Хөх ордноос өчигдөр (2020.09.24) баруун тэнгисийн хойд хэсэгт орших Суёнпён арал дээрээс чухал албан тушаалтан алга болж, БНАСАУ-ын нутаг дээр буудуулан амиа алдсан хэрэгт холбогдуулан умардын талыг эрс буруушааж, дорвитой хариу арга хэмжээ авахаа мэдэгджээ. Тэд умардын тал дээрх харгис үйл явдлын үнэн мөнийг олж, уучлал гуйх ёстой хэмээн үзсэн байна.
Хөх ордон “Hоёр Солонгосын харилцаа үргэлжлэх ёстой”гээд, том зургаараа хоёр улсын эв найрамдалтай харилцааг хэвээр үлдээнэ гэдгээ хэлсэн аж. Болсон хэрэг хэдий дэндүү харгис, хэрцгий боловч Мүн Жэ Иний засаглалын гол зорилго болсон энх тайвныг үгүйсгэж, өмнөх үеийнх шиг сөргөлдөөнд эргэн орох нь ухаангүй хэрэг билээ.
Хөх ордноос томилсон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн байнгын хороо харин дээрхээс илүү хатуу байр суурь илэрхийлжээ. Нэгдүгээрт, БНАСАУ хүн хулгайлж, биед нь ноцтой гэмтэл учруулж, буудан хөнөөсөн нь яавч зөвтгөх аргагүй хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг мөн хэмээн Хөх ордон тодорхойлсон байна. Мөн “БНАСАУ болсон явдлын бүх хариуцлагыг хүлээж, үнэнийг мэдээлэхийн зэрэгцээ буруутай этгээдийг хатуу шийтгэх ёстой. Манай засгийн газар умардын зүгээс манай иргэний аюулгүй байдалд аюул заналхийлсэн ямар ч үйлдэлд хариу барих болно” хэмээн мэдэгджээ.
Түүнчлэн Хөх ордны дээрх мэдэгдэл 2008 онд Гюмган ууланд жуулчин Принс Пак алуулснаас хойш 12 жилийн дараа энгийн иргэдийн амь насанд дахин аюул учирч байгааг сануулах шиг боллоо.
Болсон явдлын тухай хамгийн анх 23-ны өдөр сонссоныхоо дараа Мүн Жэ Ин “Хэрвээ энэ мэдээ үнэн бол ард түмэн маш их хилэгнэх болно” хэмээжээ. Мөн тэрбээр өчигдөр (2020.09.24) Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн байнгын хорооны мэдээллийг сонссоныхоо дараа ч “Аймшигт хэрэг гарсанд бид маш их эмгэнэж байна. Аль ч талаасаа бодсон энэ бол хүлээн зөвшөөрч боломгүй зүйл” хэмээн БНАСАУ-ыг буруутгажээ. Хөх ордны бусад ажилчид ч гэсэн хэрвээ БНАСАУ нөхцөл байдалд тохируулан зохистой загнахгүй бол ард иргэдийн уур хилэн дээд цэгтээ хүрнэ хэмээн таамаглацгааж байгаа аж.
Хэдий тийм ч Хөх ордон Солонгосын хойгт энх тайван тогтоох ерөнхий зарчмаа хэвээр хадгална гэдгээ илэрхийлсэн байна. Мөн Ерөнхийлөгч Мүн Жэ Иний НҮБ-ын ерөнхий ассемблей дээр хэлсэн үгтэй холбоотойгоор Хөх ордны сөрөг хүчний өндөр албан тушаалтан “Өдгөө ийм нөхцөл байдал үүссэн ч гэсэн дайныг албан ёсоор эцэслэх шийдвэр хэвээрээ юү?” гэсэн асуултад хариулжээ.
Тэрбээр нөхцөл байдлыг харгалзан үзэж “Ерөнхийлөгч дайныг албан ёсоор дуусгах ёстой хэмээн ярьсан. Гэтэл умардууд манай улсын иргэнийг хулгайлж, хэрцгийгээр хөнөөж байна. Яг энэ үед дайныг дуусгах нь хий дэмий тайвшрал авчрахаас хэтрэхгүй” хэмээн ярьжээ.
Үүнээс үзэхэд Мүн Жэ Иний хамгийн том ололт болох энх тайвны төлөө хийсэн ажлууд талаар болж, эрх мэдэл нь ганхаж, цаашлаад бүр огцрох ч аюул тулгараад байгаа бололтой.
Нэмж дурьдахад, энэ сарын 23-ны өдөр буюу тагнуулынхан БНАСАУ-д болсон явдлыг мэдээлсний дараа зохион байгуулагдсан генералуудын тушаал дэвшсэн ёслолын өдөр Мүн Жэ Ин “Энх тайвныг цогцлоох нь дардан замтай биш, заримдаа зогсож, тэр байтугай заримдаа ухрах ч үе тааралдана” хэмээн ярьжээ.
Болсон явдлыг эргэн сануулбал, БНСУ-ын Далайн эрэг, загас агнуурын яамны загасны аж ахуйн гүйцэтгэх ажилтан 47 настай А гэгч Суёнпён арал дээрээс энэ сарын 21-ний өдөр алга болсон билээ. Гэвч харамсалтай нь тагнуулынхны мэдээлснээр ноён А зургаан цагийн дараа буюу 21:40 цагт БНАСАУ-ын цэргүүдэд буудуулан нас баржээ. Түүнээс хойш 22:11 цагийн үед хамгаалах хувцас хэрэгсэл өмссөн цэргүүд А-гийн бие дээгүүр түлш асгаж байгаад шатаан далайд хаясан байна. А-гийн цогцос түүнээс хойш 40 минутын турш шатсан бөгөөд түүний цогцсыг шатаасан шалтгаан нь цар тахлаас айх айдас байсан байж болзошгүй хэмээн албаныхан таамаглаж байгаа юм.
Эх сурвалж: YONHAP
Холбоотой мэдээ