"Covid-19" халдварын тархалтын улмаас аялал жуулчлалын салбар хамгийн их хохирол амсч буйг салбарынхан хэлж байна. Аялал жуулчлал бол улирлын чанартай бизнес. Энэ салбарын бизнес эрхлэгчид өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас буюу үндсэндээ нэг жил ямар ч орлогогүй болж, эхнээсээ хаалгаа барьж байгаатай холбогдуулан Монголын аялал жуулчлалын холбоо (МАЖХ)-ноос өнөөдөр (2020.09.25) мэдээлэл хийлээ.
БИДЭНД ТӨРӨӨС ТОДОРХОЙ ХЭМЖЭЭНИЙ ДЭМЖЛЭГ ХЭРЭГТЭЙ БАЙНА
МАЖХ-ны Ерөнхийлөгч Д.ГАНТӨМӨР:
-Улсын онцгой комиссын шийдвэрээр долоон сарын турш хэрэгжсэн хорио цээрийн дэглэм есдүгээр сарын 21-нээс хэвийн горимд шилжиж байна. Энэ бүх хугацаанд аялал жуулчлал болон түүнийг дагалдах салбаруудаас өөр яг тэг зогсчихоод байгаа салбар тийм ч олон байхгүй. Гэсэн ч өнөөдрийг хүртэл манай салбарынхан эрсдлээ үүрээд, ажлын байраа хадгалж, ажилчдаа цалинжуулаад явж байна. Хэрэв ирэх жилийн долдугаар сард Токиогийн олимп хил нээх маш том шалтаг гэж үзвэл аялал жуулчлалын салбар 7-9 сар тэсэх шаарлага гарч ирнэ. Өнгөрсөн арван сарын хугацаанд тэсч ирсэн, цаашдаа тэсэх ямар ч боломжгүй. Энэ байдлаараа цаашид явах хэцүү, үнэхээр хүндрэлтэй нөхцөл байдалд орлоо. Учир нь бид цалингаа тавьж чадахгүй хүний нөөцөө алдахад хүрээд байна. Бид хүний нөөцөө хадгалж авч үлдэхгүй бол аялал жуулчлалын салбар устахад хүрнэ.
Цар тахлын хүнд энэ цаг үед засаг төр нь амандаа ус балгасан мэт чимээгүй байж болохгүй. Тиймээс бидэнд төрөөс тодорхой хэмжээний дэмжлэг хэрэгтэй байна. Тэр нь мэдээж хөнгөлөлттэй зээл тусламж.
Харин тэрхүү зээлийг бүх компанид хавтгайруулахгүй, тодорхой нөхцөл шаардлагаар олгох нь чухал. Хувийн хэвшлийн компаниуд өнгөрсөн хугацаанд ганц ч удаа гомдоллож, жагсаал тэмцэл хийж явсангүй. Харин ч нийгмийн хариуцлагаа хүлээж, тэвчээртэй хандаж ирсэн. Дээрх хүсэлтээ бид Ерөнхий сайд руу хүргүүлсэн. Мөн Ням гаригт салбарын сайдтай уулзаж, гарц гаргалгааг хамт хайх саналаа илэрхийлсэн.
Энэ жил хил хаасан учраас дотоодын аялал жуулчлал өндөр байна гэж албаныхан ярих боллоо. Гэхдээ бодит байдал дээр тийм биш. Монголын аялал жуулчлал 1990 оноос хойш өнөөдрийг хүртэл гурав дахь үетэйгээ золгож байна. Гадаадаас Монголд ирж байгаа ихэнх жуулчид адал явдлыг эрэн хайдаг, нүүдлийн соёлыг илэрхийлдэг хүмүүс байдаг учраас үүнийгээ дагасан үйлчилгээ явуулж эхэлсэн. Нөгөө талдаа дотоодын аялал нь амралт зугаалгын хэлбэрээр явдаг. Гадаадын аялал зогсохоор дотоодын аялал нь эдийн засгийн эргэлтэд орж чадахгүй байна. Гадны жуулчдыг авдаг жуулчны баазуудад дотоодын амрагчид үнэ өндөр гэх шалтгаанаар очдоггүй. Очсон ч үйлчилгээний наад захын соёл иргэдэд байдаггүй. Хүмүүс хамгийн түрүүнд гэр бүлээрээ аялахдаа хэрхэн хэмнэлттэй зардлаар явах вэ гэж боддог. Аялал жуулчлалын компаниудаас үйлчилгээ авахаар өндөр өртгөөр аялна гэж боддог. Үүнээс үүдэн аялал жуулчлалын салбар амь тавихад ойрхон байна.
МОНГОЛЧУУДАД АЯЛЛЫН БОЛОВСРОЛ ДУТАГДАЖ БАЙНА
МАЖХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн С.АЛТАНТУЯА:
-Монголын аялал жуулчлалын салбарт 574 жуулчны бааз бүртгэлтэй байдгаас 400 нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Гэвч жуулчин байхгүйгээс жуулчны баазууд хаалгаа бариад эхэлсэн. Жуулчны баазуудад амарч буй дотоодын аялагчдыг харахад аяллын боловсрол дутагдаж байгаа нь харагдсан.
Тухайлбал, жуулчны бааз дээр ирчхээд шөнөжингөө архидан, өглөө дараагийн ээлжийн хүмүүс орж ирэх гэхээр чөлөөлж өгдөггүй. Ажилтнуудыг үг хэлэхээр үл хүндэтгэдэг. Зөвхөн архиддаг газар мэт буруу ойлголттой явдаг.
Аялал жуулчлалын бааз нь мэргэжлийн түвшинд үйл ажиллагаа явуулдаг гэдгийг онцолж хэлмээр байна. Аялал жуулчлалын салбар нь хэвтээ тэнхлэгээр олон салбартай нягт холбоотой ажилладаг. Нэг жуулчин 10 ажлын байр бий болгодог гэх тоо байдаг. Энэ бол маш том тоо. Аялал жуулчлалын салбар нь өөрөө хүний нөөц дээр тулгуурладаг. Хүмүүс аялал жуулчлал гэхээр тур опературууд хэдэн гадаадын жуулчнаас мөнгө олоод байдаг юм шиг өрөөсгөл ойлголттой байдаг. Энэ дашрамд хэлэхэд “Ногоон зээл”-ийг аялал жуулчлалын салбарынхан авч чаддаггүй. Учир нь цаанаа 2-3 зээлтэй, эсвэл барьцаалах хөрөнгөгүй байх жишээний. Олон улсын туршлагаас харахад олон жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан аяллын баазуудад улсаас нь барьцаат зээл өгдөг юм байна лээ. Бид үүнийг л хүсч байна.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ