Талийгаач охины эгчийг шинжилгээнд хамруулжээ

Хуучирсан мэдээ: 2020.09.25-нд нийтлэгдсэн

Талийгаач охины эгчийг шинжилгээнд хамруулжээ

Талийгаач охины эгчийг шинжилгээнд хамруулжээ

“718” дугаар тоот хашаа. Энд хэдхэн хоногийн өмнө (2020.09.20) есөн настай охин гэр бүлийн хүчирхийллийн улмаас харамсалтайгаар амь насаа алдсан. Эмнэлгийн Яаралтай түргэн тусламжид дуудлага өгсөн ч харамсалтай нь тусламж авч амжилгүй нас барсан гэдгийг эх сурвалжууд мэдээлж буй. Тэрээр хашаанд байрлах гэрт хойд эцэг, ээж, эгч, дүүгийн хамт амьдардаг байжээ.

Хэрэг гарсан өдөр  ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан М.Мөнхшүр хэвлэлд мэдээлэхдээ “Есдүгээр сарын 20-нд 05.30 цагт уг дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух хаягтай, есөн настай охин гаднын нөлөөтэй нас барсан нөхцөл байдал тодорхойлогдсон. Цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Уг хэрэгт 36 настай Б буюу хойд эцгийг нь холбогдуулан, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Иргэн Б-д цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Цахим орчин, хэвлэл мэдээллээр яригдаж байгаа энэ хэрэг гэр бүлийн хүчирхийлэл эсэх, өмнө нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эсэхийг шалгалтын явцад тогтоох бүрэн боломжтой” гэж байв. 


ХОЁР ЖИЛИЙН ХУГАЦААНД ГУРАВ, ДӨРВӨН УДАА НҮҮЖЭЭ

Хашааны хаалга нь дотроосоо түгжээтэй. Гэрийн янданг буулгаж, өрхийг нь татаж битүүлээд, үүдийг нь цоожилжээ. Гудамжаар сургуулийн сурагчид, ганц нэгээрээ хөтлөлцөн, хичээлдээ яаран алхана. Энэ үеэр ойролцоох хашааны эмэгтэй хүүхдээ хичээлд нь явуулж байхтай тааралдав. Тэрбээр “Энэ айлд өдөр нэг хүн ирээд явсан. Ах, дүү нарынх нь нэг юм шиг байна лээ. Хашаан доторх байшинд нь хоёр ахмад настан амьдардаг юм. Тэдний хашааг нь түрээсэлдэг байсан гэсэн. Харамсалтай хэрэг гарсан талаар телевизийн мэдээ үзэж мэдсэн. Миний хувьд хүүхдүүдийг нь сайн мэдэхгүй. Энэ хавийн хүүхдүүд “Их хөөрхөн охин байсан” гэж ярьж байсан” гэв.

Тухайн гэр бүл Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд албан ёсны бүртгэлтэй боловч энэ хаяг дээрээ тогтвортой амьдардаггүй. Тус дүүргийн ес, 23 дугаар хороо гээд хоёр жилийн хугацаанд гурав, дөрвөн удаа нүүжээ. Ингэхдээ өөр, өөр айлын хашаа түрээсэлж, амьдардаг байж. Талийгаач охин хоёрдугаар ангид байхдаа 87 дугаар сургуульд сурч байсан бол дараа жил нь 79 дүгээр сургуульд, дөрөвдүгээр ангид орохдоо 87 дугаар сургуульдаа дахин шилжин ирж сурчээ.

Баянзүрх дүүргийн 23 дугаар хороон дээр очиход хорооны Засаг дарга эзгүй, хариуцсан нийгмийн ажилтан “Гадуур ажилтай яваа. Өнөөдөр ажил дээрээ ирж амжихгүй" гэв. Хорооны нийгмийн ажилтантай утсаар холбогдоход “Би өнөөдөр гадуур ажилтай, цагдаагийн хэлтэс дээр байна. Энэ хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа болохоор мэдээлэл өгөх боломжгүй. Одоогоор ямар нэгэн мэдээлэл өгөхгүй” гэлээ.

“ТАЛИЙГААЧ ОХИНЫ 12 НАСТАЙ ЭГЧИЙГ ШҮҮХ ЭМНЭЛГИЙН ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛСАН”

“Биднийг хэвлэл мэдээллийн байгууллагад янз бүрийн мэдээлэл өгч болохгүй гэсэн чиглэл өгсөн. Цагдаагийн байгууллага шалгаж буй хэргийн талаар урьдчилж мэдээлэл өгөх гэхээр буруу зөрүүтэй, ташаа, таамаг төдий мэдээлэл өгөх гээд байна. Биднийг тухайн гэр бүлийн гишүүдтэй уулзаж, сэтгэл зүйн зөвлөгөө өгч, нөхцөл байдлын үнэлгээ хийе гэхээр ар гэрийнхэн нь зөвшөөрөхгүй байна. Ээжийнх нь талын, ах, дүү нар нь гээд хүмүүс байгаа. Тиймээс тэдэнтэй  хамгийн ойр ажилласан сургуулийн нийгмийн ажилтан, багштай байнга уулзаж, мэдээлэл авч байна.

Хойд эцгийг нь цагдан хорьж, цагдаагийн байгууллагаас хэргийг шалгаж байна. Талийгаач охины 12 настай эгчийг шүүх эмнэлгийн шинжилгээнд хамруулж, биед нь ямар нэгэн бэртэл гэмтэл байгаа эсэхийг тодруулахаар ГССҮТ-д хандсан. Бид ойртож ажиллах гээд хичээж байгаа ч тухайн гэр бүл маань өөрсдөө татгалзаад байгаа учраас уулзаж чадаагүй. Мөн өмнө нь болсон гэр бүлийн хүчирхийллийн процессуудыг нэг бүрчлэн шүүж, шалгаж байна.

“АР ГЭРИЙНХЭН НЬ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ УУЛЗУУЛАХГҮЙ БАЙНА”

Манай байгууллагаас одоо жирэмсэн ээж, хөгжлийн бэрхшээлтэй эгч, дүү нартай уулзаж, үйлчилгээнд хамруулахыг хичээн ажиллаж байна. Эгч нь өөрийгөө илэрхийлж чадахгүй. Бид хэсгийн цагдаа болон холбогдох мэргэжилтнүүдээ дагуулан гэрт нь очихоор өөрсдөө тусдаа машинд хүүхдүүдтэйгээ яваад, бид машинынх нь араас дагаж явдаг. Ганцаарчилж уулзуулахаас татгалзсан. Өөрсдөө зөвшөөрөхгүй байгаа учраас тэдний ая байдлыг харж мэдээлэл авч байна” хэмээн дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батсайхан учирлав.

Мөн тэрбээр “Хэсгийн ахлагчаар дамжуулан албан ёсны хаягаараа хүүхдийн мөнгө, асаргаа сувилгааны тэтгэмж, хүнсний талоны үйлчилгээ бүгдийг авдаг байсан. Талийгаач охины эгч саажилттай" гэж хэлсэн юм.

“ШИНЖИЛГЭЭНИЙ ДҮГНЭЛТ ГАРТАЛ МЭДЭЭЛЭЛ ӨГӨХГҮЙ”

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дарга Г.Дагиймаа есдүгээр сарын 22-нд “Шинжилгээний дүгнэлт гараагүй байна. Дуудлагын дагуу бид хэргийн газарт очиж яаралтай задлан шинжилгээ хийсэн. Шинжилгээгээр гадна талд нүүр, духанд хуучин зулгаралттай. Дотор эрхтнийг шинжлэхэд хоёр талын хавирга хугарч, хуучин бороолсон шинжтэй. 12 хуруу гэдэс няцарсан шархтай.

Бүдүүн гэдэсний чацархайд шингэн хуралдсан. Урьдчилсан байдлаар хэвлийн гялтангийн хордлогоор нас барсан байх магадлалтай гэсэн онош гарсан. Үүн дээр бид лабораторийн шинжилгээ хийнэ. Гадаргуутай зүйлээр хүчтэй цохисон гэж урьдчилсан байдлаар үзэж байна” гэж мэдээлсэн билээ. Тэрбээр бидэнд мэдээлэл өгөхөөс татгалзаж, “Би хэргийн талаар өмнө нь Төрийн ордонд мэдээлэл хийх үеэр танилцуулж, ярьдгаа ярьсан. Шинжилгээний хариу ирэх долоо хоногт гарах байх” гэлээ.

Харин тус газрын дэд дарга “Шүүх эмнэлгийн шинжилгээний газраас гарсан шинжилгээний дүгнэлтийн талаар зөвхөн шинжээч томилсон эрх бүхий албан тушаалтан танилцуулах хуулийн заалттай. Тэгэхээр бид цагдаа, прокурорын байгууллагад шинжилгээний үр дүнг танилцуулна. Одоо лабораторийн шинжилгээнүүд хийж байна. Шинжилгээний нэгдсэн дүн 21 хоногийн дараа гарна” гэсэн юм.

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Манайхаас ажлын хэсэг гарч, энэ хэрэг дээр ажиллаж байна. Шинжилгээний дүгнэлт гартал мэдээлэл өгөхгүй” гэж нарийн бичгээрээ дамжуулан хэлүүллээ.

Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад “Одоо хэрэг мөрдөн шалгах ажиллагаа явж байгаа тохиолдолд прокурорын зөвшөөрлөөр мэдээлэл өгнө. Өөрөөр нэмэлт мэдээлэл өгөх ямар ч боломж байхгүй. Шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт 21 хоногийн дараа гарна” гэв.

А.СҮРЭН
Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
193
ХарамсалтайХарамсалтай
65
БурууБуруу
17
ГайхмаарГайхмаар
17
ТэнэглэлТэнэглэл
10
ХахаХаха
6
ХөөрхөнХөөрхөн
5
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж