Төрийн албаны чадахуйн /мерит/ зарчмын хэрэгжилт-хүний нөөцийн аудит сэдэвт сургалт үргэлжилж байна. Сургалтад Төрийн албаны тухай хуулийн ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, НҮБ-ын суурин зохицуулагч Тапас Мишра, Канад Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Катрин Ивкоф, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, зөвлөлийн гишүүд, эрдэмтэн судлаачид оролцлоо.
“Меритийн шаардлага хангасан хүнийг томилно”
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн "Төрийн албаны тухай шинэ хууль 2019 оноос хэрэгжиж эхэлсэн. Төрийн албаны хуулийн үндсэн дөрвөн гол зарчим бий. Төрийн албыг тогтвортой байлгах, төрийн албыг хариуцлагатай, мэргэжлийн байлгах, төрийн албыг улс төрөөс ангид байлгах зарчимтай. Энэ дөрвөн зарчмыг хэрэгжүүлэхийн тулд олон шинэлэг санаа, заалтыг хуульд тусгасны нэг нь хүний нөөцийн аудит юм. Төрийн албыг үр дүнтэй, ард түмний итгэлийг дааж ажилладаг болгохын тулд төрийн байгууллага өөрөө өөртөө аудит хийж, шинэчлэгдэж байх ёстой. Цаашдаа төрийн алба хүний нөөцийн аудитыг хэрхэн хийж, хэрхэн зохион байгуулж, юу, юу шаардлагатай вэ гэдэг асуудлаар сургалт зохион байгуулж байна. Төрийн албаны шинэчлэлийн хууль эрх зүйн орчин, санхүүгийн асуудал шийдэгдсэн. Одоо төрийн алба өөрөө өөрийгөө чадавхжуулах асуудал чухал байгаа юм.
Мерит буюу чадахуйн зарчим гэдэг нь нэгд, төрийн албан тогтвортой байх. Хоёрт, албан тушаал ахихдаа шатлан дэвших зарчмыг баримтална. Одоо хэн нэгнийг гаднаас авчраад төрийн албанд халаа сэлгээ хийдэг байдал арилна. Аль ч улсын төрийн алба мерит зарчмыг хэрэгжүүлж байж л тогтвортой хөгждөг. Улс төрийн албан тушаалтан солигдож болино, харин төрийн алба тогтвортой байх ёстой. Төрийн албанд улс төрийн халгаа сэлгээг байхгүй болгохын тулд энэ хууль гарсан.
Сая Засгийн газар солигдоход бүтцийн өөрчлөлт хийгээгүй. Энэ бол хуулиа мөрдөх чиглэлд гарсан том дэвшил болсон. Төрийн албанд салхи оруулж болно, гэхдээ меритийн шаардлага хангасан хүнийг томилж, сул орон тоонд авах ёстой. Төрийн албаны тухай хуулиа төрийн албан хаагчид өөрсдөө хамгаалж, өөрсдөө хэрэгжүүлэх хэрэгтэй" гэлээ.
Төрийн төв болон орон нутгийн бүх шатны байгууллагын оролцогчид харилцан ярилцаж, хамтран шийдэлд хүрэх хэлэлцүүлэгүүд өргөн хүрээнд үргэлжилж байна.
Тус сургалтад Канад Улсын Төрийн албаны зөвлөлийн дарга асан хатагтай Мария Баррадос “Хүний нөөцийн аудитын стратегийн ач холбогдол болон өөрчлөлтийн менежмент”-ийн талаар Канадын Оттова хотоос онлайнаар оролцож хэлэхдээ “Би Канад Улсын Төрийн Албаны зөвлөлийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан, манай байгууллага Монгол Улсын Төрийн албаны зөвлөлтэй их ижил үүрэгтэй.
Боловсон хүчин бол танай байгууллагын хөрөнгө гэдэг англи үг бий гэхдээ энэ үг “Зөв хүмүүс танай байгууллагын хамгийн чухал хөрөнгө” гэж өөрчлөгдөж байна. Зөв хүнийг зөв албан тушаалд томилж, тэрхүү тохирсон хүнээ тэр албан тушаалд тогтоон барьж чадсанаар тухайн байгууллага өөрөө хөгжин дэвжиж, өсөх боломжтой, иргэдэд төрийн үйлчилгээ чанартай очно.
“Шинэтгэл хийх гээд одоо хийж байгаа зүйлээ зогсоож болохгүй”
Өөрчлөлтийг нэг далайлтаар хийх бус харин шинэтгэлийн үйл явцыг тодорхой үе шатуудад хуваана. Томоохон хэмжээний өөрчлөлт, шинэтгэлийг хийх нь үйл ажиллагааны болон менежментийн их сорилттой тулгарна. Шинэтгэл хийх гээд одоо хийж байгаа зүйлээ зогсоож болохгүй. Атлантын далайг нисдэг тэргээр туулах гэж гараад агаарт хөөрч явахдаа онгоцныхоо хүчин чадлыг сайжруулах гэж оролдохтой адил. Яг л ийм том сорилт, бэрхшээлтэй та бүхэн нүүр тулаад байгаа гэж харж байна.
Зөвлөл нь өөрчлөлтийн менежментийн үед ямар сорилт бэрхшээлийг туулсан талаар саналаа хуваалцъя. 100 гаруй жилийн түүхтэй Канадын Төрийн албаны зөвлөл нь төлөвшсөн байгууллагууд нь туршлага ихтэй боловч шүүмжлэлд өртдөг заримыг нь сонсвол их танил сонсогдох байх. Төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалт удаан байх, хүний нөөц бүрдүүлэлт удаашралтай, төрийн албан хаагчийн хамгаалалт сул байх зэрэг шүүмжлэлийг бид 2000 оны үед мөн сонсож байлаа. Мэдээж ажил олгогч тал маш шуурхай хүнээ авч ажиллуулах сонирхолтой гэтэл хууль, журам, зарчим, босго өндөр үүнийг зөрчиж болохгүй.
Ээдрээтэй, нарийн төвөгтэй системд бие даасан байдлаа хадгалж ажиллаж байсныг та бүхэнд ойлгуулахын тулд “Зөөлөн ур чадвар” маш их хэрэг болно. Шинэтгэлийг дэмжигч улс төрчид хэрэгтэй. Дэмжлэг гэдэг нь хоосон үг бус үйл хэргийг хэлж байгаа юм.
Сургалтууд яг өнөөдрийнх шиг үйл ажиллагаа их чухал. Хяналт энэхүү өөрчлөлтийг дэмжихэд чиглэх ёстой бөгөөд үүнийгээ аудит, статикийн анализ, бие даасан судалгаа болон хүний нөөц бүрдүүлэлт хийх бүх л боломжийг хэлж байгаа юм. Эдгээр үйл ажиллагааг хийх төвлөрсөн нэгж болох танай салбар зөвлөлүүд яам, агентлагуудад идэвхитэй ажиллаж төвөөс буюу Төрийн албаны зөвлөлөөс энэ өөрчлөлтийг байнгын явуулах хүсэл эрмэлзэл байгаа нь их чухал” гэж онцоллоо.
Эх сурвалж: ULAANBAATAR.MN
Холбоотой мэдээ