Б.Мэргэн: Х.Нямбаатар сайд эрүүгийн эрх зүйн суурь ойлголтгүй байна

Хуучирсан мэдээ: 2020.09.26-нд нийтлэгдсэн

Б.Мэргэн: Х.Нямбаатар сайд эрүүгийн эрх зүйн суурь ойлголтгүй байна

“News” агентлаг өнгөрч буй долоо хоногт хийсэн ярилцлагуудаа багцлан хүргэж байна. Ярилцлагын зочдоор өмгөөлөгч Б.Мэргэн, УИХ-ын гишүүн асан С.Жавхлан, тээврийн жолооч Д.Халтархүү, МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч О.Амартүвшин нар оролцов.


Б.МЭРГЭН: Х.НЯМБААТАР САЙД ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙН СУУРЬ ОЙЛГОЛТГҮЙ БАЙНА

Өмгөөлөгч Б.Мэргэнтэй шүүх засаглал тойрсон асуудлаар ярилцлаа.

-Хөнгөн ялтай хүмүүсийг хорихгүй, гэрт нь цахилгаан гавтай хүмүүжүүлэхээр Эрүүгийн шинэ хуульд суулгаж өгсөн. Энэ зохицуулалт ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжинэ. Үүний үр дүнд гурван тэрбум төгрөг хэмнэж байгаа гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлсэн. Үнэхээр үр дүнтэй, хүндээ ч, эдийн засагтаа ч хэрэгтэй зохицуулалт болж чадах уу?

-Зорчих эрхийг хязгаарлах ялыг 2015 оны Эрүүгийн хуульд тусгасан байсан. Шинэ сэдэв биш. Монгол Улс  хоригдлын тоогоороо дэлхийд дээгүүр ордог. Ялангуяа 100 мянган хүнд оногдох хоригдлын тоогоор Азид хоёрт орсон байсан. Олон хоригдол тэжээх байр савнаас эхлээд төсөвт хүндрэлтэй учраас аль болох хорихоос татгалзах нь зөв. Шоронгоос гарч ирснийх нь дараа ажилд авдаггүй зэрэг нийгэм хүлээж авахгүйгээс зарим нь зориуд гэмт хэрэг хийж буцаж ордог гэдэг яриа хүртэл бий. Тэгэхээр гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэм, хамт олноос нь тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх, дахин хүмүүжүүлэх боломж бүрдүүлэх ялын сонголтууд хэрэгтэй. Хэрэг хийсэн этгээд шоронд хоригдсоноор нийгмээс улам холдож, тусгаарлагдах асуудал гардаг. Бусдаас муу үлгэр дуурайлал аваад гарч ирэх нь бий. Гэмт хэрэгт дахин татагдах нөхцөл нэмэгддэг. Тэгэхээр энэ төрлийн ял оноохыг дэмжиж байна. Зорчих эрхийг хязгаарлах ялыг дэлхийн олон оронд хэрэглэгдэг. Хорих, торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, эрх хасах гэсэн ялын таван төрөл үйлчилж байна.

Дэлгэрэнгүйг ЭНЭ линкээр орж унших боломжтой.


"ЧИХЭВЧНЭЭС БОЛЖ СОНСГОЛ БУУРВАЛ ЭМЧЛЭХ АРГА БАЙХГҮЙ"

Гудамжаар алхахад таван залуу тутмын гурав нь чихэвч зүүн алхана. Зөрөөд өнгөрөхөд хөгжмийнх нь дуу тод сонсогдож байхыг бодоход хамгийн чанга дээр нь тохируулчихдаг бололтой юм. Нийгмийн элдэв бухимдал, хэрүүл шуугианаас өөрийгөө тусгаарлаж, дуртай дуу хөгжмөө сонсоод, сэтгэл санаагаа сэргэлэн цовоо байлгана гэдэг нэг бодлын зөв ч гэсэн хэтийдсэн хэрэглээ рүү орохоороо өвчин болдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй, анзаардаггүй.  Тиймээс  олон цагаар чихэвчээр хөгжим сонсох нь ямар сөрөг үр дагавар дагуулдаг талаар “ЭМЖЖ" чих, хамар хоолойн эмнэлгийн эмч Б.Энхтуяатай ярилцлаа.

-Чихний  бүтэц болон сонсголын бууралтын тухай эхлээд мэдээлэл өгөхгүй юу?

-Чих гадна, дунд, дотор гэсэн гурван хэсгээс тогтоно. Гадна болон дунд хэсэг  нь дууны долгионыг цуглуулан сувгаараа цааш нь дамжуулах үүрэгтэй. Дунд хэсэгт сонсголын яснууд гэж нэрлэгддэг маш жижиг, алх, дөш, дөрөө гэсэн гурван жижиг яс байдаг. Дотор  хэсэг нь сонсголын захын эрхтэн бөгөөд түүний дунгийн дотор байрлах кортийн эрхтэн дууны долгионыг хүлээн авч сонсголын мэдээллийг цааш төв мэдрэлийн системийн төвд дамжуулснаар хүн дуу авиаг ялган таньж мэдэх үйл явц явагддаг.

Сонсголын бууралтыг  ерөнхийд нь дуу дамжуулах хэлбэрийн, мэдрэл сэрэхүйн гаралтай, дээрх хоёр шинжийг агуулсан холимог хэлбэрийн гэж ангилдаг. Чих гадна, дунд, дотор гэсэн гурван хэсгээс тогтоно гэж ярианы эхэнд дурдсанчлан  гадна, дунд чихний эмгэгийн үед дамжуулах хэлбэрийн  сонсгол бууралт үүсдэг. Үүнд  эмийн болон мэс заслын  эмчилгээ хийдэг. Харин дотор чихний эмгэгүүдийн үед дуу хүлээн авах хэлбэрийн буюу мэдрэл мэдрэхүйн гаралтай сонсгол бууралт үүсдэг.

Дэлгэрэнгүйг ЭНЭ линкээр орж унших боломжтой.


Д.ХАЛТАРХҮҮ: “ЛЕКСУС 570” МАШИНААС БУСДЫГ НЬ БАРЬСАН

Өдгөө 75 настай тээврийн жолооч мэргэжилтэй Д.Халтархүүтэй ярилцлаа. Түүний машин барьж буй зураг олон нийтийн сүлжээнд олны хайр хүндэтгэлийг татаад буй юм. Насаараа тээврийн жолооч хийсэн эмээгийн бага охинтой утсаар холбогдож, гэрт нь  очиж уулзав. Тэрбээр “Эмээ нь олны хөлд дарагдаад, зочин ихтэй байна. Өчигдрөөс хэвлэлийн хүүхдүүд холбогдож, надаас ярилцлага авна гээд бөөн юм боллоо” хэмээн ярьж угтлаа. Ингээд түүний ярилцлагыг хүргэе.

-Та сайхан намаржиж байна уу. Бие лагшин тунгалаг уу. Нас сүүдэр хэд хүрч байна?

-Сайхан намаржиж байна. Эмээ нь одоо 75 настай. Долоон  хүүхдийн ээж. Тэдний минь 17 ач, зээ бий. Тээврийн жолооч мэргэжилтэй. Хань минь бас тээврийн жолооч хүн байсан. Эмээ нь 1946 онд Завхан аймгийн Сантмаргац суманд төрж, өссөн хүн. Би 18 настайдаа жолооны курст сурч жолооч болсон. Тэгээд 1978 онд анх тээвэрт явж байлаа. Тухайн үед гуч гарсан байсан байх.

Анх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн хүнсний яаманд жолоочоор ажиллаж, улсын будаа тариа, хот хоорондын тээвэрт их явсан. Угаасаа Завханы хүн чинь тээвэр хийж байж нутагтаа очно шүү дээ. Одоо хэдэн хүүхдүүдийнхээ амьдралд тусалж, ач, зээгээ харж сууна.

-Олон нийтийн сүлжээнд таны машин барьж буй зураг тавигдсан байсан. Тэр өдөр ямар ажлаар явж байсныг тань сонирхож болох уу?

-Хүүхдүүд маань таны зураг фээсбүүкт тавигдсан байна гэж хэлсэн. Би тэр өдөр ач, зээгээ цэцэрлэгээс нь авах гээд машинаа зогсоолоос гаргаж байсан юм. Их хөөрхөн ааштай хүү, охин хоёр таарахаар нь “Эмээ нь настай хүн. Машиныг минь зогсоолоос гарахад хараад өгөөрэй” гэсэн. Тэгээд тэр хоёр хүүхдийг “Буян нь дэлгэрэг. Эмээгийнхээ насыг аваарай” гэж ерөөгөөд явсан. Тэгсэн нөгөө хоёр зургийг минь интэрнэтэд тавьчихсан байна лээ. Өчигдрөөс хойш хэвлэлийн хэдэн хүүхдүүд утсаар холбогдож, гэрт ирээд бүр од болж байна. Эмээ нь түмэн олондоо түшигтэй, эвтэй найртай явахыг эрхэмлэдэг хүн  дээ.

Дэлгэрэнгүйг ЭНЭ линкээр орж уншаарай.


“БАЙГААГАА БАРЬЦААЛАН ЗЭЭЛ АВЧ, БИЗНЕСЭЭ БОЙЖУУЛДАГ МАНАЙХ ШИГ УЛС ХОВОР”

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшинтэй ярилцлаа.

-МҮХАҮТ-ын 60 жилийн ой тохиож байна. Танхимын удирдлагууд амжилт, ололтоо тунгаан, цаашдын зорилтоо тодорхойлж байгаа байх. Танхимын өмнө ойрын үед тавигдаж байгаа зорилго юу вэ?

-Бидний амьдарч буй чөлөөт эдийн засгийн нийгэм төрийн зохицуулалт хамгийн бага оролцоотой, хувийн хэвшлийн идэвхтэй үйл ажиллагаан дээр тулгуурлан хөгжих ёстой. Тиймээс бизнесийн байгууллагын хамгийн том төлөөллийн хувьд Танхим улс орны эдийн засгийн өсөлтийг анхаарч, үүнд өндөр хувь нэмэр оруулж байх ёстой. Нөгөө талаар бизнес дэх төрийн зааг хязгаарыг зөв болгох, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг илүү сайжруулах нь бидний ойрын зорилт юм. Улс орны эдийн засгийг тэлэхийн тулд гадаад худалдааг дэмжих, гаднын хөрөнгө оруулалтыг дэмжих хамгаалах учиртай. Энэ чиг үүрэг Танхим дээр ногдож байна гэж боддог. Энэ бүгдийг хийж гүйцэтгэхийн тулд зорьж, чиглэж байгаа хэд хэдэн ажил бидэнд байна.

-Нэн тэргүүнд зайлшгүй хийх ямар ажил байна вэ?

-Юуны өмнө бид хууль эрх зүйн орчноо шинэчлэх зайлшгүй шаардлагатай тулгарч байна. Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл бэлэн болсон байгаа. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд МҮХАҮТ дэргэдээ Мэргэжлийн танхимуудтай болох заалт туссан. Мэргэжлийн танхимаар дамжуулан үйл ажиллагааныхаа засаглалын бүтцийг эрүүл болгох зайлшгүй шаардлага бий. Мэргэжлийн танхимтай болсноор Танхим бусад орны жишгийн дагуу хамгийн том, хамгийн гол шүхэр байгууллага болж хувирах юм.  Мөн ойрын хугацаанд бид уул уурхайн бус салбарын хөрөнгө оруулалтыг олон улсын хэмжээнд сурталчлан таниулах ажлыг хийхээр зорьж байна. Гаднын хөрөнгө оруулагч компаниуд Монгол Улсад үйл ажиллагаа явуулах гэхээр маш олон ойлгомжгүй зүйлтэй тулгарч байдаг. Тусгай зөвшөөрөл авах, бичиг баримт бүрдүүлэх гэх мэт цаг хугацаа, хүч зардаг энэ ажлуудыг Танхим тэдний өмнөөс хийж гүйцэтгэн, төрд гүүр болж ажиллах энэ үүргийг өөр дээрээ авч ажиллая гэж зорьж байна.

Дэлгэрэнгүйг ЭНЭ линкээр орж унших боломжтой.


Д.БАТ-ЭРДЭНЭ: ИРЦИЙН БОСГОГҮЙ УЧРААС СОНГУУЛЬ ДАХИХГҮЙ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгууль ирэх аравдугаар сарын 15-нд болно. Үүнтэй холбогдуулан сонгуулийн бэлтгэл ажил болон цаг үеийн асуудлаар Сонгуулийн ерөнхий хорооны Хууль эрхзүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

–Цар тахлын үед анх удаа УИХ-ын ээлжит сонгууль зохион байгуулсан. Одоо орон нутгийн сонгууль болоход сар хүрэхгүй хугацаа үлдсэн. Сонгуулийн бэлтгэл ажил хэр хангагдаж байна. Хүндрэл бэрхшээл байна уу?

-Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ) орон нутгийн сонгуулийг товлон зарласан цагаас эхлэн аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын төлөвлөгөө, сонгуулийн үйл ажиллагааны цаг хугацааны хуваарийг хуралдаанаараа батлан, төлөвлөгөөт ажлууд хийгдэж байна. Бүх аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороод нэр дэвшигчдээ бүртгэж дууссан.

Улсын хэмжээнд нийт 17100 орчим нэр дэвшигч бүртгүүлснээс 310  бие даагч байна. Дээрх нэр дэвшигчдийн нэрийг бичсэн саналын хуудсыг хэвлэх үйл ажиллагаа өнөөдөр (2020.09.25)-өөс эхэлнэ.

Саналын хуудсыг хэвлэхийн өмнө бүх аймаг нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороодын төлөөлөл саналын хуудас дээр бичигдсэн нэр дэвшигчдийн нэр зөв эсэхийг шалгасан. Үүнтэй зэрэгцээд СЕХ сонгогчийн бүртгэл, санал авах гээд сонгуулийн талаарх бүхий л тоо, мэдээллийг нягтлаж, шалгаж байна.

Дэлгэрэнгүйг ЭНЭ линкээр орж унших боломжтой.


С.ЖАВХЛАН: НАМАЙГ ДУУЛ ГЭЭД БАЙСАН, ОДОО ДУУЛЖ ӨГЬЕ

2020 оны улс төрийн сонгуулиас хойш нам гүмхэн амьдарч буй дуучин, УИХ-ын гишүүн асан С.Жавхлан “Монголоороо байгаасай” тоглолтоо энэ сарын 26-нд Төв цэнгэлдэхэд хийхээр болсон. Түүнтэй тоглолтын бэлтгэлийнх нь үеэр цөөн хором ярилцлаа.

-Улстөрч болсноосоо хойш анх удаа та бие даасан тоглолтоо хийх гэж байгаа нь таныг урлагийн салбартаа эргэн ирсний "зарлал" гэж ойлгож байна. Сэтгэгдэл мэдээж өндөр байгаа байх, бэлтгэлээ хэр хангаж байна вэ?

-Хоёр өдрийн өмнө тоглолтоо хийе гээд гэнэт шийдсэн. Миний тоглолт дээр үзэгчид бүгдээрээ сайхан хамтарч дуулаад явчихдаг юм. Хөл хорио ч тавигдлаа. Энэ сайхан Төв цэнгэлдэх хүрээлэнд  маш олон жил монголчууд наадмаа хийсэн. Энэ жил Төв цэнгэлдэхээ хоосон орхиод өнжүүлж болохгүй юм шиг  санагдаад тоглолтоо хийх гэж байна. Намрын налгар өдөр дуунд дуртай ард түмэн маань айраг, хуушуураа авчирч ирээд хамтдаа сайхан наадаж дуулъя гээд цочир шийдвэр гаргалаа. Цагаан сүлдээ зоож байгаад бид нааддаг шүү дээ. Энэ жил Монголын ард түмэн наадмынхаа дээл гоёлыг өмсч чадсангүй. “Монголоороо байгаасай” тоглолтод ирэхдээ дээлээ өмсөөд ирээрэй  гэж ард түмнээсээ хүсч байна.

-Үзэгчид заавал дээлээ өмсөх ёстой юу?

-Тусгаар тогтносон Монгол Улс байдаг юм шүү гэдгийг сануулж, "Монголоороо байгаасай" гэж дэлхийд орилж чаддаг юм шүү гэдгийг би харуулахыг зорьсон юм. Хүмүүс намайг дуулаач л гээд байдаг  щ. Ганцаараа тайзан дээр зогсч байвал ичмээр юм даа.

Дэлгэрэнгүйг ЭНЭ линкээр орж унших боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж