Шүүх: Г.Солтаны ялыг хэвээр үлдээж, “800 хятад”-ыг шүүх  хурал хойшлов

Хуучирсан мэдээ: 2020.09.26-нд нийтлэгдсэн

Шүүх: Г.Солтаны ялыг хэвээр үлдээж, “800 хятад”-ыг шүүх  хурал хойшлов

Шүүх: Г.Солтаны ялыг хэвээр үлдээж, “800 хятад”-ыг шүүх  хурал хойшлов

Өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн шүүх хуралдааныг тоймлон хүргэе.


Нийслэлийн прокурорын газар улс төрд нөлөө бүхий этгээд өөрт болон бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэгт УИХ-ын гишүүн асан Г.Солтанд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, зургадугаар сарын 17-ны өдөр шүүхэд шилжүүлсэн билээ. Г.Солтанд холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан долдугаар сарын 29-ний өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, түүнийг нийтийн албанд томилогдох эрхийг таван  жилээр хасч, гурван жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Тэгвэл есдүгээр сарын 22-ний өдөр Г.Солтанд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан болж шүүгдэгч Г.Солтаны гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 7.880.500 төгрөгийг  түүнээс албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэх  нэмэлт заалтыг оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. 

УИХ-ын гишүүн асан Г.Солтан нь УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хэрэгжүүлэх явцдаа өөрийн үүсгэн байгуулсан "Монгол шаазан" ХХК-д 950 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан нь шүүхээр ийн тогтоогдоод байна. Тодруулбал, тэрбээр хөнгөлөлттэй зээл авахын тулд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Батзоригт хууль бусаар нөлөөлөн түүнийг төсөл сонгон шалгаруулах хорооны дарга Д.Энхбат, гишүүн С.Төгсбилэг нарт тухайн төслийг улс төрд нөлөө бүхий, нэр бүхий хүнтэй холбоотой, хамаарал бүхий учраас шалгаруулах шаардлагатай гэж хэлж, хууль бус үүрэг чиглэл өгч, нөлөөлсөн хэмээн яллагдсан нь энэ юм.

ШҮҮХ ХУРАЛДААН АРАВДУГААР САРЫН 12-НЫ ӨДӨР ТОВЛОГДОВ

Монгол Улсын нутаг дэвсгэрт 800 хятад иргэн орогнон, мөнгө угаасан байж болзошгүй хэргийг өнгөрсөн 2019 оны аравдугаар сарын 29-ний өдрөөс сүр дуулиантай шалгаж эхэлсэн билээ. Хууль, хяналтын байгууллагын тусгай ажиллагааны үр дүнд өндөр хүчин чадал бүхий 1000 орчим  комьпютер, ухаалаг гар утас, арван мянга гаруй үүрэн холбооны дата сим картууд, 1.6 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний валют, 1.1 тэрбум төгрөгөөр үнэлсэн  тансаг зэрэглэлийн автомашинууд хураан авсан байдаг.

 БНХАУ-ын иргэн Лью Тин Хуа гэгч дээрх зохион байгуулалттай бүлэглэлийг байгуулж, удирдсан хэрэгт холбогдоод буй. Хэргийн гол зохион байгуулагчид нь Камбож улсад үйлдэж байсан залилан мэхлэх гэмт хэргээ Монголд үргэлжлүүлэхээр олон хүн элсүүлэн орж ирсэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогджээ.  Улмаар гол зохион байгуулагч болох 15 орчим хүнийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан, үлдсэн хүмүүсийг 2019 оны арваннэгдүгээр сарын 2-нд нутаг буцаасан билээ.

Тэгвэл Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дээрх хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг есдүгээр сарын 9-ны өдөр болж гэм буруугийн шүүх хуралдааныг есдүгээр сарын 23-ны өдрийн 10.00 цагт товлож шийдвэрлэсэн.  Шүүхээс шүүгдэгч Жан Хун Чаны өмгөөлөгч Б.Тэнгис Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаан давхацсан гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт бичгээр ирүүлснийг шүүх бүрэлдэхүүн хүлээн авсан юм.

Улмаар шүүх хуралдааныг аравдугаар сарын 12-ны өдрийн 09.00 цагт товлосон бөгөөд шүүгдэгч нарт  урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, мөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж