Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-ын 60 жилийн түүхт ой энэ өдрүүдэд тохиож байна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ойн баярын хуралд оролцон, баяр хүргэж үг хэлэв.
Тэрбээр МҮХАҮТ бизнесийн орчинг сайжруулах, хувийн хэвшлийг хөгжүүлэх, бодлогын өмгөөлөл болон бизнесийг дэмжин урамшуулах, нийгмийн хариуцлагатай бизнесийг хөгжүүлэх, төр-хувийн хэвшлийн хэлэлцлийг хөгжүүлэх, төр, засагтай хамтран ажиллаж, үр дүнд хүрч байгааг тэмдэглэв. МҮХАҮТ цаашид бизнес эрхлэгчдэд шаардлагатай байгаа судалгаа шинжилгээ хийх, олон улсын туршлагыг судлан оруулж ирэх гүүр нь болох, бизнес эрхлэгчдийн хоорондын эв эе, харилцаа холбоог сайжруулах чиглэлээр ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв.
Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Хувийн хэвшлийнхэн дотооддоо өөр хоорондоо өрсөлдөх биш, харин дэлхийн зах зээлд нэвтэрч, цар хүрээгээ тэлэх ёстой. Ерөнхий сайдын хувьд дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай үндэсний компаниуд бий болгохын төлөө бүх талын дэмжлэг үзүүлнэ" гэв.
Монгол Улсын Засгийн газар:
- Дотоод, гадаадын хөрөнгө оруулалт, өмчийн эрхийг хамгаалах бодлого зохицуулалтыг боловсронгуй болгох
- Засгийн газрын сангуудыг нэгтгэн хувийн хэвшлийг дэмжих, олон нийтэд нээлттэй, хяналттай тогтолцоонд шилжүүлэх
- Төрийн албаны сахилга хариуцлагыг дээшлүүлж, чадавхийг бэхжүүлэх, цахим засаглалыг хөгжүүлэх
- Төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлыг үе шаттай бууруулах
- Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг нэмэгдүүлэх, уул уурхайн бус экспортыг хэмжээг өсгөх, томоохон төслүүдийг хөдөлгөх замаар эдийн засгийн өсөлтийг хангаж, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах
- Бизнес дэх төрийн оролцоо, хүнд суртлыг бууруулж, авилгыг арилгах чиглэлээр ажиллаж байгааг хэлэв.
"Ковид-19" цар тахлын улмаас хүндэрсэн эдийн засгийг сэргээхэд төр, хувийн хэвшлийн харилцан ойлголцол, хамтын ажиллагаа чухал гэдгийг онцлов. Хувийн хэвшил, бизнесийнхэн Дотоодын нийт бүтээгдэхүүний 75 хувийг үйлдвэрлэдэг бөгөөд улсын төсвийн орлогын 80 орчим хувийг бүрдүүлдэг. Нийт ажиллагсдын 70 хувь нь энэ салбарт ажиллаж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Холбоотой мэдээ