Зээлийн хүүг бууруулахын тулд 8 их наяд төгрөгийн хүүг тэглэх үү?

Хуучирсан мэдээ: 2020.09.25-нд нийтлэгдсэн

Зээлийн хүүг бууруулахын тулд 8 их наяд төгрөгийн хүүг тэглэх үү?

Зээлийн хүүг бууруулахын тулд 8 их наяд төгрөгийн хүүг тэглэх үү?

Зээлийн хүүг бууруулахын тулд Монголын арилжааны банкинд эргэлдэж буй 20 орчим их наяд төгрөгийн хадгаламжийн 8 их наяд төгрөгт хүү тооцохгүй байх зохицуулалт хийхээр холбогдох хуульд өөрчлөлт оруулахаар төслийг боловсруулжээ. Тодруулбал, Төв банкинд боловсруулагдаад буй Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай төсөлд хугацаагүй хадгаламж, харилцах хадгаламж хоёрт хүү тооцохгүй болох заалт туссан байна.

Төв банкны 2020 оны наймдугаар сарын статистик мэдээллээр арилжааны банкинд эргэлдэж буй хадгаламж эзэмшигчдийн 20 орчим их наяд төгрөгийн 11.76 их наяд нь хугацаатай хадгаламж бол 3.58 их наяд нь хугацаагүй, 4.64 их наяд нь  харилцах хадгаламж юм.

Одоогоор хугацаатай хадгаламжийн жилийн хүү 12, хугацаагүй хадгаламжийн жилийн хүү 4-5, харилцах хадгаламжийн хүү 3 хувь байгаа юм. Харин өндөр дүнтэй хадгаламж эзэмшигч нь нийт хадгаламж эзэмшигчийн 90 гаруй хувийг бүрдүүлдэг. Тэрбум тэрбумын өндөр хадгаламж эзэмшигч нь ихэвчлэн улстөрчид. Тэд хадгаламжаа хамгийн өндөр хүү амласан банкинд хугацаатай хадгалуулдаг.

УИХ-д суугаа хууль тогтоогчдоос УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар 22.9 тэрбум төгрөгийн хадгаламжтайгаар тэргүүлдэг бол УИХ-ын гишүүн Д.Өнөрболор 7.6 тэрбум, Ц.Мөнх-Оргил 5.6 тэрбум, Ц.Анандбазар 2.7 тэрбум, Сү.Батболд 2 тэрбум, Н.Учрал 1.3 тэрбум, Б.Дэлгэрсайхан 4.1 тэрбум, Ерөнхий сайд У.Хүрэлсүх 1.6 тэрбум төгрөгийн тус тус хугацаатай хадгаламжтай.

Боловсруулагдаад байгаа төсөлд хугацаагүй хадгаламж эзэмшигч болон харилцах хадгаламжид хүү тооцохгүйгээр тусгасан нь хуримтлалтай болохоор ядаж яваа иргэд, мөн бизнес эрхлэгчид хамгийн түрүүнд ширвэгдэх болж буй нь анхаарал татаж байгаа юм.

Учир нь УИХ өнгөрсөн наймдугаар сард Зээлийн хүүг бууруулах тухай стратегийг хэлэлцэх үед өндөр дүнтэй хадгаламжийн хүүг бууруулахад анхаарч ажиллах ёстой гэдэг санал санаачлагыг зарим улс төрийн намаас гаргаж байсан ч төсөл боловсруулагдах шатанд бага дүнтэй хадгаламжийг /хугацаагагүй хадгаламж эзэмшигч/ хүүгүй болгохоор тусгасан нь том хадгаламж эзэмшигч зүгээр сууж байгаад мөнгөн хөрөнгөө өсгөдөг хуучин бодлого нь үргэлжлэх дүр зургийг буулгаж буй.

Нөгөө талдаа банкны салбарт эргэлдэн эдийн засгаа тэтгэж байсан 8 их наядын мөнгөн хөрөнгө буцаад гудсан доор орох вий гэдэг болгоомжлол бий.

Харин эдийн засагчид болон банкирууд өөдрөгөөр төсөөлж байна. Тухайлбал, УИХ-аас хууль баталж, харилцах болон хугацаагүй хадгаламжийг хүүгүй болгосон нөхцөлд хадгаламжаа Засгийн газрын бонд руу шилжүүлж, хөрөнгийн зах зээлийг идэвхжүүлнэ гэж байр сууриа илэрхийлж буй. Мөн Монголоос бусад улсын арилжааны банк нь хугацаагүй хадгаламж, харилцах хадгаламжид хүү боддоггүй. УИХ-аас хуулийн төслийг дээрх зарчмаар баталсан нөхцөлд банкны зардлыг бууруулж, зээлийн хүүг бууруулахад тодорхой түлхэц болно гэж тайлбарлаж байна.

Төв банкнаас “Арилжааны банкны зээлийн хүүгийн 60 хувийг эх үүсвэрийн зардал эзэлдэг” гэж тайлбарлаж байгаа. Энэ нь хадгаламжийн хүүд төлж буй “зардал” гэж ойлгож болно.

Хадгаламжийн хүү тогтоход суурь болдог нэг хүчин зүйл нь зээлийн хүү. Өөрөөр хэлбэл, банк нь хадгаламж эзэмшигчдийн мөнгийг зээл болгон эдийн засагт гаргах замаар зөрүүн дээр ажилладаг. Өнөөдөр арилжааны банкны зээлийн хүү 16 хувь. 1992 онд зээлийн хүү 300 хувьтай тэнцэж байсан бол өнөөдөр 16 хувь болж буурсан нь өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн бодлогын үр дүн гэж үздэг.

Одоогоор УИХ-д өргөн баригдаагүй байгаа ч дээрх хуулийн төслийг эрх баригчид УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх чигтэй байгаа юм.

Л.ОЮУ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж