Олон улсын мэдээллийн “CNN” агентлаг Монголын баруун хязгаарын Баян-Өлгий аймагт оршин суух казах түмний бүргэдчин залуусын талаар онцолсныг орчуулан хүргэж байна.
Үнэгэн малгай өмсөж, баруун гар дээрээ бүргэд суулган, морин дээр шогшуулсаар ирэх залууг Женисбэк Цэрик гэдэг. Түүнийг бидэнд танилцуулахдаа манай хөтөч Төмөр “Түүний хөмсөг, хацрын ясыг нь хар. Бас хүчтэй, том биетэй байгаа биз. Охид түүнд унаж тусдаг юм” хэмээв.
Үнэхээр ч түүний гар дээрээ бүргэдээ суулган, морин дээр шогшуулсаар ирэх нь сүрлэг бөгөөд ямар нэгэн рекламны зураг авалт шиг харагдах аж. “Тийм шүү” хэмээн Төмөрийн эхнэр хацар нь бага зэрэг ягааран хариулав. “Надтай харьцуулбал?" гэж Төмөрийг асуухад эхнэр нь “Мэдээж Женисбэкийг сонгоно шүү дээ” гэж хариулан инээдэм, наргиа хийлээ. Женисбэкийг ойртож ирсний дараа царайг нь ажиглавал цаг агаарын хүйтэн ширүүн нөхцөлд арьс нь хөрслөг бор болсон ч Клинт Ийствүүдийн залуу насыг санагдуулам төрхтэй аж.
Женисбэк өөр дөрвөн бүргэдчиний хамт бидэн дээр ирэн ярилцлага өгч, зургаа даруулцгаав. Тэрбээр бусад бүргэдчин залуусаас толгой өндөр бөгөөд өргөн мөр, булчинлаг биетэй. Женисбэкийн нэрийг утгачлан орчуулбал “ган дайчин” аж. Женисбэк бол Монголын алслагдмал баруун аймаг Баян-Өлгийд амьдрах хагас-нүүдэлчин казах үндэсний өв уламжлалыг үргэлжлүүлэн авч яваа цөөн хүмүүсийн нэг юм. Өмнө нь Дубайд очиж, үзэсгэлэнд оролцож байсан нь сонирхол татлаа. Өдгөө 26 настай Женисбэк эхнэргүй боловч Казахстан, Дубайд тус бүр нэг байгааг оруулаад таван найз бүсгүйтэй хэмээн биднээр тоглоом наргиа хийх нь хөгжилтэй, нөхөрсөг нэгэн гэдгийг нь илтгэнэ. Тэрбээр Баян-Өлгий аймагт жил бүр зохиогддог Бүргэдийн баярт олон удаа түрүүлсэн бөгөөд нум сум харвааны мэргэн харваач аж.
Төв Азийн мартагдсан эзэнт гүрний үеэс эхлэлтэй бүргэдээр ан хийх уламжлал нь Чингис хааны үр хойчтой шууд холбогддог. Хожим XX зуунд Монгол Улс ЗХУ, Хятадтай хилээ тогтооход хэсэг казах үндэстнүүд эх орондоо буцаж чадалгүй суурьшин үлджээ. Тэд Монголын баруун хязгаарт хагас-нүүдэлчин амьдралын хэв маягаа хадгалан олон жилийн турш амьдарч, бүргэдээр ан хийх өв соёлоо хадгалан үлдсэн байна. Монголчуудын бахархал нь хурдан морины уралдаан байдаг бол казахчуудын хувьд бүргэдээр ан хийх аж.
Баян-Өлгий аймгийн төв Өлгий хотын захад “Алтан бүргэдийн баяр” анх 1999 онд зохион байгуулагдсанаас хойш уг наадам орон нутгийн болон гадаадын жуулчдын анхаарлыг ихээр татаж болжээ. Жилд ойролцоогоор гадаадын 800 жуулчин Бүргэдийн баярыг үзэж сонирхохоор Баян-Өлгийд ирдэг хэмээн Женисбэк хуучлав.
Арваас гуравдугаар сарын хооронд бүргэдчид бахархал болсон амьтдынхаа хамт сүрлэг уулсыг зорин ан ав хийдэг байна. Аравдугаар сарын эхээр Алтай казах Бүргэдийн баяр гэх багахан хэмжээний наадам Сагсайд болдог. Уг баярын үеэр 100 орчим бүргэдчин өөрсдийн ур чадвар, бүргэдийнхээ хүч чадлыг сорьдог уламжлал тогтжээ. Гэхдээ Монгол Улс нь одоогоор коронавирусийн цар тахлын халдвараас сэргийлэн хилээ хаасан байгаа юм. Гэсэн ч 2021 оны аравдугаар сард болох Бүргэдийн баярт зориулан жуулчдын компаниуд захиалга авч эхэлсэн байна.
Холбоотой мэдээ