Цар тахлын аюул бидэнд огт хамаагүй юу?

Хуучирсан мэдээ: 2020.09.25-нд нийтлэгдсэн

Цар тахлын аюул бидэнд огт хамаагүй юу?

Цар тахлын аюул бидэнд огт хамаагүй юу?

Урд хөршөөс эхлэлтэй коронавируст халдвар цар тахлын аюул дэлхий дахиныг сандаргах болсноор монголчууд ч бас бужигналдсан. Хүн бүр хүнсээ нөөцөлж, эмийн сангуудаар амны хаалт, гар ариутгагч эрээд олддоггүй “эрдэнэ” болж, гудамж талбайд нус цэрээ хаядаг хүн ч ховордсон. Олон нийтийн гудамж талбайд амны хаалт зүүгээгүй нэгнээс цэрвэж, найтайсан бол адлах шахам байсан үе ард хоцорчээ.

Засгийн газар, УОК-ын шийдвэрээр есдүгээр сараас хичээл, сургуулийн үйл ажиллагааг эхлүүлж нийслэл олны хөлд дарагдаж буй. Үүнийг дагаад автобусны буудал, албан байгууллагын үүд, төв талбай, гудамжин дотор арзганатал шүлсээ хаяж, ил задгай нус цэрээ нийдэг хүмүүс ч хаа сайгүй тааралдах болжээ.

Хэрэглэсэн амны хаалтаа ч ил задгай хаях нь олширсон. Энэ нь агаар дуслын замаар дамждаг элдэв өвчин үүсэх шалтгаан болдог тул томуу, томуу төст өвчний улирлын үед коронавируст халдвар дэгдэхийг үгүйсгэх аргагүй. Хэдийгээр Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр иргэдийг амны хаалтаа зүү, гараа тогтмол угаа, зай барь хэмээн зөвлөж сануулсаар байгаа ч  иргэд чихнийхээ хажуугаар өнгөрүүлдэг мэт.

Амны хаалт зүүхээ хүн бүр мэддэг ч төрийн байгууллагуудаар масктай үйлчлүүлж буй. Харин гудамж талбайд маскаа зүүх эсэх нь ёстой л хувь хүний ухамсрын асуудал болж хувирсан. Гараа тогтмол угаах дадал ч бас монголчуудын хувьд тийм ч сайн биш.

Хүн амын дунд ердөө 42 хувь нь гараа тогтмол зөв угааж дадсан бол үлдсэн нь 10 секунд хүрэхгүй хугацаанд гараа угаах төдий болдгийг Эрүүл мэндийн яамныхан судалжээ. Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх дадал хандлагын талаар хүн амын дунд явуулсан судалгаагаар хүн амын 60 хувь нь амны хаалт зүүж дадсан ч банк, төрийн үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлэхдээ л маск зүүдэг бол олон нийтийн газар, гудамж талбайд амны хаалт зүүдэггүй нь хүмүүс захиргаадалт шаардлагаар маскийг хэлбэр төдий хэрэглэж дадсан болох нь харагджээ. Мөн төрийн байгууллагуудаар үйлчлүүлэхдээ хүмүүс зай барьдаг бол бусад үед огт зай барьдаггүй нь халдварт өвчний эрсдэлийг нэмэгдүүлж буйг эмч, судлаачид онцолсон юм.

Гар угаах дадлын тухайд хүн амын 42 хувь гараа зөв угааж хэвшчээ. Үлдсэн нь гараа угааж дадаагүй байна. Ажиглалтаар гарыг 20 секундээс доошгүй хугацаанд угаах ёстой ч ердөө 10 секунд хүрэхгүй хугацаанд угааж буй нь халдварт өвчнөөс өөрийгөө болон бусдыг урьдчилан сэргийлж чадахгүй гэсэн үг.

Энэ мэтчилэн коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, уг өвчний аюул бидэнд огт хамаагүй мэт аашилж байхад цар тахлын аюул одоо ч дэлхий дахиныг сандаргаж буй хэвээр байна. Манай улсад коронавируст халдварын нийт 313 тохиолдол батлагдсан нь цар тахлын аюул бидний өмнө байгааг сануулсаар байна. Ийм эгзэгтэй цаг үед цар тахал ард хоцорсон мэт хорио цээрийн дэглэм цуцлагдах төдийд тайвширч болохгүй гэдгийг ч дээрх батлагдсан тохиолдлууд хангалттай нотолж буй.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж