Шийдвэр гүйцэтгэгчдийн өдөр тутмын үйл ажиллагаа болох төлбөр төлөгчийн хөрөнгө, орлогыг олж илрүүлэх, хөрөнгө битүүмжлэх, хураах, хураасан хөрөнгөнд үнэлгээ тогтоолгох гэх мэт албадлагын арга хэмжээнүүдийг тухай бүрт нь шийдвэр гүйцэтгэгч нар цахим бүртгэл давхар хөтөлж, бүртгэлийг Шийдвэр гүйцэтгэх албанд өдөр бүр цахимаар ирүүлдэг болжээ. Ингэснээр шийдвэр гүйцэтгэгч нар ажлаа аль аймаг суманд хэрэгжүүлж байгаагаас үл хамаарч зайнаас хянах, заавар, зөвлөгөө өгөх ажил илүү шуурхай болсон байна. Үүний үр дүнд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны нийт гүйцэтгэвэл зохих бодит биелэлт өмнөх онуудын мөн үеэс өссөн үзүүлэлттэй гарчээ.
Өндөр үнийн дүнтэй гүйцэтгэх баримт бичигт явуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эрчимжүүлэх ажлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2020 оны наймдураар сарын 5-ны өдрийн А/130 тоот тушаалаар, мөн Ерөнхий гүйцэтгэгчийн албан даалгавраар хүүхдийн тэтгэлэг төлөлтийг нэмэгдүүлэх, тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийгчдэд оногдуулах хариуцлагыг сайжруулах ажлыг тус тус эхлүүлээд буй юм байна.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх, шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийсэн төлбөр төлөгчид хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлэх хүрээнд УИХ-ын 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэ нэмэлт, өөрчлөлтөөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас зайлсхийсэн төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх албадлагын арга хэмжээг манай байгууллага хэрэгжүүлэхээр хуульчилсан.
Түүнчлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас зайлсхийсэн төлбөр төлөгчид эрүүгийн болон зөрчлийн хуулинд заасан хариуцлага оногдуулах арга хэмжээ авдаг. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 50 сая төгрөгөөс дээш хөрөнгө бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, эсхүл тэжээн тэтгэх үүргээ гурван сараас дээш хугацаагаар биелүүлээгүй нийт 1480 төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлжээ.
Зөрчлийн тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгчдээс 196 зөрчлийн холбогдогч болох төлбөр төлөгчид хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан торгож, нэг төлбөр төлөгчид хорих ял оногдуулах арга хэмжээ авсан байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий гүйцэтгэгч, хурандаа А.Намсамандын мэдээлснээр, хүүхдийн тэтгэлгээ гурван сараас дээш хугацаанд төлөөгүй төлбөр төлөгчийг Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 6-д зааснаар 30 хүртэл хоногоор баривчлах шийтгэл оногдуулдаг болжээ. Зарим цөөнгүй хүүхдийн тэтгэлэг төлөгчдийг энэ үндэслэлээр баривчлуулахаар холбогдох байгууллагад хандаад байгаа аж.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ