Монгол Улсад нефть-химийн салбарын суурь болох Газрын тос боловсруулах үйлдвэрийн эхний ээлжийн барилга угсралтын ажил эхлэхэд бэлэн болжээ. Тус үйлдвэрийн бүтээн байгуулалт Инженерчлэл, Худалдан авалт, Барилга-угсралтын дөрвөн багц хэсгээс бүрдэнэ. Эхний багц буюу “Технологийн бус барилга байгууламж, үйлдвэрийн талбайн дэд бүтцийн бэлтгэл ажил”-ыг хийх ерөнхий гүйцэтгэгчээр Энэтхэг улсын “JMC Projects” компани шалгарсан. Тус компани үйлдвэрийн талбайд Иргэний барилга байгууламж (Захиргааны байр, агуулах, засварын цех, гал командын байр, анхны тусламжийн төв, лаборатори, угтах байр), Ус хангамжийн систем, Талбайн дэд бүтэц зэрэг барилга байгууламжуудыг барих ажлыг гүйцэтгэх юм.
Өнөөдөр (2020.09.25) төсөл хэрэгжүүлэгч “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК, төслийн менежментийн зөвлөх “Engineers India Limited” болон “JMC Projects” компани ажил эхлүүлэх уулзалтgg цахимаар хийлээ. Тус уулзалтаар, ажлын аргачлал, зохион байгуулалт, ажил гүйцэтгэх, хянах нарийвчилсан төлөвлөгөөг талууд эцсийн байдлаар тохиролцов.
Уг бүтээн байгуулалтын ажил энэ оны дөрөвдүгээр сард эхлэх байсан боловч дэлхий дахиныг хамарсан "Ковид 19" цар тахлын улмаас хойшлогдсон юм.
“JMC Projects” компани http://www.jmcprojects.com 1982 онд байгуулагдсан, дэд бүтэц, эрчим хүч, аж үйлдвэр, барилга-угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 5000 орчим ажилтантай тус компани Энэтхэг болон бусад улс орнуудад бүтээн байгуулалтын 50 гаруй төслийг амжилттай хэрэгжүүлжээ.
Газрын тос боловсруулах үйлдвэр жилдээ 1.5 сая тонн дизель боловсруулж, 300-400 мянган тонн бензин, 100 мянган тонн шингэрүүлсэн хий үйлдвэрлэх хүчин чадалтай байх юм.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ