Сүүлийн жилүүдэд ОХУ-ын улаанбуудайн тариалалт жилээс жилд нэмэгдэж, дэлхийд тэргүүлэх байр сууринд гарч ирлээ хэмээн Bloomberg агентлагаас гаргасан тайланд мэдээлжээ.
Уг тайланд дурдсанаар сүүлийн 20 жилийн дотор Орос улс улаанбуудай импортлогч орноос экспортлогч орон болж, одоо дэлхийн улаанбуудайн нийлүүлэлтийн 20%-ийг хангах болсон байна. Дэлхийн 100 гаруй улс ОХУ-аас улаанбуудай импортолж байна. Ойрын хөрш улс орнууд төдийгүй Египет, Филиппин, Саудын Араб, Алжир, Турк, Бразил, Танзани, Вьетнам зэрэг Ази, Африк, Латин Америкийн орнууд импортолж байгаа юм.
"Оросын улаанбуудайн тариалалт үлэмж нэмэгдэж, тэр чинээгээр экспорт өсч байна. Орос улс ч улаан буудайн экспортоо нэмэгдүүлэхэд ихээхэн чармайлт гаргаж байна” хэмээн Их Британийн CRM AgriCommodities компанийн захирал Жеймс Боулсворт хэлсэн байна.
Сүүлийн жилүүдэд Алжир, Саудын Араб, Турк, Бразил, Вьетнам, Танзани улсууд Оросоос улаанбуудай ихээр импортолж байгаа юм. Энэ 2020 онд Орос улс 37 сая тонн улаанбуудай экспортлох тооцоотой байна. Ингэснээр дэлхийн улаан буудайн зах зээлд ноёлж байсан АНУ болон Европын холбооны байр суурийг ОХУ эзэлж эхэлнэ. Тайланд дурдсанаар ойрын үед энэ зах зээлд Оростой өрсөлдөх боломжтой улс нь Канад, Австрали ажээ.
Орос улс улаанбуудайн экспортын орлогын ихэнхийг сайн чанарын бордоо, шинэ дэвшилтэт техник, технологид хөрөнгө оруулж байгаа нь энэ салбарын хөгжилд нөлөөлж байна гэж тайланд дүгнэсэн байна. Мөн үнийг бодлогод нөлөөлөх зорилгоор үр тарианы агуулах хангалттай хэмжээгээр барьсан нь нөлөөлжээ.
Холбоотой мэдээ