнл" ХХК ажиллаж байна. Одоогоор тус чиглэлийн төмөр замын төсөлд 321 инженер техникийн ажилтан, 1,037 ажилтан, 500 гаруй машин техниктэй үйл ажиллагаагаа явуулж байна.
Уг төмөр зам нь нэгдүгээр зэрэглэлийн UIC-60 зам төмөр бүхий уулзваргүй гэдгээрээ онцлогтой юм. Уулзваргүй замын гагнуур нь Монголд өмнө нь хийгдэж байгаагүй. Нэг голын даац нь 25 тонн, 16 гүүр, 126 хоолой, найман малын гарцтайгаар баригдаж байгаа аж.
Төслийн хүрээнд 208 километр төмөр замын газар шорооны ажил бүрэн дуусчээ. Дугуй хоолойн ажил, дөрвөлжин хоолойн ажил болон мал амьтны гарцын ажил бүрэн дууссан байна.
Харин гүүрийн ажил 45 хувь, нийтдээ доод бүтцийн ажил 97.8 хувьтай бол дээд бүтцийн ажил 40 хувь буюу 85 километр төмөр замын үеийг угсарчээ. Барилгын ажлыг 2022 оны долдугаар сарын 1-н гэхэд дуусгахаар төлөвлөн ажиллаж байгааг албаныхан хэллээ.
Дашрамд дурдахад, есдүгээр сарын 23-ны өдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг Тавантолгой-Зүүнбаян чиглэлтэй холбох 22 км төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” компанид олгосон юм. Инженерийн нарийвчилсан зураг төсөл, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэж, ажлаа энэ онд багтаан эхлүүлэхээр болсон.
Шаардагдах хөрөнгийг зураг төслийн магадлал хийсэн дүнгээр “Эрдэнэс Тавантолгой” компани санхүүжүүлэх юм. Дээрх хоёр чиглэлийг холбосноор төмөр замын гол магистраль шугамтай шууд холбогдоно. Үүний зэрэгцээ Тавантолгойн нүүрсний бүлэг орд, Цагаан суварга, Адуунчулуун, Чандгана, Талбулаг, Хөөт зэрэг зэс, нүүрс, вольфрам, цайр, жоншны ордыг ашигласнаар экспортод гаргах бүтээгдэхүүний хэмжээ жилд дунджаар 50 орчим сая тонн болж, төмөр замаар тээвэрлэх ачаа 3.5 дахин нэмэгдэнэ гэж тооцоолж байгаа аж.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ