Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгууль ирэх аравдугаар сарын 15-нд болно. Үүнтэй холбогдуулан сонгуулийн бэлтгэл ажил болон цаг үеийн асуудлаар Сонгуулийн ерөнхий хорооны Хууль эрхзүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
–Цар тахлын үед анх удаа УИХ-ын ээлжит сонгууль зохион байгуулсан. Одоо орон нутгийн сонгууль болоход сар хүрэхгүй хугацаа үлдсэн. Сонгуулийн бэлтгэл ажил хэр хангагдаж байна. Хүндрэл бэрхшээл байна уу?
-Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ) орон нутгийн сонгуулийг товлон зарласан цагаас эхлэн аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын төлөвлөгөө, сонгуулийн үйл ажиллагааны цаг хугацааны хуваарийг хуралдаанаараа батлан, төлөвлөгөөт ажлууд хийгдэж байна. Бүх аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороод нэр дэвшигчдээ бүртгэж дууссан.
Улсын хэмжээнд нийт 17100 орчим нэр дэвшигч бүртгүүлснээс 310 бие даагч байна. Дээрх нэр дэвшигчдийн нэрийг бичсэн саналын хуудсыг хэвлэх үйл ажиллагаа өнөөдөр (2020.09.25)-өөс эхэлнэ.
Саналын хуудсыг хэвлэхийн өмнө бүх аймаг нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороодын төлөөлөл саналын хуудас дээр бичигдсэн нэр дэвшигчдийн нэр зөв эсэхийг шалгасан. Үүнтэй зэрэгцээд СЕХ сонгогчийн бүртгэл, санал авах гээд сонгуулийн талаарх бүхий л тоо, мэдээллийг нягтлаж, шалгаж байна.
-2016 онд УИХ-ын болон орон нутгийн сонгууль хамтдаа явагдсан. Харин энэ удаагийн орон нутгийн сонгууль бие даасан хуулиар зохион байгуулагдаж буй. УИХ-ын сонгуулиас орон нутгийн сонгууль юугаараа онцлогтой вэ?
-Өмнө нь УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгууль хамт зохион байгуулагддаг байхад аймаг, нийслэлд нэр дэвшиж байгаа хүн УИХ-д нэр дэвшиж байгаа хүнтэй хамт сонгуулийн сурталчилгаа нь зэрэгцээд явагдахаар учир дутагдалтай байсан. Угаасаа аравдугаар сард сум, дүүргийн сонгууль явагддаг учраас орон нутгийн сонгуулийг цогцоор нь нэг дор явуулсан нь зөв юм байна гэсэн шийдэл гарсны үр дүнд шинэ хуультай болсон. Энэ удаагийн орон нутгийн сонгуулиар орон нутгийн сонгогчийн тухайд аймаг, сумынхаа, харин нийслэлийн сонгогчийн тухайд нийслэл, дүүргийнхээ гэсэн хоёр шатны хурлын төлөөлөгчөө сонгоно.
Сонгуулийн тойрог бүрт ногдох мандатын тоо нь тухайн нутаг дэвсгэрийн хүн амын тоо, газар нутгийн хэмжээ, байршил зэргээс хамаараад харилцан адилгүй тогтоогддог. Нийслэлийн хувьд 23 тойрог, аймгуудад 545 тойрог, нийтдээ 568 тойрог байгуулагдсан. Эдгээр 568 олон мандаттай тойргоос 816 төлөөлөгч сонгогдоно. Харин дүүргийн 152 тойрог, сумдын 1634 тойрог байгуулагдаж, сум, дүүргийн нийт 1786 олон мандаттай тойргоос 7339 төлөөлөгч сонгогдоно.
–2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр батлагдсан хуулиар орон нутгийн сонгуулийн сонгогчдын ирцийг босгогүй байхаар тогтсон. Ингэснээр иргэд сонгуулиа өгөхгүй хойш суух магадлалтай. Ер нь сонгууль ирцийн босгогүй болохын эерэг, сөрөг үр дагавар юу вэ?
-Орон нутгийн сонгууль аравдугаар сард зохион байгуулагддаг учраас малчид өвөлжөө рүүгээ нүүх зэрэг асуудал давхацдаг учраас ирц буурдаг гэдгийг нуухгүй. Өөрөөр хэлбэл, бага ирцтэй сонгуулиас сонгогдон гарч ирсэн төлөөлөгч нь нийт иргэд сонгогчдын төлөөлөл болж чадах эсэх асуудал яригдана гэсэн үг. Иймээс СЕХ энэ асуудалд онцгой анхаарч ажиллаж байна.
Хэдийгээр хуулийн зохицуулалт нь ийм ч гэсэн сонгогчид өөрсдөд нь ногдож буй өндөр хариуцлага, сонгогчдод итгэл хүлээлгэж байна гэж ойлгож хүлээн авах нь зөв байх. Орон нутгийн сонгуульд ирцийн босго тавиагүй ч бүх шатны сонгуулийн хороод сонгогчдын сонгуульд идэвхтэй оролцуулах тал дээр онцгой анхаарч ажиллаж байна.
7-20 ЦАГ ХҮРТЭЛ СОНГОГЧИД САНАЛАА ӨГНӨ
-Орон нутагт сонгогчдын ирц хүрэхгүй тохиолдолд нэмэлт санал хураалт явуулахгүй гэсэн үг үү?
-Ирцийн босго тавиагүй учраас байгаа ирцээрээ хүчинтэй байна гэсэн үг.
–Орон нутгийн сонгуулийн санал хураалтын цагийн наашлуулсан байсан. УИХ-ын сонгуулийн үеэр санал хураалт 22.00 цагт хаагдсан. Яагаад наашлуулах болсон юм бэ?
-Сонгуулийн санал авах өдөр буюу аравдугаар сарын 15-ны өдрийн өглөөний 7-20 цаг хүртэл сонгогчид өөрийн харьяа санал авах байрандаа очиж саналаа өгнө. Санал авах цагийг Улаанбаатарын цагаар тооцохоор хуульд заасан. Тэгэхээр цагийн зөрүүтэй баруун аймгууд үүнийг бас тооцоолох шаардлагатай болсон.
–Анзаараад байхад иргэд орон нутгийн сонгуульд ач холбогдол өгөх нь бага байна. Нас тогтсон хүмүүсийн хувьд цагаан сонголт хийнэ гэж байгаа бол залуучууд дүүрэгтээ нэр дэвшиж буй төлөөлөгчдөө ч танихгүй байна. Тэгэхээр нэр дэвшигчдийг танилцуулах, сонгогчдод тодорхой мэдээлэл өгөх үүднээс СЕХоос хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?
–СЕХ–ны мэдээлэл судалгаа хариуцсан хэлтэс дээр сонгогчдын ирц оролцоог нэмэгдүүлэх, саналаа тэмдэглэх заавар, хууль тогтоомжийн өөрчлөлттэй холбоотой мэдээллүүдээр хангах төлөвлөгөө гарсан. Үүний дагуу телевиз, радио бусад хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Хэвлэл мэдээллийн байгууллага болон төрийн бус байгууллагуудтай хамтран залуучуудын ирц оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн идэвхжүүлэлтийн арга хэмжээ авахаар төлөвлөж байна.
Иргэд СЕХ-г сонгууль дөхсөн үед л сонгогчид руу хандсан үйл ажиллагаа явуулахгүйгээр бусад жилүүдэд ч гэсэн тогтмол сонгогчдын боловсролд зориулсан үйл ажиллагаа явуулах ёстой гэлцдэг. Мэдээж үүнтэй санал нэг байна. Дэлхийн бусад улс орнуудын хувьд сонгуулийн төв байгууллага нь дэргэдээ сонгогчдын боловсролын үйл ажиллагааг тогтмол явуулахад чиглэсэн тусдаа нэгж төвтэй байдаг.
Харин СЕХ-д ийм төв байхгүй. Тиймээс дэргэдээ сургалт, судалгаа мэдээллийн төвтэй болох шаардлагаа УИХ-д хүргүүлсэн.
-Сонгуулийн зардалд хичнээн төгрөг зарцуулж байна вэ?
-16.5 тэрбум төгрөг зарцуулна. Ерөнхийдөө сонгууль зохион байгуулалтын үйл ажиллагааны төсвийн ихэнх зардал саналын хуудас хэвлүүлэх, сонгуулийн үйл ажиллагаанд оролцож байгаа төрийн албан хаагчдын урамшуулалд зарцуулагддаг. Одоогоор зөвхөн СЕХ дээр 22 мянган орчим төрийн алба хаагч ажиллаж байна. Үүнээс гадна цар тахлын үед сонгууль зохион байгуулагдаж байгаа учраас цагдаа, онцгой, эмнэлгийн байгууллагын ажилчид нэмэлтээр ажиллана. Тэгэхээр зардал ч нэмэгдэнэ гэсэн үг.
-Сонгогчдод анхааруулах, сануулах зүйл юу байна?
-УИХ-ын сонгуульд тухайн тойрог нь хэдэн мандаттай байна тэр тоогоороо нэр дэвшигчдийг дугуйлж байсан. Харин энэ удаагийн сонгуульд мандатын тооноос илүү дугуйлж болохгүй. Тухайлбал, гурван мандаттай тойрог дээр дөрвөн мандат дугуйлвал санал тоолох төхөөрөмж уншихгүй.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ